Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭЛЭХЭД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Оюу толгойн гүний уурхай ирэх 13-ны өдөр ашиглалтад орох гэж байна. Ингэснээр улсын эдийн засгийн үр ашиг хэрхэн сайжрах бол. Мөн ам.долларын ханш тогтворжиход нөлөө үзүүлэх болов уу?

-Манай улс жижигхэн, нээлттэй эдийн засагтай. Экспорт, импортоос асар их хараат. Экспорт өсөж экспортын орлого ч тэр хэрээр нэмэгдэж байвал сайн. Мэдээж Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдийн засгийн өсөлт сайжирна. Гэхдээ хэт хүлээлт үүсгэх нь дэмий. Учир нь Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш шуудхан тогтворжино гэхэд хэцүү. Далд уурхай бий болгоход ихээхэн зардал гаргасан. Тиймээс орлого олох хэдий ч зардлын санхүүжилтийн өртгөө эхний ээлжинд нөхөх болов уу.

Ер нь экспортын орлогоор валютын ханшаа тогтворжуулдаг улс ховор л доо. Учир нь экспортын орлого нь урсгал шинж чанартай. Орж ирсэн шигээ урсаад гарчихдаг. Ханшийг тогтворжуулах гол хүчин зүйл нь гадны шууд хөрөнгө оруулалт.

Оюу толгойн орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулалт дагаж орж ирвэл ам.долларын ханшид эергээр нөлөөлөх боломжтой.

-Тэгвэл яг хэзээнээс үр нөлөө үзүүлэхээр байна вэ?

-Энэ жилдээ айхавтар нөлөө гарахгүй болов уу. Эхлүүлнэ, зүгшрүүлнэ гээд ажил их. 2024 оноос эхлэн нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Харин нөлөөг сайжруулах ажлуудыг хийж болно. Таван толгойд цахилгаан станц барих, Оюу толгойгоос хил рүү төмөр зам тавих ч гэдэг юм уу, ийм байдлаар нөлөөг сайжруулж болно. Шууд нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй

-Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд ойрын хугацаанд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг л маш сайн татах хэрэгтэй. Энэ чиглэлд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, хятадууд цахилгаан машинууд хийхээр зэхэж байна. Иймээс зэс, никель, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ чиглэлд манайх хайгуул сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

Хоёрдугаарт, энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа ч юм шиг, ирэх намар сонгууль болох гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл үүсчихлээ. Энэ байдал нь гадны хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөхгүй. Учир нь гадны хөрөнгө оруулагчид ямар ч Засгийн газар гарч ирж, яах ч юм билээ гэж хаширлаад хэсэгтээ азнана. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол улс төрийн нөхцөл байдлыг хүлээх байх.

-Ер нь цаашид эдийн засгийн төлөв байдал хэрхэх төлөвтэй байна вэ?

-Нүүрсний үнэ өндөр, гарц сайн байгаа болохоор экспортын орлого сайн байх болов уу. Мөн алт, зэсийн үнэ өндөр байна. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орчихвол экспортлогдож байгаа зэсийн баяжмал энэ жилд 50-60 хувиар өсөх байх. Үүнийг дагаад улсын төсвийн орлого өснө. Ядаж л АМНАТ-ын орлого өснө. Ам.долларын нийлүүлэлт өсөж байгаа учраас долларын ханшид урт хугацаанд аажмаар эергээр нөлөөлнө. Гэхдээ мэдээж шууд нөлөөлөхгүй. Урт хугацаанд сайнаар нөлөөлнө. Хэрвээ бид нэмэгдэж байгаа экспортын орлогоо зөв чиглүүлж чадвал гадны өр зээл, бондуудыг удирдах, зохицуулах, дахин санхүүжүүлэхэд илүү амар болно. Мөн зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтыг татахад нэг түлхэц болно шүү дээ.

-Ам.долларын ханш бараг өдөр өдрөөр өсөж байна. Богино хугацаанд ам.долларын ханшийг тогтворжуулах ямар гарц байна?

-Ам.долларын ханшийг хамгаалдаг зүйл бий. Манайх шиг улсад гадаад валютын албан нөөц өндөр байх ёстой. Хоёрдугаарт, алтны олборлолтыг дэмжиж, алтаар нөөцөө бүрдүүлмээр байна. Ингэвэл төгрөгийн ханшаа хамгаалж чадна. Ямар үед ам.долларын ханш тогтворждог вэ гэхээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй. Алтны үйлдвэрлэлүүдийг дэмжиж, Монголбанк алт худалдан авалтаа өсгөх хэрэгтэй байна. Эдгээрийг сайжруулах хэрэгтэй байна. Одоо бол орон нутгийнхаа эсэргүүцлийг давж чадахгүй, алт олборлож чадахгүй байна. Хөгжлийн банкинд өртэй алтны хэд хэдэн үндсэн ордууд байна. Монголбанк, Хөгжлийн банк, УУХҮЯ болон гацаанд орчихсон байгаа төслүүд хамтарч алтны үндсэн ордуудын ажлыг явуулчихмаар байгаа юм. Тэндээс дор хаяж 3-4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийг харахаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гараад байна. Экспорт импортоосоо даваад байна. Харин хөрөнгө оруулалтын урсгал дээр алдаад байгаа юм. Манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Манайх гаднаас их хэмжээний зээл авч, бонд гаргаж байна. Хамгийн гол нь үйлчилгээний баланс гэж бий. Бид үйлчилгээ авахын тулд гадны нэгжүүдэд хэр их мөнгө өгч байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Жишээлбэл, нүүрсний тээвэр дээр 500 орчим тэрбум ам.долларыг хятад өмчлөгчтэй компаниудад өгчихсөн байгаа юм. Оюу толгойд 200 сая ам.долларын цахилгаан авч байна. Манай улсын иргэд гадаад руу аялал жуулчлалаар их явж байна. Дор хаяж 700 сая ам.доллар зарцуулж байна. Эмчилгээнд 300, боловсролд 200 сая ам.доллар гээд олсон жаахан мөнгөө ийнхүү гадагшаа гаргаад байна. Харин бид зөрүүлээд юм зарж чадахгүй байна. Жишээлбэл, Монголын их, дээд сургуулиудад гадны оюутнууд ирж сурахгүй байна. Монголын эмнэлэгт гадныхан ирж үзүүлэхгүй байна. Манай тээврийн хэрэгслээр гадныхан ачаа бараагаа зөөхгүй байна. Энэ байдлыг арилгах ёстой. Үйлчилгээний балансыг тэнцвэртэй байлгах ёстой.

-Валютын ханшийн өсөлтөөс гадна татварын бодлого иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байна. Та татварын бодлогод ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Ашигт малтмалын хуулийг өөрчлөхөөр яригдаж байгаа. Алтны татвар өсөх байх даа. Манайх шиг өндөр рояалти төлж авдаг улс байдаггүй. Гэтэл үүнийг улам өсгөнө гэж байна. Энэ бол боловсруулах салбарыг улам боомилсон хууль. Үүнийг чөлөөлөх ёстой. Жирийн орлоготой бизнесмэн хүн орлогынхоо 50 хувийг улсын төсөвт шууд болон шууд бус өгч байна. Тухайлбал, хүн амын орлогын албан татвар гээд 10 хувийг, нийгмийн даатгалын шимтгэл гээд 12 хувийг өгчихнө. Нэмээд авсан бараа бүрд 10 хувийн НӨАТ төлж байна. Тэр бараанд нь маш олон татвар шингэчихдэг. Жишээлбэл, дизель авлаа гэхэд онцгой албан татвар, импортын албан татвар зэргээр олон татвар шингэдэг. Ингэхээр цалингийнхаа 50 хувийг татварт өгчихөөд байгаа юм. Ийм өндөр татварын ачаалалтай улс дэлхийд их ховор. Гэтэл үүнийг улам өсгөж байна.

Ажлын байр бий болгож байгаа хүмүүс нэгдүгээрт, 25 хувийн татвар төлж байна. Хоёрдугаарт, ажлын байр бий болгосныхоо төлөө буюу нэг ажлын байрт 20 хувийн татвар төлж байгаа юм. Ажлын байр бий болгодог хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо байна л даа.

-Ийм байгаа учраас л байгууллагууд ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна, тийм үү. Энэ тогтолцоог халахын тулд яах ёстой юм бэ?

-Тийм. Татварыг бууруулах ёстой. Данхайсан төрийг багасгах хэрэгтэй. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчид, малчдыг нийгмийн даатгалд хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийж байгаа цөөн хэдэн хүн, ажлын байр бий болгогчид хохироод байна. Гэтэл жишээлбэл, малчид үнэгүй бэлчээр ашиглаж байна, олон зүйлийг хөнгөлүүлж байна. Бүгд шударга төлдөг болох хэрэгтэй байна. Тэгвэл хэмжээ нь багасна. Захын наймаачид дунд ажил хийж байгаа хүмүүсээс ч баян хүн олон бий. Тэд ямар ч татвар төлөхгүй байна. Тиймээс л тогтолцоог жигд болгомоор байна. Залуу хүмүүсийг ажилд авч байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлээс 30 хувь чөлөөлдөг баймаар байна. Тэгэхгүй бол залуу чадалтай хүмүүс бага цалинг голоод ажил хийхгүй байна.

Тэднийг тогтоохын тулд өндөр цалин амлах ёстой болдог. Энэ нь өндөр зардал шаарддаг. Ингээд залуу хүмүүсээ хохироож байна. Залуучууд туршлага хуримтлуулж, тогтвортой ажил эрхэлж чадахгүй байна. Ингээд хэн хэнийгээ хуурсан буруу систем бий болчихоод байна.

-Дахиад л асууя. Одоо тэгээд ямар гарц байна вэ?

-НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй. 2022 онд эдийн засаг өслөө гээд л байна. Харахаар уул уурхайн салбар уначихсан, татвар өссөн байгаа юм. Тэр дундаа НӨАТ өсчихсөн байна. Энгийнээр тайлбарлавал, жишээлбэл өнгөрөгч жил талх 1200 байсан. Үүнд 120 төгрөгийн НӨАТ ногдуулдаг байсан. Энэ жил 2000 болоод нэмэгдчихээр 200 төгрөгийн татвар төлнө. НӨАТ татварын орлогын хамгийн том хэсэг болно гэдэг нь манай татварын тогтолцоо их буруу явж байгаагийн шинж. Юмны үнэ өсөх нь Засгийн газарт ашигтай болж байна гэсэн үг.

Учир нь төсвийн орлого өндөр харагдаж, алдагдал бага харагдана. Ингэхээр их хэмжээний зээл авах боломжтой болчихно. Төгрөгийн ханшны уналт, инфляци Засгийн газарт ашигтай байгаа юм.

Дээр нь Монголбанкинд хараат бус байдал алга. Инфляцитайгаа тэмцэж чадахгүй байна. Ханшаа барьж чадахгүй байна. Зорилго нь их ойлгомжгүй, мөн дурын сайд нар ирээд загнадаг. Гэтэл бусад улсын Төв банк Засгийн газартайгаа энэ тэнцүү “байлддаг”. Ингэж байж ханшаа хамгаалж үлддэг. Манайд ийм боломж алга. Гэх зэргээр урт хугацаанд олон зүйл хийх хэрэгтэй байна.

Манайх түүхий эдээ боловсруулах гэхээр татвараар боочихоод байна. АНУ, Англи, ОХУ зэрэг бусад аж үйлдвэржсэн улсууд аж үйлдвэржилтийнхээ эхэн үед маш их хамгаалсан бодлого явуулсан. Гэтэл энэ Засгийн газар нүүрэн дээрээ социал демократ гэсэн хэрнээ начир дээрээ капиталист бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 10 мянган багш бэлтгэнэ гэж байна. Хайран мөнгө. Гэсэн хэрнээ боловсруулах үйлдвэр дээр зэрлэг капиталист бодлого явуулж байгаа юм. Тиймээс Хятадын компаниуд орж ирээд ноолуур, нүүрс, зэсийг үнэтэй авчихна. Боловсруулах үйлдвэр барихын тулд их хөрөнгө мөнгө орно. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ гадаадын хямд зээлтэй төрийн өмчит компаниудад барьж өгч ингэж дампууруулчихаад зах зээлийн зарчим гээд байгаа юм. Засгийн газар баяжуулах үйлдвэрүүдээ дэмжиж НӨАТ-аас чөлөөлмөөр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [59.153.86.116] 2023-03-09 22:57:22

малчидаас татвар ав .төрийн дэмжлэгийг малчид хүртэж байгаа бол татвар ,бэлчээр ус ашигласан төлбөр улсад төлж байх нь шудрага ёсонд нийцнэ .

иргэн [62.55.205.86] 2023-03-09 15:50:42

Бууны нохой, хээрийн чонотой нийлсэн тээвэр гэж ийм амьтад байдаг.

Цаг хугацаа юү болохыг харуулна. [192.82.77.234] 2023-03-09 15:29:00

Харж л байя.

Зочин [203.23.199.221] 2023-03-09 15:14:12

Олон зүйл бодолгүй явган хүний зам ашигласан төлбөрөө төлөх хэрэгтэй.

Зочин [122.201.23.28] 2023-03-09 15:11:24

ойлгомжтой тодорхой сайн ярилцлага болжээ,,,

Зочин [103.26.195.70] 2023-03-09 15:07:46

Хяналтгүй урсах эрдэс баялагийн урсгал л олон дахин нэмэгдэнэ. Өөр юу ч өөрчлөгдөхгүй, Эргүү толгой минь. Хагархай Данх аа бас...

Зочин [124.158.107.35] 2023-03-09 10:06:54

ямар нэг нөлөө үзүүлэх нь ойлглмжтой асуудал нь ямар хэмжээгээр гэдэгт байгаа , ерөнхий юмаар тархи угаахаа боль ҮДКн манкуртаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.