А.ӨЛЗИЙДЭЛГЭР: АМ.ДОЛЛАРЫН БОДЛОГЫН ХҮҮ КОВИДЫН ӨМНӨХТЭЙ АДИЛ ТҮВШИНД ОЧВОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛОМЖТОЙ
Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.
-Долларын ханш 3500 төгрөг даваад удлаа. Цаашид яахаар байна. Сайн, муу ямар таамаг байна вэ?
-Ер нь долларын ханш үргэлжлэн суларна. Яагаад гэвэл эрэлт нь нийлүүлэлтээсээ өндөр болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирж байгаа валютын хэмжээ нь гарч байгаагаасаа бага байна гэсэн үг.
Монгол Улс зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс л доллар олж ирж байгааг бүгд мэднэ. Энэ нь монгол хүний хэрэглээнээс өндөр байна. Бид хоол хүнс, хувцас хунар, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлийг гаднаас худалдаж авч байгаа болохоор нүүрс зэсээ зараад олж ирсэн доллараа буцаагаад импортын худалдан авалтад ашиглаад байна. Өөрсдийн дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас тэр шүү дээ. Орж ирсэн доллараа тогтоох үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор долларын эрэлт нь нийлүүлэлтээсээ ямагт өндөр байдаг. Монгол Улс импортыг орлосон үйлдвэрлэлтэй, эсвэл өөр салбарт экспорт хийж байж долларын орох урсгалыг нэмэгдүүлснээр төгрөгийн эсрэг сулрах нөхцөл байдал бүрдэх юм.
-Долларын ханшийг тогтвортой барихад Засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хүүгийн түвшинг нам дор байлгах гол хүчин зүйл нь валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх буюу экспортыг өсгөхөд анхаарах шаардлагатай. Засгийн газрын гол хийх ёстой ажил бол уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Бусад улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахуйц салбарыг олж, нээгээд тэрийгээ дэмжсэнээр экспортоо өсгөх шаардлагатай байна. Нөгөө талаасаа импортыг орлох үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлмээр байна. Хэрэв импортыг орлох бүтээгдэхүүн бий болбол гадагшаа гарах ам.долларын урсгал буурна. Энэ тохиолдолд гадаад валютын эрэлт буурах, валютын ханш тогтворжих боломжтой.
-Ингэхэд доллар ямар тохиолдолд 2000 төгрөгтэй тэнцэх вэ. Тийм боломж байна уу?
-Монгол Улс экспортлогч улс болох юм бол валютын ханш чангарна. Одоо бид эсрэгээрээ бүх зүйлийг гаднаас худалдаж авч байгаа. Тэгсэн хэрнээ гаднаас орж ирдэг доллар нь зөвхөн уул уурхайгаас болохоор долларын ханш 2000 төгрөг болох нь үнэхээр хүнд асуудал л даа.
Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлт, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийж байгаа. Том зургаараа долларын ханшийг буулгахад нөлөөлж чадах уу. Ийм том бүтээн байгуулалтууд өрнүүлсний үр дүн, өгөөж нь ингэж илрэх ёстой биз дээ?
-Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа нь мэдээж хэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмтэй. Гэхдээ одоогийн барьчихаад байгаа төмөр замууд нь Хятадын хилтэй холбогдоогүй. Яг хил хүрээд зогсчихсон. Өнөөдрийг хүртэл хийсэн энэ хөрөнгө оруулалт бүрэн үр дүнгээ өгөөгүй байна гэсэн үг. Хятадын хилтэй төмөр замаараа холбогдоод тэрүүгээр нь нүүрс, зэс, жонш зэрэг урагшаа гарсны дараа одоогийн хөрөнгө оруулалтууд үр өгөөжтэй болно. Тэгэхгүй л юм бол ямар ч үр дүнгүй, зүгээр л говьд төмөр зам барьчихаад тэрийгээ ашиглахгүй болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын бодлого экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх шаардлагатай байна. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээнд үр дүн гаргаж байгаа ч гэсэн санасан шиг уул уурхайн экспортын дүнг нэмэгдүүлж чадахгүй байна.
-АНУ оны өмнөхөн бодлогын хүүгээ ойрын хугацаанд буулгахгүй гэж мэдэгдсэн. АНУ-ын Төв банкны бодлогын хүү бидэнд яаж нөлөөлдөг юм бэ?
-Ам.доллар Монгол Улсад гэлтгүй бусад орнуудын валютын эсрэг чангарчихаад байгаа. Доллар яагаад дэлхий нийтийн эсрэг чангараад байна вэ гэхээр бодлогын хүү өссөнтэй холбоотой. Долларын хадгаламж, хөрөнгө оруулалт хийснээр өндөр өгөөж хүртэх боломж нь бий болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр дэлхий нийтээр доллар руу шуурснаас болж эрэлт нэмэгдээд тухайн улсын валют сулардаг. Тэгэхээр ам.долларын хүү өндөр байх тусам төгрөгийн ханш суларна гэж ойлгох хэрэгтэй. Ойрын хугацаанд ам.долларын хүү буухгүй гэж АНУ-ын төв банкнаас мэдэгдсэн болохоор төгрөгийн ханш тогтвортой байхад улам хэцүү болно гэсэн үг. Эсрэгээрээ ам.долларын хүү ковидын өмнөхтэй адил хэт нам түвшинд очих юм бол төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой. 2020 оны үед 1.6 жилийн хугацаанд долларын ханш 2850 төгрөг дээр тогтвортой байж чадсан. Үүний гол шалтгаан бол тэр үед ам.долларын бодлогын хүү 0.25 хувь байсан. Харин одоо 4.75 хувь болж өссөн байгаа. Тиймээс доллар руу шуурах хүмүүсийн идэвх хүүгийн хувь хэмжээнээс болоод өндөр байгаа нь ханшид сөргөөр нөлөөлөөд байна.
-Ер нь ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулж, төгрөгийн үнэгүйдлээс хамгаалах вэ?
-Ерөөсөө л төгрөгийг хамгаалах нь төв банк гэхээс илүү Засгийн газрын хариуцсан ажил байгаа. Тэгэхээр нөгөө л яриад байгаа экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох хэрэгтэй байна. Дээрээс нь 2012 оноос хойш Засгийн газрын зүгээс бондыг ам.доллараар гаргаад явж байгаа. Үүний хүүгийн болон үндсэн бондын төлбөрт гээд валютын зах зээлд дарамт оруулж ирдэг. Нүүрс, зэсээ зараад валют олж ирчихээд зөрүүлээд хувцас хунар, машин техник гээд бүх хэрэглээгээ гаднаас худалдаж авч байгаа. Нэмээд бондын төлбөр гээд ханшид дахиад дарамт орж ирээд байна. Тэгэхээр бондын өрөө бууруулах хэрэгтэй байна. Эсвэл өндөр өр тавьж олсон мөнгөөрөө ирээдүйд экспортыг нэмэгдүүлэх салбарт хөрөнгө оруулах ёстой. Тэр нь буцаад үр өгөөжөө өгч, өр зээлээ ашигтайгаар дардаг байж болох юм. Гэтэл энэ хоёрын аль аль нь хэрэгжихгүй байна. Хөрөнгө оруулалт нь өгөөж муутай. Дээрээс нь зээлийн дүн, бондын төлөлтийн хүү нь ч буурахгүй, үнэ өсөөд яваад байгаа болохоор төгрөгийн ханш үнэгүйдээд байна л даа.
-Бидэнд уул уурхайгаас гадна доллар олох ямар боломжууд байна вэ?
-Дэлхийн зах зээлд монголчуудын үнэ хүргэж зарж чадах зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний бүтээмж, ур чадвар дэлхийд үнэлэгдэж чадахгүй байгаа учраас л тэр шүү дээ. Газрын тос, алт, зэс, нүүрс гээд үнэт метал бол биднийг байсан байгаагүй дэлхийн хаана ч борлогдох үнэ цэнэтэй. Яг монгол хүний ур чадвараар бий болсон бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй учраас тэр нь дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахгүй байна. Тиймээс дэлхийд тоож байгаа ганц уул уурхайн салбараа зараад амьдарч байгаа хүмүүс шүү дээ, бид. Нөгөө талаар экспортыг дэмжиж, импортыг бууруулахад монгол хүний боловсрол, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх ёстой. Ингэж чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн гаргадаг, эсвэл монгол хүнийг тоож ажиллуулдаг болно. Үүнийг дагаад валютын урсгал ч нэмэгдэнэ.
-Алт, хүдэр, зэс, нүүрс гээд гадагшаа гаргаж байгаа эрдэс баялгийнхаа орлогыг төв банкаар дамжуулдаг болбол долларын нөөц нэмэгдэж, ханш нь буурах юм биш үү. Ер нь Оюу толгой зэрэг стратегийн том ордуудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо зэрэг төв банкаар дамждаг болбол манай улсын эдийн засаг тэлэх боломжтой гэдэг шүү дээ. Энэ тал дээр ямар шийдэл байж болох вэ?
-Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого арилжааны болон төв банкны алинаар нь ч орж ирэх нь валютын ханшид хамаагүй. Харин орж ирж байгаа валютын дүн л чухал. Манай улсад орж ирэх валютын дүн өндөр байх тусам ханш тогтвортой байна гэсэн үг. Одоо процесс яаж явж байгаа вэ гэхээр Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Таван толгой зэрэг компаниуд экспортын орлогоо төв банкинд зардаг. Төв банк эдгээр компаниудаас худалдаж авсан доллараа арилжааны банкуудад хуваарилна. Арилжааны банкууд нь төв банкнаас худалдаж авсан валютаа иргэд, байгууллагуудад зардаг. Иргэд, байгууллагууд нь гадаад төлбөр тооцоогоо хийх маягаар явж байгаа. Тэгэхээр экспортын орлого аль ч банкинд төвлөрөх нь хамаагүй. Манай улсад орж ирж байгаа валютын дүнгийн хэмжээ л чухал болчихоод байгаа юм. Төв банкаар одоо ихэнх экспортын орлогын урсгал орж ирж байгаа. Хэрэв Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт үйлдвэрүүд шууд арилжааны банкуудад валютаа зардаг байсан бол томоохон банкууд өндөр үнээр ч юм уу, их хэмжээгээр худалдан авах боломжтой. Энэ үед жижиг банкууд валютгүй хоцроод зах зээлд бүр ч илүү хомсдол бий болж, огцом савлагаа үүсдэг. Төв банк бол тухайн арилжааны банкны гадаад гуйвуулгын хэмжээ, харилцагчдынх нь идэвх зэрэг хэмжээнд нь суурилаад хуваарилж байгаа юм. Энэ бол гэнэтийн савлагаа болохоос сэргийлэх нэг арга хэмжээ. Тэрнээс валютын ханшийн суурь зүйлд ямар ч нөлөөгүй болчихоод байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
заас [202.9.46.2] 2023-03-02 11:39:36
том том ярьсан чацага царайлсан лалрууд хулгааа хиисэн нуусан нам дагасан өлөнгүүдиин долороыг олж ир гээч ждү банк нүүрс зарын бүх хулгай