П.СЭРГЭЛЭН: МАНАЙ УЛС БУЛАНГИЙН ОРНУУД РУУ ЭКСПОРТ ХИЙЖ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГАА ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА
Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Катар, Кувейтэд “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ удахгүй зохиогдох юм байна. Та тус арга хэмжээний ач холбогдол, үр нөлөөний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хоёр улс улс төрийн сайн харилцаатай явж ирсэн. Кувейт улс руу Ирак улс 1990 онд довтлоход дайныг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байсан анхны улс Монгол учраас Кувейтийн ард түмэн, Засгийн газар үүнийг их өндрөөр үнэлдэг. Тийм учраас улс төрийн маш сайн харилцаатай явж ирсэн. Тэгвэл улс төрийн энэхүү сайн харилцааг соёл, эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх бодлогыг одоо явуулж байна.
Тиймээс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор “Welcome to Mongolia” арга хэмжээг Катар улсад гуравдугаар сарын 4, 5, 6-нд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус арга хэмжээний хүрээнд нэгдүгээрт, Монгол-Катар, Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн форум болно. Энэ арга хэмжээнд оролцохоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж, ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудал, хөрөнгө оруулалтын чиглэлийн 40-өөд бизнес төлөөлөгчид Монголоос ирэх төлөвтэй байна. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг Катар, Кувейтийн компаниуд уг форумд оролцоно. Монголын компаниуд энэ үеэр экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана. Хоёр талуудын бизнес эрхлэгчид уулзаж санал бодлоо солилцох, харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж цаашид хамтарч ажиллах анхны нөхцөл бололцоог нээж өгч байгаа гэдгээрээ уг форум онцлогтой. Түүнчлэн Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олон ирж Монголынхоо үндэсний өв соёлыг сурталчлах урлагийн тоглолтыг Кувейт, Катарын театруудад зохион байгуулна.
Мөн манай улсаас уран зураачид ирж Монгол орныхоо өв соёл, аж амьдрал, түүх соёл, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэнгээ тухайн улсын ард түмэнд дэлгэж танилцуулна. Загвар өмсөгчид үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудынхаа үйл ажиллагааг сурталчлах зэргээр иж бүрэн арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор Катар, Кувейт улсад энэхүү арга хэмжээг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа юм.
-Та Элчин сайдаар томилогдох үеэрээ “булангийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах чиглэлд анхаарч ажиллана” гэж байсан тань тод сонсогдож байсан. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Би Кувейт улсад Элчин сайдаар томилогдож ирээд найман сар болж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс биечлэн үүрэг болгосны дагуу экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлээр манай Элчин сайдын яамны хамт олон идэвхтэй ажиллаж байна. Кувейт, Катарын болон булангийн орнуудын зах зээл нь мах махан бүтээгдэхүүний экспортын хувьд бид зорилтот зах зээл гэж тодорхойлдог. Тиймээс Монголоос мах авах хүсэлтэй Катар, Кувейтийн 20 гаруй компанитай уулзалт хийсэн. Тэдгээр компаниуд бүгд Монголоос мах худалдаж авах хүсэлтээ Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн. Монгол Улсыг сурталчлах өдрүүдийн хүрээнд эдгээр компаниуд манай компаниудтай уулзаж мах импортоор авах талаар яриа хэлэлцээр хийнэ. Ингээд булангийн зургаан оронд бүх чиглэлд мах экспортлох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Булангийн орнууд хонины махыг голлон хэрэглэдэг. Мах импортлох хүсэлтэй дээрх компаниуд толгой, шийр, гэдэс дотрыг мөн худалдан авах хүсэлтээ ирүүлсэн. Энд хангалттай зах зээл байгаа учраас манай улс дотооддоо зохион байгуулалтаа сайн хийж, нөхцөл шаардлагыг бүрэн хангаад махаа экспортлох ажил л үлдэж байна. Хэрвээ бид махны экспортоо амжилттай эхлүүлчихвэл уул уурхайгаас харьяат эдийн засагтай болчихоод байгаа манай улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх боломж гарч ирнэ гэж харж байна.
Түүнчлэн хоёр орны хооронд шууд нислэгтэй болсноор мах, махан бүтээгдэхүүний экспортыг онгоцоор тээвэрлэх боломж нь нээгдэнэ. Бид халал сертификатыг Монгол Улс өөрөө олгодог болох асуудлаар булангийн орнуудын зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвтэй нягт хамтран ажиллаж байна. Өнөөдөр (2023.02.27) мэргэжлийн байгууллагуудтай онлайн уулзалтууд хийлээ. Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн байгууллагаас Монгол Улсад мэргэжилтнүүд очиж магадлан итгэмжлэх ажил ойрын өдрүүдэд хийгдэнэ.
-Катар, Кувейт руу мах экспортлохын тулд бид нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй байна вэ?
-Булангийн орнуудын тавьж байгаа гол шаардлага нь халал стандарт. Манай улс халал стандартыг ерөнхийдөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс уг стандартын дагуу махаа бэлтгэн нийлүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар бид Казахстан, Туркменистан, Иран зэрэг орон руу ийм стандартаар мах экспортолж байгаа учраас бидэнд туршлага бололцоо, махны үйлдвэрүүдийн техник боловсон хүчин хангалттай бий.
Катар, Кувейт руу мах экспортлох чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай сүүлийн зургаан сар өдөр тутам хамтран ажиллаж байна. Тиймээс танай сониноор дамжуулж Элчин сайдын яамны зүгээс энэхүү байгууллагууддаа талархал илэрхийлж байна.
-Цаашид өөр ямар ажлууд эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-“Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж Катар, Кувейтийн ард түмэн, төрийн байгууллагуудад эх орноо сурталчилснаар бидний зорьж байгаа аялал жуулчлалын салбарын хөгжил, хөдөө аж ахуйн салбарын экспортын асуудал, боловсрол соёл шинжлэх ухаан эрүүл мэндийн салбарт бидний хамтын ажиллагаа ихээхэн өргөжин тэлнэ гэж итгэж байна. Эдгээр орнууд Монгол Улсад их элэгтэй байдаг. Кувейт улс манай улсад Түлэнхийн төв, “Өндөрхаан” нисэх буудлыг барьж өгч байгаа. Мөн Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын усан цахилгаан станцыг барьж өгсөн зэргээр хамтын ажиллагааны арвин баялаг түүх бий. Эдгээр түүхийг илүү баяжуулж экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдээр төрөлжүүлж, бусад төрлийн хөрөнгө оруулалтыг татах бололцоо их байна.
Кувейтийн хөгжлийн сан гэж бий. Катарын сан гэж бий. Эдгээр сангууд Монгол Улсад хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ Элчин сайдад нотолсон. ТЭЗҮ нь бэлэн томоохон төслүүд байвал санхүүжилтийгнь өгье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Катар, Кувейтийн бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийе, мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үүн дотор ингэний хоормог, гүүний саамыг боловсруулах чиглэлд хамтарч ажиллая гэж байгаа. Сүү, сүүний чиглэлээс гадна ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр хамтарч ажиллая гэж байгаа. Бизнес форум, уулзалт нь манай хоёр орны бизнес эрхлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байх гэж бодож байна.
-Монгол-Кувейтийн хооронд шууд нислэгтэй болох тухай мэдээлж байсан. Энэ хэзээнээс эхлэх вэ?
-2023 оны гуравдугаар сарын 5-9-ны хооронд Монгол Улсыг сурталчилах "Welcome to Мongolia" арга хэмжээний үеэр хоёр улсын Зам, тээврийн сайд нартай Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газар хоорондын агаарын хэлэлцээр хийж, гарын үсэг зурж гэрээ байгуулна. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсаас Катар, Кувейт улс руу нислэгтэй болно. Экспортын бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг Монгол руу авч ирэх зэргээр том боломж нээгдэж байгаа учраас энэхүү агаарын хэлэлцээрийн ач холбогдол нь өндөр юм.
-Гэрээг байгуулснаар хэзээнээс яг шууд нислэг хийгдэж эхлэх төлөвтэй байгаа бол?
-Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар тухайн улс орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, холбогдох мэргэжлийн гэрээ хэлэлцээр, техникийн шаардлагуудаа тохирч зорчигчийн болон ачаа тээврийн шууд нислэг хийх боломж нээгдэнэ. Бид анхны нислэгийг энэ ондоо багтаж хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Хоёр улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бид юунд анхаарах хэрэгтэй гэж та харж байна. Энэ чиглэлд одоо яг ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Булангийн орнуудаас жуулчдыг эх орондоо татахаар ажиллаж байна. Манай улсын БОАЖЯ Катар, Кувейттэй аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаар бэлтгэж байна. Маш ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурна. Ингээд аялал жуулчлалын компаниуд хоорондоо харилцаа холбоо тогтоож жуулчдаа татаж ирүүлэх, бүх зүйлдээ хамтарч зохион байгуулах ажил нээгдэнэ. Бид бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй чанартайгаар энэ зах зээлд нийлүүлбэл манай улсад үлдэх өгөөж нь илүү өндөр байна гэдэг утгаараааялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын зорилтот зах зээл булангийн орнууд гэж бодлогодоо тодорхойлж оруулаад үүнийхээ төлөө ажиллаж байна.
-Та Монгол Улсын иргэний хувьд дэлхийн хамгийн баян хоёр орны хөгжил дэвшлийг анхаарч судалж, өөрийн нүдээр харж мэдэрч байгаа байх. Монгол Улс маань яаж энэ зэрэгт хүрэх вэ гэж боддог л байх..
-Кувейт байгалийн баялаг, газрын хийн арвин нөөцтэй. Энэ хэмжээгээрээ өндөр орлоготой, ард түмэн нь ч элбэг дэлбэг сайхан амьдардаг юм байна.
Нийт хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс энэ улсад өөрийн үйлдвэрлэж чадах хамгийн сайн бүтээгдэхүүнээ экспортлох нь чухал гэж харж байна. Тиймээс ярианы эхэнд хэлсэнчлэн мах, сүү, гурилан зэрэг хүнсний бүтээгдэхүүн, мөн ноос ноолуур, хивс зэргийг экспортлох бүрэн боломж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт бидний хамтын ажиллагаанд маш том боломж байна. Үүнээс гадна энэхүү улсаас хямд үнэтэй бензин импортолж авах боломж байна. Энд литр бензин Монгол төгрөгөөр 980 орчим төгрөгийн үнэтэй байна. Ийм хямд үнэтэй бензинийг эх орондоо нийлүүлэхсэн гэсэн бодол төрдөг. Тийм ч учраас холбогдох иргэд, байгууллагуудтай энэ чиглэлээр ажлууд яриа хэлэлцээрийн түвшинд байна.
Манай улс уул уурхайн баялагтайгаас гадна хөдөө аж ахуйн орон шүү дээ. Тиймээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс их хэмжээний орлого олдог баймаар байна. Боломж нь ч энд их байна гэдгийг ярианы эхэнд дурдлаа шүү дээ. Түүнчлэн эх орныхоо онгон дагшин үзэсгэлэнт байгалиа сурталчилж тодорхой хэмжээний орлого олох боломж байна. Тиймээс аль аль талдаа идэвхтэй үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал бид энэ өндөр хөгжилтэй улс оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж аж амьдралаа дээшлүүлж чадна. Энэ утгаараа манай яамны хамт олны хувьд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л чиглэлд сайжруулах, идэвхтэй ажиллахыг эрмэлзэж байна. Эдийн засгийн үр ашгийг ярихаас гадна хоёр орны ард түмний хамтын ажиллагааг соёл боловсрол, мэдээлэл технологи, шинжлэх ухааны салбарт илүү их нягт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байна. Иймээс гуравдугаар сард болох соёлын арга хэмжээнд онцгойлон анхаарал хандуулж байна.
Нэмж хэлэхэд Катар улс руу манайх бүх төрлийн паспортаар визгүй зорчихоор болсон. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурснаар манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж нээгдэнэ. Энэ ажил маш ойрын хугацаанд хийгдэнэ гэж харж байна.
-Нэг орноос шатахууны хамааралтай болчихоод байгаа энэ үед та өөр улсаас эх үүсвэр оруулж ирэхээр эрмэлзэж байгаа талаараа дурдлаа. Хямд үнэтэй шатахуун Кувейтээс авахын тулд бид нэн түрүүнд ямар ажлыг зохион байгуулах шаардлага байна вэ?
-Бид нэлээн алс зайд оршдог. Гэхдээ Хятадаар дамжуулж далайн тээврээр шатахуун худалдаж авах боломж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд хамтран ажиллах санамж байгуулаад гарын үсэг зурсан юм билээ. Үүнийг үргэлжлүүлж манай улсын Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд, харъяалсан бодлогын яамнаас тодорхой хэмжээний санал ирүүлж хариуцсан байгууллагатай уулзалт, яриа хэлэлцээр хийвэл энэ ажил үр дүнд хүрэх болов уу гэж харж байна. Манай улсын шатахуун нийлүүлдэг хувийн компаниуд хамтарч ажиллах саналаа ирүүлж байна.
Бизнес форумын үеэр зарим нэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирнэ. Тэр үеэр мэргэжлийн байгууллагуудтай уулзаж ярилцах болов уу.
-Ярилцлагын төгсгөлд сонирхож асуухад Катар, Кувейтэд монголчууд хэр их байдаг вэ?
-Монголчууд цөөхөн байдаг. Кувейтэд манай элчин сайдын яамны ажилтнууд аж төрж байна. Катарт цөөн тооны иргэд байдаг. Цар тахлаас шалтгаалж ихэнх нь нутаг буцсан. Катар, Кувейт улс уур амьсгалын хувьд маш их халдаг учраас энд монгол хүн ирж амьдрахад тодорхой хэмжээний бэрхшээл учирдаг болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Монголчуудын өв уламжлал болсон сар шинийн дараахан хоёулаа ярилцаж байна. Тиймээс та ерөөлийн сайхан үгээр ярилцлагаа жаргааж өгнө үү?
-Монгол Улс болон Катар, Кувейтийн хоорондын хамтын ажиллагаа цаашид улам эрчимжиж үр дүнтэй болно гэж итгэж байна. Эх орондоо бодит үр дүн авч ирэхийн төлөө манай Элчин сайдын яам мөн хичээж ажиллах болно гэдгийг Өдрийн сониноор дамжуулж Монгол түмэндээ хэлье. Ирж байгаа туулай жилдээ юу санасан есөн цагаан хүсэл нь бүтэж, аз жаргалтай сайхан амьдрахын ерөөлийг Монголынхоо ард түмэндээ дэвшүүлье.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Хонгор [66.181.176.124] 2023-03-05 09:58:03
Заримдаа ч юмыг ойлгохгүй юм даа. Ертөнцийн нөгөө талд байгаа хүмүүстэй наймаа хийх гээд гүйгээд байхым даа. Дэлхий уг нь тэрчигээрээ Хятадтай л худалдаа хийгээд байгаа юм шиг харагдах юм. Хятадтай худалдаагаа өргөжүүлээд гүнзгийрүүлээд явбал болоо юм биш үү. Тэр холын улс руу чинь ядаж л тээврийн зардал нь юмны үнэнд нь нэмэгдээд ашигтай худалдаа хийх боломжгүй л баймаар. Сүржигнэж баахан явдал болоод удахгүй мартана дөө, яагаад гэвэл ашиггүй наймаа худалдаа байх нь тодорхой. Манай бүх худалдаа наймаа газраар Хятадын нутгаар дэмжиж ирдэгийг ер нь мэддэг юм болов уу даа
Зочин [116.84.110.176] 2023-03-04 20:30:43
Ер нь дипломат алба бол их өөрчлөгдсөн, дүр эсэгсэн, хэлбэрдсэн хүмүүс их олширсон доо.
Зочин [66.181.170.82] 2023-03-03 11:07:33
Манай монголчууд биенээ дэмжихгүй үнэхээр хэлэх үг олдохгүй юм Энэ Сэргэлэн сайдыг би бол танихгүй хаа-н сайд бхдаа зөндөө л техник оруулж ирж бгааг нь тв-ээр харж байлаа Морь мал бол би бүр юу ч мэдэхгүй гэхдээ морь малтай ноцолддог хүмүүс л монгол уламжлалаа хадгалдаг гэж боддог хүн би Энэ хүүг уяач, долоогч, цүнх баригч л гэх юм Ер нь ямар ч хүнийг муулах үг олдохгүй болохоороо долоогч цүнх баригч л гэх юм даа Яагаад ийм юм бээ Яагаад бие биеэ дэмжээд сайхан аиьдарья, үр хүүхэддээ сайхан нийгэм үлдээе гэж боддоггүйм болоо Нэр нүүрээ нуусан ийм троллуудад хүний хийж бгаа зүйл юу ч биш бдг юм бн
Зочин [59.153.86.195] 2023-03-03 08:06:43
Үнэн бүтэхгүй нөхөр дандаа худлаа ярина бялдууч зусарч гэж хэлэх үг байхгүй
Зочин [66.181.170.82] 2023-03-03 10:58:34
Чам шиг хүмүүсээс болж монгол улс хөгжихгүй бгаа гэж үнэн шүү Дээшлээсэй дэвжээсэй гэж бодохгүй муулж байж л кайф авдиймуу даа Дэмжээд хамтраад ажиллах хэрэгтэй дээ
Иргэн [66.181.190.147] 2023-03-03 08:00:22
Цөлжилттэй тэмцэж байгаа , ногооруулах ажлын туршлага судалж суралцах тал дээр анхаарч ажиллахыг хүсье.
отгонбаатар [45.15.140.88] 2023-03-03 07:01:15
Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг ажлыг нь хийлгээч ээ Энэ ажил бүтэргүй ч гэх шиг яацарсан улс вэ Бүтээсэй бүтээгээсэй гэж бодмоор юм Энэ хүү хариэ ч ажил хийгээд байгаа юм биш үү
Элчин сайдын панаалаа гэж ... [64.119.26.38] 2023-03-03 00:11:30
Арабын орнууд Монголд ашигтай бизнестэй бүс МӨН ҮҮ? Тийм юм сонсоогүй, ТӨСӨӨЛӨХГҮЙ байх юм. Ер нь бол БҮТЭХГҮЙ зүйл. Арабууд Монголоос шонхор шувуугаа авч байвал дээдийн заяа. Элчин сайд оршиж байгаагаа нотлохын тулд юү ч гэж БУРНА ш дээ.
Зочин [137.186.43.245] 2023-03-02 23:37:06
Өөрийгөө магтуулсан PR сайн хийх юм, яг үнэндээ МУ ын дип алба бас дампуурсны том жишээ бол энэ нөхрийн томилгоо шүү дээ, ямар ч хэл байхгүй зүгээр сэргэлэн царайлсан уяач морины наймаачин байхшүй юу даа, өмнө хийсэн баахан ажлыг ичихгүй өөраө хийсэн мэт бичсэн л бна. манайд сүүлийн үед араб судлал хөгжиж байгаа даанч Төр өөрөа нүдгүй юм,
Зочин [77.74.198.247] 2023-03-03 06:54:53
Ямар ч хэл мэдэхгүй гэж худлаа бичихээ болиоч Энэ хүн Англи Орос хэлээр ажлаа чөлөөтэй яриад явж байхыг нь хоё дэлдгэрээрээ сонсож л явлаа
Батсүх [77.78.71.30] 2023-03-02 20:57:38
Тариаланч бидэнд маш их юм хийж өгсөн дөө ХААн Сайд байхдаа Оросын техникүүдээр бүрэн хангасан Одоо ч явж л байна Баярлаж явдаг гэдгээ хэлье
Шагдарсүрэн [185.195.59.110] 2023-03-02 20:53:27
Манай сайд сайн ажиллаж байсан Одоо ч их сайн ажиллаж байгаа юм байна .Катар , Кувейт улс руу Шууд нислэгтэй болж байгаа юм байна Визагүй болж байна Улс орноо сурталчилж байна Махны экспорт эхэлж байна Амжилт хүснэ дээ өөр юу гэх вэ
Зочин [202.126.89.76] 2023-03-02 20:34:11
Хоёр орны хооронд шууд нислэгтэй болно гэдэг аялал жуулчлал хөнжихөд чухал шүү. Ажлын амжилт хүсэе Сэргэлэн сайдад
Зочин [202.126.89.76] 2023-03-02 20:32:05
ХХААХҮийн сайд байхдаа маш сайн ажилласан шүү. Газар тариалангийн техникийн шинэчлэл, махны экспорт гээд олон олон чухал асуудлуудын шийдвэрлэсэн үнэхээр сайн ажилласан даа
Зочин [202.126.89.76] 2023-03-02 20:28:28
Богино хугацаанд чухал чухал асуудлуудыг шийджээ. Амжилт хүсэе
10 [59.153.87.227] 2023-03-02 16:51:23
Ямар уяач билээ
Зочин [220.202.193.193] 2023-03-02 16:30:55
mahaa bodlogotoi gargah heregtei. mah bol Mongolinn strategiin huns, gol hool bol mah mah iheer importlosnoos bolood mahnii une nemegdej dotoodod homsdol bii bolokh vii
Зочин [66.181.170.82] 2023-03-02 16:07:22
Сэргэлэн сайдад амжилт хүсье Ямартай ч их юм хийх сэтгэлтэй залуу шиг байгаа юм Гол нь сэтгэл хандлага байхад ямар ч ажлыг нугална шүү дээ
зочин [202.126.90.58] 2023-03-02 15:56:32
Жинхэнэ долоогч юмаа.
USA Ganhuu [31.187.78.103] 2023-03-02 15:47:01
Сэргэлэн сайд ок байна . Манай сайд байхдаа овоо юм хиыгээд байсан .Овоо сэтгэлтэй зүтгэлтэй хүн юм амжилт ОК
Цэнгэл [31.187.78.103] 2023-03-02 15:43:53
Маш сайн байна Ингэж ажиллаж байгаа хүнээ дэмжэнд явчих хэрэгтэй дээ. Ажил хийгээд баыгаа юм биш үү
Зочин [137.186.43.245] 2023-03-02 15:00:56
Энэ бол цүнх баринч л хүн яахав юм хийх гэж дүр л эсгэнэ, үнэндээ тиышээ манайхаас гарах бүтээгдхүүн байхгүй.,
Zochin [202.126.89.56] 2023-03-02 14:53:16
Сайд хийхдээ юу хийж гийгүүлсэн юм . Долоогчийг битгий долоогоод бай. Тусгай бие хамгаалагч дагуулаад сүржигнээд байсан адуучин шүү дээ
Чиний идэж байгаа гурилыг хурааж авах техник авч ирж байлаа. [77.78.71.30] 2023-03-02 20:59:49
батсүх
Зочин [122.201.19.2] 2023-03-02 17:03:01
тэгээд юу хийснийг нь бичээс оркоо
Зочин [66.181.170.82] 2023-03-02 16:09:32
Сайд байхдаа их юм хийсэн шүү Мэдээ сайн унш хөгшөөн Бас ингэж хүний хийсэн юмыг харлуулж болохгүй ээ Дэмжээд явбал бидэнд л хэрэгтэй юм даа
Зочин [122.201.19.2] 2023-03-02 14:29:03
сэрээч хажууд бгаа хужаарууугаа жаахан юмаа зарж чадахгүй бж
тогтох [202.21.100.210] 2023-03-02 12:24:16
Сайн ажилладаг сэтгэлтэй залуу харагддаг шүү ХХААЯамны сайдыг богино хугацаанд сайн хийсэн гэж хардаг даа