ГААЛИЙН ТАТВАР ГУРАВ ДАХИН НЭМЭГДСЭН УЧИР ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАХГҮЙ БАЙНА ГЭВ

Aдмин / Нүүр

Замын-Үүдийн хил гаалийн нөхцөл байдал, ачаа тээврийн үнэ ханшийн талаар Замын-Үүдэд ачаа бараа зөөвөрлөдөг жолооч Б.Дашдаваагаас тодрууллаа.


- Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Ачаа тээврийн үнэ ханш буусан. КОВИД-ын өмнөх байдал руугаа ерөнхийдөө орчихсон. Нэг машин ачаа одоо дөрвөн сая төгрөгөөр ирж байгаа.

- Замын-Үүдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

- Нэгдүгээр сарын 8-ны өдөр хил нээсэн.

Гэтэл одоог хүртэл жижиг тэрэгнийхээ асуудлыг шийдээгүй. Одоогоор монопол тогтоосон хоёрхон компанийн автобус тээвэрт явж байна. Өмнө нь жижиг тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг байсан хүмүүс тээврээ хийж чадахгүй дүр зурагтай байна.

- Энэ талаар албаныхантай холбогдож, асуудлаа тавьсан уу?

- Өчигдөр албаны хүмүүстэй уулзсан. Эрээний консул, Иргэдийн хурлын дарга, Авто тээврийн үндэсний төвийн дарга, Гаалийн дарга гэсэн албаны төлөөллүүдтэй уулзлаа. Энэ асуудлыг яагаад шийдэж болохгүй байгаа юм бэ гээд асуудал тавилаа.

Тэгсэн Консул хэлэхдээ анхнаасаа манайхны тавьсан саналаар наймаас дээш хүний суудалтай гэсэн санал л тавьсан болохоос биш таван суудалтай, бага оврын тээврийн хэрэгслийн асуудлыг ер хөндөөгүй шүү гэсэн. Үнэнээ л хэлж байх шиг байна лээ.

Дарга нар нь бүх шатандаа асуудлыг тавиад яриад байгаа ч газар дээр нь хөөцөлдөх ёстой хүн нь Эрээн дэх консул Т.Мөнхгэрэл гэдэг хүн. Гэхдээ наад асуудлыг чинь одоо гаргаж тавиад, хөөцөлдөөд явж байгаа. Эрээний захиргаанаас үүнийг хүлээн зөвшөөрсөн. Дээрээс шийдвэр ирэхийг хүлээж байна гэсэн хариулт өгсөн.

- Жижиг тээврийн хэрэгсэл явснаар гарах үр өгөөж нь юу вэ?

- Одоо зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа. Анх 300 зорчигч өдөр бүр явна гэж байсан шүү дээ. Түүндээ тааруулж автобусаа явуулж байна. Тэр нь ачааллаа даахгүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарах хүмүүсийн урсгал нэмэгдээд, хятад талдаа ч мөн наашаа орох урсгал нэмэгдэж, шагийн үнээр автобусны билетийг борлуулж эхэлсэн. Билетийн үнэ 200, 250 юань хүрээд шаглагдах боллоо. Хятадууд нь түүндээ бүр гаршчихсан. Сая нэг хэсэг нэг ширхэг билет 250 юаньд хүрлээ. Өмнө нь өдөрт 1,000 жижиг тээврийн хэрэгсэл, дээрээс нь өнөөдөр явж байгаа энэ автобуснууд бүгд яваад энэ ачааллыг тэнцүүлдэг байсан шүү дээ.

Үүнд бас нэг ялгаатай зүйл бий. Энгийн иргэдийн жижиг тээврийн хэрэгсэл явахгүй байгаа мөртлөө өдөрт хэд хэдэн хувийн машинууд орж гараад байгаа. Энэ юуны машин бэ гэхээр тайлбар өгөх газар байхгүй. Мэдэхгүй, бид оруулаагүй гээд булзааруулдаг. Бид ингэж чөлөөтэй орж гараад байгаа жижиг машины дугаарыг авч өгөөч гэж Хил хамгаалах газарт хандсан.

Бүртгэлийг нь авто тээврийн газраас авч өгөөч гэдэг асуудлыг яриад байж байна. Тэгэхгүй бол мэдээлэлд ойрхон, дарга цэргийн машин өглөө болгон 150 юаниар нэг хүнийг бодоод зөөгөөд байдаг. Энгийн иргэд нь өөрсдийн машинаараа орж гарч чадахгүй байдалтай удлаа.

- Ерөнхийлөгч хил гаалиар ажиллалаа гэж байсан. Наагуур чинь очиход асуудлаа ярьж чадсан уу?

- Нэгдүгээрт, манайх боомтын сайдтай болсон, тийм үү. Гадаад харилцааны сайд, Боомтын сайд гэж байж байна. Дээрээс нь орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд байна. Аймгийн иргэдийн хурал, засаг дарга гэх мэт. Энэ нүсэр том бүтэц байгаа мөртлөө иймэрхүү жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна, Монгол Улс.

Ерөнхийлөгч нь, боомтын сайдтайгаа ирсэн. Ирээд иргэдтэйгээ уулзахгүй өөрсдийн маршрутаар яваад "Өө энд чинь ёстой гоё барилга барьчихсан юм байна шүү дээ" гэж хэлчхээд л явчихсан. Тэр барилгаар чинь дамжаад энгийн ард иргэд, за бид бүр больё гэхэд хил орчмоор бизнес эрхэлдэг хүмүүс өөрийнхөө машиныг унаад. хил гаалиар чөлөөтэй зорчиж, өмнөх шигээ л явдаг болмоор байна шүү дээ. Бүх том бүтэц нь байгаа мөртлөө жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна. Иймэрхүү байдалтай л байна даа.

- Тээврийн ханш буураад байхад өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байгаа нь юутай холбоотой юм бол?

- Тээврийн зардал буурсан ч гаалийн татвар нэмэгдсэн. Энэ нь үнийн бууралтад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх гэж жолооч нар ярьж байна лээ. Би Замын-Үүдийн жолооч нарын группт ачаа тээврийн үнэ ханш буугаад КОВИД-ын өмнөх үедээ оччихоод байхад өргөн хэрэглээний барааны үнэ яагаад буухгүй байна гэхэд "Гаалийн татвар КОВИД-ын өмнөх үеэс гурав дахин нэмэгдсэн, үнээ хэзээ ч буулгахгүй бодлого барьж байна" гэж жолооч нар бичсэн байсан. Түүнээс гадна олон зүйл нөлөөлж л байгаа байх.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас ачаа барааны үнийн талаар тодруулав.

"2023 онд өссөн дүнгээр 5,103 тээврийн хэрэгслээр 113,620.6 тн бараа материал орж ирсэн. 168 тээврийн хэрэгслээр 8,909.6 тн нүүрс тээвэрлэсэн. 970 тээврийн хэрэгслээр 445,535.4 тн ачаа экспортолсон байна. Ачааны үнийн хувьд Эрээн- Улаанбаатар хот хүртэл 7,000- 8,000 юань буюу 1 м3 ачаа 110-120 юанийн ханштай байгаа” гэсэн хариултыг албаныхан өгөв.

Харин энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна. КОВИД-ын үед Эрээн-Улаанбаатарын хооронд нэг м.куб ачааны тээврийн хөлс 3,000 юань хүрч тэнгэрт хадаж байсан.

Дунджаар нэг чингэлэгт 64 м.куб ачаа ордог гэж үзвэл тухайн үеийн ханшаар тээврийн хөлс нь 192,000 юань буюу 86 сая 400 мянган төгрөгт хүрч байв.

Харин хил нээгдсэнээр Эрээн-Улаанбаатар хүртэлх чингэлэг тээврийн хөлс өнөөдрийн ханшаар гурван сая 900 мянган төгрөг болж 20 дахин буураад байна. Өөрөөр хэлбэл, нэг м.куб ачаа Эрээн- Улаанбаатар хот хүртэл одоо 112 юанийн ханштай байгаа нь цар тахлын өмнөх үеэс 50 хувь буурсан гэсэн үзүүлэлт юм. Учир нь 2019 оны есдүгээр сард тээврийн үнэ ханш Эрээн-Улаанбаатарын хооронд нэг м.куб нь 220- 250 юань байжээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Харин энэ талаар худалдаа эрхлэгч Д.Ариунжаргалаас тодруулахад "Бид үнэ нэмэхгүй аль болох барьж худалдаалахыг хичээж байгаа. Гэхдээ үнэ буурахгүй байх эхний шалтгаан нь гаалийн татвар өссөн.

Саяхан гааль дээр бүх ачааг задалж тоолоод ширхэг бараа бүрд татвар ногдуулах тухай яриа үнэний ортой юм шиг байна лээ. Мөн ам.доллар, юанийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Байнгын өсөлттэй байгаа. Тиймээс шилжүүлэг өндөр тооцогдож байна. Энэ мэтээр үнэ буурахад олон хүчин зүйлийн нөлөө орж байгаа байх" гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.203] 2023-03-08 18:40:37

Татбар, нэмсэн, бол, цалин, тэтгэврээ, нэм Өөр, арга, харагдахгүй, байна, Татбар, буурлаа, гээд, нэгэнт, өссөн, үнэ, Монголд, буурдагүй

Зочин [61.49.152.143] 2023-03-08 12:26:34

Гаалийн татвар хэвээрээ байгаа ш дээ.. гаалийн татвар 3 дахин өссөн гэж худлаа бичихээ больж үзээ

Зочин [202.55.191.194] 2023-03-08 22:10:16

тийм шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.