Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе

Aдмин / Нүүр

Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж

Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе!

Дэлхий нийтээр энэ л өдөр эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа олон олон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй элдэв дарамт, шахалтын эсрэг дуу хоолойгоо нэгдэх өдөр. Мөн бүхнийг манлайлсан бүсгүйчүүд, алдарт эхчүүдээрээ бахархаж, тэднээс үлгэр дууриал авч, хойч ирээдүйдээ өвлүүлэх учиртай.

Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг. Түүнчлэн энэ өдрийг манай улстай нэгэн адилаар дэлхийн 30 гаруй улс оронд бүх нийтээр амарч өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, ОХУ, Казахстан, Гүрж, Камбож, Лаос, Молдав, Афганистан зэрэг орнууд үүнд багтдаг.

Харин Хятад, Македон, Мадагаскар, Балба зэрэг орны хувьд энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүд амардаг гэдгээрээ онцлогтой юм. Болгар, Румын зэрэг улсад өнөөдрийг ээжүүдийн баяр гэж мөн үздэг. Иймээс ээж нартаа бэлэг барьдаг уламжлал тогтжээ. Армен улсын хувьд ЗХУ задарсны дараа эмэгтэйчүүдийн баяраа гуравдугаар сарын 8-нд бус, харин дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Италид эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхдээ эмэгтэйчүүдэд шар өнгөт гамба цэцэг бэлэглэдэг.

Орос, Албанид ч мөн энэ цэцгийг шоколадтай бэлэглэх хандлага их ажиглагддаг. Түүнчлэн, Украин улсын нийслэл Киев хотноо эмэгтэйчүүдийн дунд бүжгийн тэмцээн, эмэгтэйчүүдийн автомашины уралдааныг зохион байгуулдаг гэнэ. Харин энэ үеэр, замын цагдаагийн газраас нь, албан ёсоор зөвшөөрөл өгч, аюулгүй тэмцээний аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

АНУ харин энэ өдрийг албан ёсоор баяр гэж тэмдэглэн өнгөрүүлдэггүй. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон зарлаж, түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг нэхэн дурсдаг юм. Мөн Турк болон бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулагддаг аж.

Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүд, эмэгтэйчүүдийг маань сэтгэлийн сүүн цагаан цацал нь ивээх болтугай.


Сэтгэгдэл

Баяраа зөв ойлгож тэмдэглээч. [192.82.77.234] 2023-03-09 15:25:01

Эмэгтэйчүүд ээ! Ядахдаа баярлаж байгаа баярынхаа нэрийг зөв ойлгож тэмдэглээч ээ. Кх! Ямар учраас цэцэг авч, вино ууж, амарч байгаагаа зөвөөр ухаараач.

Баярын нэр нь яагаад ийм болчихов оо? [59.153.113.212] 2023-03-08 13:17:52

Англи болон орос хэл дээрх Википедиа-д 3-р сарын 8-ныг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" гэсэн байх юм. Монголчууд бид ХААНААС "эрхийг хамгаалах өдөр" гэдгийг нэмчих вэ??? Цэвэр монгол зохиомж уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.