Японы бизнесменүүд цалингийн нэмэгдлээрээ өрсөлдөнө
Токияши Хидэ Японы нийслэл Токио хотод Англи хэлний багшаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түүний цалин төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нэмэгдэж, амьдралын зардал өссөн учир тэрбээр ном бичиж нэмэлт орлого олохоор шийджээ.
Энэ тухайгаа 54 настай Токияши “Гурван жилийн өмнөөс ном бичиж, түүнийгээ худалдаалан нэмэлт орлого олж эхэлсэн нь хамгийн зөв алхам байв. Хэрэв тийм шийдвэрийг тухайн үед гаргаагүй бол 30 жилийн өмнөх цалингаа авсан хэвээр байх байлаа” хэмээн “CNN”-д ярьжээ.
Хэдийгээр Япон дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон боловч дэлхийн бусад улсын адил үнийн өсөлтөд “дарлагдаж”, амьдралын чанар муудах, компаниудын татварыг нэмсэн улс төрийн дарамт гэсэн олон асуудалтай нүүр тулаад байна. Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бизнесийн байгууллагуудыг амьдралын өртөг нэмэгдсэн үед ажилчдаа дэмжин ажиллахыг уриалсан юм. Мөн инфляцын түвшин өндөр үед компаниудыг их хэмжээний татвар төлөхийг шаардсан юм.
Японы одоогийн үнийн өсөлт Америк болон Европын орнуудтай харьцуулахад бага боловч Японы 41 жилийн түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа юм. Энэ талаар Токиод төвтэй “Moody’s Analytics” төвийн ахлах эдийн засагч Стефан Ангрик “30 жилийн хугацаанд бидний цалингийн хэмжээ үнийн өсөлттэй уялдан нэмэгдсэнгүй. Харин ч бодит цалингийн үнэ цэн маш хурдацтай буурч байна” гэв.
Японы хөдөлмөрийн зах зээлийн нэг онцгой соёл нь цалингийн тогтвортой байдал юм. Ихэнх ажил олгогч эдийн засгийн байдал тогтвортой үед цалингаа нэмэхдээ няхуур хандаж, нөхцөл байдал хүндэрсэн үед ямар нэгэн цомхотгол хийхгүй, цалин бууруулахгүйгээр тогтвортой ажиллуулахыг зорьдог.
Цалинг жилд гурав ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх нь Кишидагийн Засгийн газрын үндсэн зорилт болоод байна. Кишида илүү үр дүнтэй арга хэмжээ авахын тулд цалингийн тогтолцоогоо өөрчлөхөөр төлөвлөж байна. Тодруулбал, тэрбээр бүтээмжийг дагаж цалин нэмэгддэг тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Ройтерс агентлагийн нэгдүгээр сард явуулсан санал хураалтаар Японы томоохон байгууллагуудын талаас илүү хувь нь энэ онд цалингаа нэмэхээр болжээ. Тэдний нэг нь Японы ус, ундаа болон уух зүйлсийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Suntory” компани юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Такеши Нинамигийн мэдээлж байгаагаар 7000 ажилтынхаа цалинг зургаан хувиар нэмэхээр болсон байна. Үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцсоны эцэст ийм шийдвэр гаргажээ. Энэ нь бусад бизнесийн байгууллагуудад үлгэр дуурайлал болно гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)
Сэтгэгдэл