ХАВРЫН НАЙРАГ НИЖИГНЭНХЭН ЭХЛЭЭСЭЙ
Хаврын найраг яаж эхэлдэг вэ гэж бодсон чинь нэг их сайхан урин ханхалсан өглөөнөөс эхэлдэг санагдаад байх юм. Өглөө эрт гэгээ ороод л болжмор жиргээд л хайлсан цасны хөлдүү үнэр үнэртээд л.Үндэсний радиогоор “таван-эрдэнэ” гэдэг дуу яваад л. Яг намар “Ургацын далай” дуу явдаг шиг. Малчдын ярианы цаана нялх хурга ишигний дуу цангинаад л. Жавар хүйтэн аль хэдийнэ мартагдсан дууль гэгч нь болсон байдаг даа. Хотын утаа шингэрээд л хүмүүсийн хар өнгийн өвлийн хувцас арай өөр болж хөнгөн нимгэн болоод л. Залуус орой үдэш гарч орох нь ихсээд л.
Ирж яваа цаг цаанаа л нэг урамтай санагддаг билээ. Гэхдээ хамгийн урамтай зүйл бол хавар болохоор ажил хөдөлмөр ундардагт л байдаг юм. Хаврын тариалалт, төл бойжилт гээд уламжлалт ажлын хажуугаар их бүтээн байгуулалт өрнөвөл хүмүүсийн сүр сүлд нь бадраад л явчихдаг даа. Хэдүүлээ энэ хавар юу хийх вэ, хийх ажлаа сүр дуулиантайхан эхэлцгээх юмсан даа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлж сайн дурынхныг элсүүлээд л. Өдөр бүр тэндээс авсан бүтээн байгуулалтын сурвалжлага оройн мэдээгээр гараад л. Оюу толгойн далд уурхайн нээлт болоод л гадагш нь зарж байгаа баяжмалаа бахдаж, доллар олж байгаагаа ярилцаад л. Хотод залуучуудын орон сууц хөтөлбөр эхлээд л тэнд хүмүүс ажилд ороод л барилга бариад л бужигнаад л.
Төмөр зам говьд бариад л ажилчин элсүүлээд л, Таван толгойн цахилгаан станц баригдаж эхлээд л энэ бүгдийг нуух биш харин ч сурталчлаад л бужигнаад явчихвал монголчуудын хойморь нь сэргээд л ажил төрөл амжуулах гэж зүтгэх нь илт ихсээд л явчихдаг даа. Хэдүүлээ ер нь бүтээн байгуулалт өрнүүлж юм бүтээж байвал л долларын ханш бууж төгрөг чангарч амьдрал дагаад чангарна гэж мэддэг болсон байлгүй дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.9.46.159] 2023-03-04 19:50:40
Төмөр зам бариад л байдаг ажиллах хүн хүч байхгүй УБТЗ д ч ажиллах хүний нөөж байхгүй орон нутагт мэргэжлийн ажилчид бэлдэж байсан сургуулийг ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД нь хаалгачихдаг ийм дайсантай түшээдтэй бид хаашаа явах вэ