Ц.Дэмбэрэл: Манай хотын залуус гар утсаа маажихаас өөр ажилгүй шахам боллоо
Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Боловсрол ба чадамж
Чадамжийн тухай товчхон?
Орчин үеийн боловсрол нь суралцагчиддаа ЧАДАМЖ эзэмшүүлэх ёстой гэж үздэг болсон. Манайд цогц чадамж, чадамж гэж ярьдаг. ЧАДАМЖ нь МЭДЛЭГ, ЧАДВАР ХАНДЛАГА гэсэн бүрэлдэхүүний гурван хэсэгтэй. Чадамжийн гурвал гэнэ. Гэхдээ энд бодох юм бий. Чадамж бол эдгээрийн энгийн арифметик нийлбэр хараахан биш. Энэ гурвын хам цогц, огтлолцол буюу мэдлэгтэй, чадвартай бас хандлагатай байх юм. Мэдлэг, чадвар, хандлагыг тус тусад нь салгахыг буруу гэж үзнэ. Энэ гурвын аль нь давамгайлах талаар яг таг тогтсон баримтлал гараагүй. Гэхдээ зүг чиг бий. Боловсролын тухайд илүү чухал нь ЧАДВАР гэх боллоо. Чадвар ярихаар араас нь хандлага дагалдаж байна. Монгол чадамж гэж байх уу? Хэрвээ ТИЙМ гэх аваас тэрхүү ялгаа нь дурдан буй чадамжийн гурвалын алин дээр илүүтэй илрэх бол? Эргэцүүлэн тунгаах зүйл энэ мөнөөсөө мөн.
Мэдлэгийн тухай
XX зуунд улс гэр маань хаалттай байсан болохоор мэдээ, мэдлэг ховор бас "нандин” байлаа. Нандин гэж намын шүүлтүүрээр орж, зүлгүүрдэн сайжирсныг хэлэв. Баримт: 1978 онд манай захирал (ШУА-ийн Эдийн Засгийн Хүрээлэн) НҮБ-ын чуулганд оролцоод ирлээ л дээ. Тэгээд эрдэмтэддээ ярьсан нь: АНУ, Нью-Йорк бол үнэхээр амьсгаа давчдуулдаг газар юм. Бүтэн амьсгаа авч ерөөсөө чадсангүй, их хэцүү, их ядарлаа. Тэнд хүмүүс нь бие биенээ шууд л буудчихдаг аж. Иймд өрөөндөө цонхны ойролцоо ерөөсөө суухгүй юм. Буудчихвал яана гээд байнга айдастай байх аж. Би Москва ирж байж л цээж дүүрэн амьсгаа авлаа. Яа, яа.
Капитализм ёстой аюултай тогтоц мөн байна аа. Энэ мэдлэг мөн үү? Мэдлэг ингэж гуйвдаг, ялангуяа нийгмийн ухаанд. Эндээс ЕБС-ийн нийгмийн ухааны хичээлүүдээр өгч буй мэдлэг тун асуудалтай гэх эргэлзээ төрж, нэг сурах бичиг барих нь буруу гэх мөрдлөгөө гарна. Эдүгээ цаг сайхан болжээ. Даяаршлын эрин үед мэдлэг хаа сайгүй хөглөрдөг болсон.
Хүн төрөлхтөн мэдлэгт дарагдаад, бүр сүүлдээ өндийж ч чадахгүй болох нь. Мэдээ, мэдлэг хоёр холилдон сүлэлдээд МАНАН БУДАН боллоо. Дэлхийн олон хэлнээ орчуулагдсан (Монголоор орчуулсан) "Цэгцтэй сэтгэх урлаг" гэх сайн ном байх бөгөөд зохиогч нь Рольф Добэлли. Тэрээр "Мэдээ уншихаа боль" гэдэг номыг 2019 онд бичсэнийг NEPKO publishing саяхан монгол хэлнээ орчуулжээ. Хүний бие сахарт (мансууруулагч бодист) донтдог шиг хүний тархи мэдээнд донтдог аж. Манай хотын залуус гар утсаа маажихаас өөр ажилгүй шахам боллоо. Энэ бол мэдээнд донтсоны илрэл. Мэдээ бол цагийн гарз. Тэр тусмаа ХОГОН мэдээ идсэн тархи ХОГ болно. Эдүгээ боловсролд мэдээ, мэдлэгийг хичээлээр заахыг үндсэндээ хориглож байгаа нь цаанаа нейросайнсын энэ мэт олон үндэслэлтэй юм. Тэгэхлээр, манай боловсролыг мэдээ-мэдээлэл-мэдлэгээс холдуулах ёстой. Ялангуяа, манай ЕБС-д зааж буй мэдлэг чинь сурагчдын гар дор орсон, намайг үз, үз, ав, ав, гээд гар утсанд нь бэлэн байж байгаа юм. Иймд түүнийг сурах бичигт оруулахдаа сайтар тунгааж бодмоор. Их мэдэх тусмаа САЙН бус аа, харин ч МУУ шүү.
Чадварын тухай
ЧАДВАР бол тунчиг яггүй эд. Учир нь, чадвар чинь түүнийг эзэмшигчийнх л байдаг. Чадварыг хүн л амилуулна. Жишээ нь, СЭТГЭХ ЧАДВАРУУД, тухайлбал эргэцүүлэн тунгааж ухаарах чадвар.Үүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө л эзэмшинэ. Суралцагчийн унаган чадвар дээр суурилж байж эзэмшүүлсэн тэр чадвар л илүү амьтай болдог аж. Энэ ялдамд, чадвар гэхээр манайхан хөл гар, яс булчин, сууж аарцаг гээд буруу тийшээ хазайдаг, хазайлгадаг гэм буйг анхааруулъя. ЧАДВАР нь боловсролын хүрээнд ОЮУНЫ ЧАДВАР л байна. Билл Гейтс, Элон Маск нар бол аргагүй л төрөлхийн өндөр IQ-тэй, гоц чадварлаг хүмүүс. Тэдэнтэй эн зэрэгцэх хүүхэд та бидний үр хойчис дотор олон бий. Даанч Монголын боловсрол ЧАДВАР-ыг ойшоодоггүйд л хамаг учир оршмой. Эдүгээ боловсролынхон (манайхаас бусад оронд) чадвар, чадвар гэж байнга давтаж, чадварын боловсрол гэж ярьж буй. Эрин үеийнх нь шаардлага ийм болжээ. Чадварын боловсролыг Монголд хүлээн авах нөхцөлд Билиг Авьяасын боловсрол амилна.
Баримт: Миний нагац ах Д.Ням ажаа. Сумандаа зартай дархан байв. Тэрээр мөнгөн аяга, хэт хутга хийх нь тунчиг уран. Ажаа энэ хог нохой төмөр миний гарт орохоороо ингээд яг бодсоныг минь тааж мэдчихээд туялзаад байдаг гэх. Ажаа 1940-д онд шинэ үсгийн (кирилл үсэг) дугуйланд 30 хоног яваад 2 үсэг сурчээ. Тэр нь алцай А, ташаагаа тулсан Ф. Ажаа маань одоогийн бидний ойлголтоор, яамны журмаар бичиг үсэгт тайлагдаагүй хүн. Гэтэл Ням ажаа маань чадвартай хүн.
Ажаад үсэг, бичиг бол мэдээ төдий, хэрэг бага зүйл. Бичиг үсэгт тайлагдаагүй гээд юу нь муу гэж? Ажаагийнх тэр үедээ баян айл байв. Ажаа мал хариулахгүй ээ, төмөр хариулна. Ажаа жилдээ 10 үхэр өлхөн олчихно. Сумандаа олон үхэртэй өрх ганц тэднийх байсан. Ажаа шиг уран гартай, чадварлаг хүмүүс Монголд олон байжээ.
Жишээ нь: Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, зохион бүтээгч Д.Пүрэвдаш (1932-1991). Тэрээр хожим оройгоор 4-р анги төгссөн. Пүрэвдаш бүр залуудаа калибр бууг 15 үсэргэдэг болгож байж. Паниар үйлдвэрлэх суурь машин, жилд 1000 гэрийн мод үйлдвэрлэх чадалтай 13 суурь машин, эмээл хийх авсаархан машин (нийт 40 шахам аппарат хэрэгсэл, 20 гаруй суурь машин) бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Ю.Цэдэнбал дарга түүний бүтээсэн машинуудыг үзээд, зохион бүтээгч инженерийн диплом олгох ёстой хүн байна даа гэжээ. Монголчууд ийм чадварлаг хүмүүсээ үнэлдэг байсан шүү. Дархан хүн бурхан ухаантай гэдэг.
Хандлагын тухай
Хандлага нь ЧИГ ЗҮГ юм. Чиг хандлага гэх. Хандлага бол хүний мэдрэмж, үнэлэмж, итгэл үнэмшлийн хам илрэл юм. Хандлага нь суралцагч дээр буухаараа СУРАЛЦАХ ХАНДЛАГА болно. Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэдэг үгтэй. Сурах хандлага, ажиллах хандлага, амьдрах хандлага гээд цааш ахина. Бас отог, омог, аймаг, сум, үндэстний хандлага гэж бий. Хүний аливаа амжилтын нууц нь оюун ухаанд суурилсан хандлагадаа байдаг. Хүн хөгжих тусмаа хандлагаа сайжруулж байдаг. Хандлага нь уян хатан чанартай. Хандлага нь тухайн хүний хэн болохыг тодорхойлдог. Би ингэж бодно.
Эдүгээ дэлхий дээр жүүд хандлагыг нэлээд үнэлж, түүнийг улс орнууд өөр өөрсдийнхөө онцлогт тааруулах талаас хүч чармайлт гаргаж буй. Жүүд хүн аливаа шийдвэр гаргахын өмнө заавал тунгааж боддог ажээ. Юмны учрыг олох гэж бодоход тэр хүнээс ямар ч зардал гарахгүй. Таны өмнө 5 сая доллар олох, алдах боломж байг. Та таван минут л сайтар тунгаан бодох ёстой. Та үүнээс залхуурвал 5 сая доллар алдана. Эс залхуурвал (өөрийн оюун ухаанаа ажиллуулбал) 5 сая доллартой болно. Туршлагаар, үүнийг (оюун ухаанаа шавхан бодох) 1000 хүний 3 нь зөв хийдэг, үлдэх 997 нь барагтайд зөв хийдэггүй болох нь илэрчээ. 1000 хүнээс 3 нь гайгүй сурч, гайгүй амьдардаг нь ийм учиртай. Зөв хандлагатай хүмүүс гэж тэр 3 хүнийг хэлэх юм. Хандлага нь зөв хүмүүс амжилттай байдаг гэх онч үг тэр 3 хүнийг хэлэх юм. Хандлага нь зөв хүмүүс амжилттай байдаг гэх онч үг тэр 3 хүнд хамаарна. Эндээс ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД гэдэг нь зөв бодож сэтгэдэг хүүхэд байх юм. Үүнийг Монголын уламжлалт билиг сургаалд дороо суурьтай, дотроо бодолтой бай, өөрийн бодолтой аж төр, долоо хэмжиж нэг огтол гэхчлэн захижээ. Монголчууд бид аливаад өөрийн бодолгүй хандах, өнгөц хөнгөн хөвсөлзөхийг буруушаадаг ард түмэн билээ. Даанч үүнийгээ мартаа юу даа гэх бодол үе, үе төрөх авай.
Хандлага нь оюун ухаанаас л эхтэй. Хандлага нь үйлдэл болохдоо бодлоор дамжина. Хандлага нь оюун ухаантай ойртох тусмаа ӨНГӨ ЗҮС орно. Ухаалаг хандлагатай байж зөв амьдар гэж хүнд оюун ухаан заяасан. Үүний тулд оюун ухаанаа дайчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оюун ухаан, хандлага хоёр нэг зоосны хоёр тал мэт нягт холбоотой. Хандлага оюун ухаанаас холдох тусмаа өнгөц хуурмаг, хөнгөн сэвсгэр болдог. Хандлага ярихаар ингээд аяндаа ОЮУН СЭТГЭЛГЭЭ рүү орно. Тэгмэгц нь зугтчихдаг нэг муу гэм, муухай зан манайханд бий. Энэ нь бид хандлага гэхээр өнгөц хандаж, хүмүүс хоорондын харилцаа төдийгөөр хязгаарлаж, ингэхдээ нялуун зусар байдлыг өөгшүүлэх маягаар ойлгож байгаагаас үүдэлтэй байх. Хандлага гэхээр өөрөөсөө холдуулаад, өөрийнхөө оюун ухааныг дайчлах талыг нь орхиод, зөвхөн бусад руу хандаад, тэгэхдээ өнгөцхөнөөр инээх, мишээх, аяглах талыг нь анхаараад байгааг яав ч зөвтгөж болохгүй.
3өв хандлагаас ангид оюун ухаан аюул тарьж мэдэх бол оюун ухаанаас ангид хандлага нь хоосон юм. Иймд, аливаад оюунлаг хандлагатай болно гэх нь агуулгаараа оюун ухаанаа ашиглаад зөв хандлагатай байхыг хэлнэ. Зөв хандлага бол орчин үеийн хандлага, бас XXI зууны хандлага гэж хэлж болно.
Зөв хандлага гэдэг тийм ч амархан эд биш нь биш, тун ярвигтай. Гэхдээ учрыг нь олоод эзэмшиж болох нь болно. Энэхүү зөв гэдэг нь бидний өмнөх үедээ мэдэж, хэрэглэж байсан тэр хандлага биш юм. Жишээ нь: Бидний үеийн ахмадууд ҮНЭН, ХУДАЛ хоёр байраа сольж, үнэн нь үүдэнд, худал нь хойморт залардаг үеийг биеэрээ туулсан. Гэтэл манай ахмадууд, зарим эрдэмт докторууд маань тэр үеийнхээ дасаж сурсан хандлагыг өнөөгийн цахим хүүхдүүдэд өвлүүлнэ гэх ухааны номлол хэлэх боллоо. Энэ нь яавч зөвтгөж үл болох маш оюунлаг бус хандлага юм. Оюунлаг хүмүүс оюунлаг бус хандлагыг өөгшүүлдэг нь хачирхалтай. Ерөөсөө хандлагын асуудлын уг учрыг тун ултай олж тогтоох шаардлагатай болчихоод байна.
Монголын боловсрол оюун ухаан ярихаас эмээж байгаа л бол оюунлаг хандлага, зөв хандлагын талаар буурьтай ярих ямар ч боломжгүй. Бидний алдаа нь, оюун ухаан ярихаасаа эмээж зугтах атлаа хандлага ярих гэж хөөрцөглөөд байгаад оршино. Тэгж ажлыг өнгөцхөнөөр оромдох аваас хол явахгүй ээ.
Хандлагыг дотор нь ДООД, ДЭЭД гэсэн эрэмбэ, түвшинд ангилдаг. Хүмүүстэй эвлэг зөөлөн харилцах, зөв зүйтэй үгс хэлэх, цаг барих, цэвэр цэмцгэр хувцаслах, ёс журмыг дагах, бусдыг хүндэтгэх, дээд тушаалтныхаа аяыг олох, инээх, мишээх, энээ тэрийг бол бараг хүн бүр өлхөн гүйцэтгэж чадна. Эдгээр нь доод эрэмбийн хандлагууд юм.
Хүн хэдүй чинээн гүн тунгааж бодно тэр хэрээр илүү бүтээлч хандлагатай болдог жам бий.
Харин дээд эрэмбийн хандлага гэвэл ихэд өөр болно. Тэр нь "Блүүмийн таксоном"-оор тодорхойлогддог дээд эрэмбийн чадваруудтай шууд холбогдож, тунгаан бодохуй руу орно. Тэдгээрийг тунгаан бодохуй, сэтгэхүйд суурилсан БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА гэнэ. Хүн хэдий чинээн гүн тунгааж бодно тэр хэрээр илүү бүтээлч хандлагатай болдог жам бий. Орчин үеийн залуус доод эрэмбийн хандлагыг яаж ийгээд өөрсдөө сурчих бололтой. Харин дээд эрэмбийн хандлага руу ойртохоор л ихээхэн асуудал үүсэх нь нэгэнтээ тодорхой боллоо. Монголын гайгүй гэгдэх том ХХК-ийн захирлууд бидэнд инээдэг хүн бус, бүтээдэг хүн хэрэгтэй боллоо. Бидэнд үгнээс гардаггүй, гүйцэтгэгч бус, даалгаврыг өөрөө ухаараад, ахиулж бодоод, хөгжүүлдэг ажилтан хэрэгтэй байна гэх болов. Энэ нэг юм хэлээд байна даа.
Оюун ухаан, хандлага хоёр шууд хамааралтай байгаа нь доод эрэмбийн хандлага дээр хүртэл тодордог болохыг энгийн жишээгээр хэлье. IQ=70, IQ=100, IQ=130 бүхий гурван хүний инээх нь өөр, өөр байдаг. IQ доошлох тусмаа инээд нь марзан, муухай болдог. Сармагчны инээд ямар билээ? Гэтэл ёжтой, гүн инээд гэж бас байна аа.
Тэгэхлээр, хүн бүрийг сайхан инээж сур гэхээсээ өмнө хүн бүр оюун ухаанаа хөгжүүл гэх учиртай. Тэгэхгүй бол монголчууд бид марзан инээдэг хүний олонлог болж хувирна. Зарим залуусаас ийм марзандуу төрх илрэх болсны учир үүнийг зориуд санууллаа. Оюуны цараа IQ-нь ямархуу байна, хандлага нь тийм л байх.
Монгол хандлага гэж байх уу?
Монгол мэдлэг, монгол чадвар гэхээр хол явахгүй нь мэдэгдлээ. Гэтэл МОНГОЛ ХАНДЛАГА гэж байна. Гүнзгий тунгаан бодох нь монгол хандлагын амин сүнс байх ёстой. Үүнийг ЕБС-аас эхэлж хүүхдэд төлөвшүүлэх учиртай. Европ, Хятад, Япон хүмүүсийн хандлага ялгаатай.
Жишээ хэлье. Хятад аавтай, бага насаа Монголд өнгөрөөсөн, дараа нь орос айлд өргөгдсөн нэг хүнээс би асуулаа л даа, орос, хятад хүмүүсийн хандлагын ялгааг. Тэрээр, би хоёр аавтай хүн юм чинь аав нарынхаа араншинг мэднэ ээ. Нэг өрөөнд сандал дээр ганцаараа сууж байтал үүдний доогуур цус урсаад ороод ирлээ гэж бодъё. Тэгвэл орос аав маань шууд л харайгаад гарна. Энэ юун цус вэ? Яав ийв болоод явчихна. Харин хятад аав маань өөррүүгээ нэг харчихаад тэр цус өөрийнх нь биш л бол хөлөө өргөөд суучихна. Дуугарах ч үгүй дээ... гэсэнсэн. Нэг л асуудалд ингэж ялгаатай ханддаг байна, хоёр өөр үндэстэн. Тэгвэл, яг энэ нөхцөлд монгол хүн яах бол? Ямар ч гэсэн орилоод шууд харайгаад гарахгүй, бас дуугүй суугаад байхгүй л дээ. Тэр хоёрын дундуур хавьд л нэг үйлдэл хийх байх аа. Ингэхлээр, монгол хандлага гэж эрхбиш нэг төлөв байх нь ээ.
Хандлага болбоос тухайн хүний оюун ухаан, сэтгэлгээ, боловсролын түвшинтэй шууд холбоотой. Ахуй орчин бас их нөлөөтэй. Цаг үеийн нөлөө гэж бас байна. Цахим даяар хүүхдийн хандлага бүр өөр болох байх. Юм үзэж нүд тайлсан эрдэм чадалтай хүн, эгэл мунагдуу, болхи хүн хоёрын хандлага ялгаатай.
Тэр ч бүү хэл, Улаанбаатарын төвийн унаган хүүхэд, хотын захын хүүхэд, Увс аймгийн Давст, Сүхбаатар аймгийн Дарьгангын хүүхдүүд өөр өөр хандлагатай байдаг. Өөрөөрөө жишээлье. ЕБС-ийн манай ангид нэг халх нь би, бусад нь дөрвөд баяд. Дөрвөд, баяд хүүхдүүдийн хандлага адил тул тэд хоорондоо таардаг. Харин миний хандлага мэдэгдэхүйц өөр. Аймаг манай ангийнхан шодон халх гэдэгсэн. Бүр 8-р анги хүртэл ийм цолтой явлаа. Манай ангид хятад аавтай, дөрвөд ээжтэй нэг охин байсан. Тэр ёстой зожиг. Сайн анзаарахад урианхай, дархад нарын хандлага цаанаа л нэг донжтой шүү дээ. Манайхан, боловсролынхон, төрийнхөн бодолгүй үг хэлж, үйл хөдлөл хийх нь олширлоо. Ер нь БОДЪЁ, тэр тусмаа ТУНГААН БОДЪЁ гэж хэлж байгаа хүн бараг таарахгүй юм. Энэ тун муу. Манай боловсролын эрхэмсэг нөхөд эндээс санаа, оноо олох болтугай. Монгол хандлагыг судалж мэдэхсэн. Энд маш чухал нэг асуудал шийдэгдээгүй байгаа болой. Ямар асуудал байгаа бол, би хандлагыг яаж боловсролд оруулах талаар лавлаж байгаа юм шүү. Манайхан хүүхдийг аль болох багаас нь зов хүмүүжүүлье гээд
Японоор их жишээ татах юм аа?
Улаанбаатарын төвийн унаган хүүхдийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхэдтэй адилтгаж болох уу? Тэгж болно. Хүүхэд бол хүүхэд, сурагчдын хандлага адил байдаг аа гэвэл ЕБС-д төлөвшүүлэх ХАНДЛАГА тодорхой болно. Тэгж болохгүй ээ гэвэл ЕБС-аар сурагчдад төлөвшүүлэх хандлагын асуудал эргэлзээнд орно. Би хоёр өөр орчинд өссөн, шашны ялгаатай уламжлалтай хүүхдүүдийг адилтгах нь буруу гэж бодмой. Монгол чинь олон шашинтай үндэстэн. Бид казах түмнээ мартаж, орхиж болохгүй ээ. Асуудлын гол нь хүрээлэх орчин, цаг үе, эцэг эхийнх нь үзэл бодол, шашин, ёс суртахуун, түүний нөлөө гээд их олон юмстай холбогддогт байна аа. Магадгүй бүр иддэг хоол ч нөлөөтэй байх аа. Би хэсэг хугацаанд цагаан хоолонд орж үзсэн хүн л дээ. Бусадтай харьцахад тун зөөлөн, эевэргүү болчихдог юм билээ.
Хэрвээ би ногоон хоолтон байсан бол та бид хоёрын энэ ярилцлага их хөөрхөн болох биз. Бүхнийг энхрийлж өрөвдсөн, хайрлаж таалсан, Япон маягтай. Иймд Монгол хандлагыг Монголын боловсролд төлөвшүүлэх асуудал шийдлээ хүлээж байна. БШУЯ-аас бас ч гэж нэг удаа "Зөв монгол хүүхэд" гэж оролдоод үзсэн.
Нэгд даацтай явахгүй байгаа юм. Барууны судлаачид хандлага (attitude)-80% сургуулиас гадна төлөвшдөг болохыг тогтоожээ. Хандлага төлөвшихөөс гадна түүнийг төлөвшүүлдэг. Жишээ нь: Би хүүхэд асрах нэг төв дээр очиж оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх талаар яриа хийлээ л дээ. Тэдгээр хүүхэд оюуны хувьд ямар ч хоцрогдолгүй, жирийн л байсан. 12 орчим насны тэдгээр хүүхдүүдэд бидний оюун ухааныг энэ багш хөгжүүлээд өгөх ёстой, бид зүв зүгээр л тэгэс, ингэс гээд сууж байя даа гэсэн бодол хандлага нэвт шингэсэн байх юм билээ, ямар ч идэвхгүй. Та нар өөрсдөө хөгжинө шүү гэхээр ерөөсөө ойлгохгүй байсан даа. Бүр багш, захирал нь хүртэл тийм хачин болчихсон байдаг юм билээ. Тэр сайхан хүүхдүүдэд тэгтэл нь буруу хандлага төлөвшүүлжээ, манайхан. Тэгээд ийм ажлыг маш сайн гэж төрөөс магтаж, шагнах нь гачлантай.
Ер нь Монголын ЕБС дээр нэг хавтгайдуу гэмээр том дутагдал бий. Тэр нь чи ядуу хүний хүүхэд үү? Тэгвэл чамайг төр бүрэн хариуцна, чи сурах ч бараг хэрэггүй гэх аястай хандлага дэлгэрчээ. Ингэхлээр, хүүхдийн сурах, өсөж өндийх эерэг сайн хандлага арилчихна.
Японд хамаарах нэг санаа цухалзуулъя. Японд хүүхдийг багаас нь үндэснийхээ ёс суртахуунд тун сайн сургаж зүгшрүүлдэг. Гэтэл сүүлийн үед тэдгээр хүүхэд даяаршихдаа тааруу байгаа нь харагджээ. Даяаршихгүй бол Япон улс уруудна. Ер нь Японыг уруудах шатруугаа орсон гэж үздэг. Үндэстэн оршин байх эсэхдээ тулна. Сумо бол Монголын биш, Японы үндэсний спорт. Тэнд манай залуус яаж бужигнуулж байна. Гэтэл япон залуус энд ирээд манай монгол бөхөөр хичээллээд бас бужигнуулж болох л шүү дээ. Тэгсэн нь хаана байна. Ядаж тэд манай их аваргуудаас сурмаарсан. Үгүй шүү Япон хандлага хамгийн сайн нь гэсэн онол ч түүнийг баталсан практик ч байхгүй. Үүний нөгөө талд нь, бүх юманд Монголоороо л хандана, зөвхөн Монголынхыгоо л үнэлнэ. Жинхэнэ монгол хүүхэд, Монголын нүүдэлчин сэтгэлгээ гээд хэт арагшаа цахдаад хамаагүй хадуурчих эрсдэл бас бий. Монголоосоо авах юмс бий, бас хаях юмс ч бий.
Мэдлэг, чадвар, хандлага гурвыг эрэмбэлж болох уу? Аль нэг нь тэргүүлж манлайлж л таарна даа?
Чадамж бол оюуных. Оюуны чадамж гэж ярьдаг. Мэдлэг ч, хандлага ч аль, аль нь ОЮУН УХААН-аас л эхтэй. Оюун ухаанаас ангид байгаа мэдлэг нь мэдлэг биш хандлага нь бас тийм. Сайн хандлагатай зөв төлөвшсөн монгол сармагчин гэж байхгүй ээ. Иймээс мэдлэг, хандлага хоёрыг оюун ухаанаас ангид ойлгож болохгүй. Чадвар бол бүрчиг ойлгомжтой, тэрээр цэвэр оюун ухааных.
Ямар ч гэсэн мэдлэгийг дагнаж болохгүй. Энэ ойлгомжтой. Бас хандлага гэхээр асуудал их байна аа. Ядаж байхад энэ Монгол газар маань олон шашны уулзвар, бэлчир болчихлоо. Дээр нь КҮНЗ-ийн номлол хүч түрж байна.
Хандлага төлөвшүүлнэ гэхээр ерөнхий голчоо барьж дундчуудад зориулж ярих учир бий. Оюуны өндөр чадвартай хүмүүс хандлагыг тэгтлээ ойшоодоггүй гэсэн. Билл Гейтс, Элон Маск нарын сэтгэгчид хандлага гэхээр ерөөсөө ойлгодоггүй ажээ. Тэд хандлага, хандлага гэж битгий донгос гэдэг аж. Стив Жобс хандлага талаасаа тун адармаатай нэгэн. Тэрээр өөрийн дүрмээр тогло, өрөөлийн дүрмээр тогловол чи гарцаагүй ялагдана гэжээ. Их Ньютон бидний хэлдэг хандлага, төлөвшил, хүмүүжил гэхийг ерөөсөө мэддэггүй, чаддаггүй нэгэн байж.
Тэрээр эрдэмтдийн зүгээс АРСЛАН гэх нэг л нэртэй. Арсланг үнэгний хандлагатай болгож төлөвшүүлэн хүмүүжүүлнэ гэхээр яахыг хэлэх вэ? Үнэг мэт хандлагатай арслан нь жинхэнэ арслан мөн үү? Ньютоныг хэн ч биш болгох юм байна л даа.
Ингээд чадвар үлдлээ дээ. Ийм л байх шив. Чадвартай хүнд мэдлэг, хандлага бол сарын л ажил. Тиймээс чадвар-мэдлэг-хандлага гэсэн дарааллаар ярих нь зөв юм. Төөрөгдөм олон мэдлэгээс төсөөлөн ургуулж сэтгэх нь хавьгүй дээр. Чадвар сул атлаа сайн хандлагатай хүн гэж байхгүй. Чадваргүй хүмүүсийн хандлага цаанаа л нэг зохиомол, нялцгар, зусар, бүдүүлэгдүү, эвгүй муухай байдаг. Монголчууд тийм зусардсан хандлагад тунчиг дургүй шүү дээ.
Сүүлийн үед УИХ, БШУЯ хавиас бас эрдэмтэд маань хандлага - төлөвшил - хүмүүжил л хамгаас чухал нь гэх боллоо?
Тийм үү? Гадаадын ном хэвлэлд мэдлэг чадвар хандлага гэж бичиж байна. Энд хандлага сүүлд нь оржээ. Үүнийг харсан баймаар. Хандлага чухал уу гэвэл чухал аа. Монголчуудын хандлага ерөнхий дүн нуруугаараа хоцрогдоод байгаа юм.
Бид чинь саяхныг болтол хүнтэй бус морь малтай ноцолдож байв шүү. Одоо тэр бүдүүлэг болхи хандлагаа засах ёстой. Даага сургах, хүн сургах хоёр ялгаатай.
Үүнийг би ойлгож байна. Гэхдээ хэтрүүлэн хадуурвал алдана. Хандлага бүгдийг шийднэ гэх үгс чадваргүй хүмүүсийн толгойд л эргэлддэг бололтойдог. Бүх сурагчаа ДУНДЧУУД болгож байсан манай өмнөх боловсролын нөхцөлд хандлага чухал байсан. Социалист хандлагатай, коммунист хүмүүжилтэй хүүхдүүдтэй болж байлаа. Тэдгээр нөхөд л одоо хандлагаар бүгдийг шийднэ гэж онолдож байх шиг. Хандлага гэх нь дундчуудын үг. Хамгаас чухал нь хандлага-төлөвшил-хүмүүжил гэхийн ард юу л нуугдаж байгаа бол? Арай хуучинруугаа ухарч буцах хандлага байгаа юм биш биз?
Та үгээ гүйцээчих. Энэ чинь л хандлага?
Оюуны чадвар, сэтгэн бодохуй гэхээсээ өмнө хандлага ярих аваас тэр нь доод түвшнийх болно. Тийм доод түвшний хандлагыг IQ доогуур хүмүүс л дэмждэг. Улс төрчид ингэж ярьж байгаа бол тэрээр улс төр. З
ҮРХ СЭТГЭЛ - ХАЛУУН СЭТГЭЛ гэх нь боловсролд бус шашинд хамаарна. Харин судлаач ингэвэл тэрээр хэн болох нь илэрнэ. Манай боловсролын судлаачид чинь улс төрчид болчихсон байхгүй юу. Өөр замгүй болохоор яалтай билээ. Хандлагын 80% нь сургуулиас гадуур төлөвшдөг гэж сая хэллээ.
Тэгэхлээр, хандлага-зүрх сэтгэл-халуун сэтгэл гэж сүжирч байгаа нөхөд энэ нотолгоог бодох биз. Манайхны хандлага тунчиг БӨӨРӨНХИЙ. Бүргэдийг бүргэд гээд хэлчихээс л айна шүү дээ. Тахиа ч юм шиг, тагтаа ч юм шиг бас харцага ч юм уу гээд бөөрөнхийлсөөр байгаад эцэст нь юу ч биш болгоод хаячихдаг. Тэдгээр бөөрөнхийчүүд л тушаал дэвшдэг. Муухай байгаа биз? Бүргэд нисдэг, тахиа баацганаж алхдаг. Мөлхөхийн заяатай төрөгсдөд нисэхийн хувь дутдаг гэдэг. Ингэхэд, бид монгол хандлага гээд нэг юм бодоод олчихдог (зөв монгол хүүхэд хөтөлбөр шиг) түүнийгээ хасаг, буриад, урианхай, дөрвөд, цаатан хүүхдүүд рүү шахдаг, тэгээд зөрчилдөөд эхлэх эрсдэл бий.
Хандлага, төлөвшил гээд яриад байгаа тэдгээр нөхдөөс та яг ямар хандлагыг ярив аа, тодорхой хэлээч гэхээр таг болчихдог. Одоо доод түвшний ерөнхийдүү юм ярьж цаг мөнгө үрэх цаг биш. Бид хандлага гэх ухагдахууныг сайтар ухаж ойлгох ёстой байх аа.
Би вээр ОЮУНЛАГ ХАНДЛАГА буюу ДЭЭД ЭРЭМБИЙН ХАНДЛАГА ярьж буй. Энэ зүг рүү хандмаар байдаг. Ерөнхий ярьж, ерөнхий онолддог цаг ард хоцорсон. Үүнийг ойлгомоор байна. Цаг үе маань хөвсөлзөж байна. НҮБ-аас гишүүн орнууддаа ДЭЛХИЙН ИРГЭН-ийг боловсруул гэж хүчтэй шахаж байгаа. Жаахан харзнавал ямар бол, доод түвшинд сэтгэж, доод түвшиндээ хамаагүй шуурвал сүүлдээ юу ч биш болоод өнгөрч магад. Хандлага гэхээр хүйс бас оролцоно оо.
Хүйс гэх чинь?
Нийгэм судлалын нэг хэцүү нь юу вэ? гэвэл судлаач нь судалж буй асуудалдаа хүйсийнхээ онцлогийг тусгаж ГАЖУУДАЛ үүсгэдэгт оршдог. Энэ гажуудал эмэгтэй болон эмэгтэйлэг судлаачдын хувьд байнга таарна. Манай боловсролын эрдэмтдийн дунд эмэгтэйчүүд тун олон. Үлдсэн цөөхөн эрчүүд нь олон эмэгтэйчүүдтэй олон жил ойртон хамтран ажилласаар байгаад уусаж саармагдуу болсон.
Оюутан, багш, ажиллагсад нь үндсэндээ дан эмэгтэйчүүдээс бүрддэг. Их сургуулийн хоёр эрэгтэй захирлыг би ажиглаад л байгаа. Ихэд эмэгтэйлэг хандлагатай болсон байна лээ... Гэхдээ хүйс нь хэвээрээ шиг билээ.
Манай боловсролын судлаачид ЧАДВАР ба ХАНДЛАГА гэхээр эхнийхийг нь мартчихдаг. Үүнд эм хүйс, эмэгтэйлэг хандлага нөлөөлж байгаа. Хүйсийн нөлөөг давах маш хэцүү. Угаасаа чадвар гэж тийм ч олон хүн хэлдэг үг биш л дээ. Чадварыг голдуу оюунлаг эрчүүд ярьдаг. Чадвар ярихаар заавал IQ оролцоно. IQ гэж дуугарахын тулд IQ-ын талыг баримтлагч байх ёстой. Бас жаахан зориг шаардана. Тийм судлаач цөөхөндөө. БШУЯ хүйсийн оролцоотой дүгнэлтэд анхааралтай хандууштай. Гэхдээ сайд ямар хүйстэй байхаас бас хамаарна аа.
Тэгэхлээр, хандлага гэх нь ерөөсөө буруу болов уу? Тэгвэл яагаад түүнийг чадамжийн нэг бүрэлдэхүүн гэж үзэж байгаа хэрэг вэ?
Хандлага гэхээр манайхан эдүгээ тун наагуур, өнгөцхөн харж, ярьж, онолдож байгааг дахин сануулъя. Ингэж болохгүй ээ. Хандлагыг гүнээр нь буюу дээд түвшнээр нь, оюун ухаантай холбож ойлгох ёстой. Жишээ хэлье.
Орчин үед шинэ санаа, санаачилга, инновацийг онцгой үнэлдэг боллоо. Үүнийг хүүхэд бүрд бүр багаас нь төлөвшүүлэх ёстой юм. Сурагч А бусдаасаа юм, юман дээр арай өөрөөр сэтгэдэг байг. Гэтэл ангийнх нь бусад хүүхэд А-г дэмжихгүй бол яах вэ? Мэдээж А-ын тэр өвөрмөц сэтгэлгээ мөдхөн унтарна.
Манай одоогийн боловсрол бүхэлдээ ийм болсон. Сурагч А "Би арай өөр байдлаар (онлайн оролцуулаад бас өөр оюунлаг сэтгэлгээний хичээлүүдийг үзэх, өөр багшийг дагах гэх мэт суралцах агуулгаа төдийгүй аргаа өөрчлөх) сурмаар байна. Энэ жилд хоёр жилийн хичээлийг үзээд, шалгалтаа өгөөд, ирэх жил анги алгасан сурна" гэжээ. Ийм нөхцөлд тэр ангийн бүх хүүхэд ёстой зөв, бид А-ын санаачилгыг дэмжиж байна аа, араас нь бид бас зүтгэнэ ээ гэж хэлэх, тийм хөдөлгөөн үүсгэх учиртай. Үүнийг л эерэг, дэвшилтэт хандлага гээд байгаа юм шүү дээ. Хандлага бол бүтээлч, хөгжлийг дэмжсэн зөв чиглэлтэй, ИРЭЭДҮЙЛЭГ байх ёстой. Ийм хандлагыг бүх хүүхдэд суулгавал (төлөвшүүлбэл) мөн ч сайн даа. Гэтэл манайхан хандлага гэхээр бусадтайгаа эвтэйхэн харилцах, аясыг нь дагах, захирал багшийнхаа цүнхийг барих төдий тун наагуур ярьж буй Сурагч Я маш эвгүй авир зантай, тэр нь угаасаа заяагдмал, залхуу, бохир, муу хүүхэд байг. Тэгээд одоо тэр ангийн бусад бүх хүүхэд Я-ын өмнө бөхөлзөх үү?
Сүүлийн үед манайд мууг, бурууг МУУ, БУРУУ гэж хэлдэггүй, харин ч муу байх тусмаа сайн болдог гажиг ихсэв. Цахим FACE-ээр чангаар орилох тусмаа сайн гэнэ ээ. Нийгэм ингэтлээ солиоролд автлаа. Энэ чинь л нэг хандлага, гэхдээ маш муу үр дагавартай буруу хандлага.
Сурагч Я-г ангийн бусад хүүхдүүд бүгдээрээ хамтраад шахан хавчиж, нэг бол энэ ангиас холд эсвэл өөрийгөө зас гэж тулгах аваас тэрээр эрхбиш хүүхэд юм чинь засарна л даа. Үүнийг зөв хандлага гэх. Би вээр саруул ухааны суурьтай, өсөх дэгжих зөв чигтэй, хамтрахдаа заавал хөгжил дэвшлийг өмнөө барьж зөв онч шийдвэрийг гаргаж, нийгмийнхээ дэвшлийг хурдасгадаг, (Social emotional learning SEL) тийм ирээдүйлэг оюунлаг хандлагыг дэмжиж буй. Манай УИХ-ынхан SEL-ийг тунчиг өнгөц ойлгоод, алдаатай буруу тийш нь хадууран ярьж байх юм билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын боловсролд байгаа чадамжийг манай боловсролд шууд буулгах нь хэр зөв бол, ер нь тэгж болох уу?
Чадамжийг бүхэлд нь хуулна гэж хөөрч давхих буруу. Харин чадамжийн задаргаа бүрээр өөр, өөр байх ёстой. Мэдлэг хаа сайгүй байна. Чадварыг бол хаанаас ч авч болно, авах ч ёстой. Чадварт үндэстний ялгаа байдаггүй. Персийн хивсчид чадвараараа алдартай. Түүнийг монгол эмэгтэйчүүд эзэмшээд, бүр цаана нь гараад дэлхийг дэлдийлгэвэл мөн сайн даа, орлого суга өснө. Тэгвэл Монголын хивсчид л алдаршина. Хивс нэхэхэд перс хандлага, иран эмэгтэйн зүрх сэтгэл, исламын ёс суртахуун гэж байхгүй ээ. Перс эмэгтэйн чадвар л бий. Хэрвээ Японы ТОЁОТА машин япон хандлагаар бүтээгдсэн бол монголчууд бид түүнийг яаж унах билээ? Тэгэхлээр, бидэнд дэлхийгээс авах, өгөх юм нь МЭДЛЭГ ба ЧАДВАР ажгуу. Хандлага бол үндэстэн ястан, шашин бүрээр ялгаатай тул ярвигтай. Гэхдээ бүхэлд нь орхивол бид хохирно. Дэлхийгээс эерэг, дэвшилтэт РАЦИОНАЛ хандлагыг авна. Тэгээд түүнийгээ Монголынхоо онцлогоор нөхөн сэлбэж улам баяжуулна. Ингэвээс, Монголын онцлог бүхий оюунлаг хандлага үүснэ.
Бид эхлээд бүх шатны суралцагчдад рационал хандлагыг зааж сургаж зүгшрүүлмээр байх юм. Рационал хандлага, оюунлаг хандлага гэхээр сэтгэн бодохуй руу орчихно.
Үүнийг жич томоор авч хэлэлцэх ёстой байх аа. Учир гэвэл монголчууд та бидний бүх шатны үйл хөдлөл, ажил маань нэг л явц муутай, эргэж буцсан, болхи мунаг байгаа нь бидний рационал бус буюу иррационал шинж давамгайлсан, хамаа намаагүй, хэн хүн дураараа шийд гаргаж бужигнуулдгаас эхтэй юм. Бидний БОДОЛ санаа маань ХАНДЛАГА болж, тэгээд ҮЙЛ АЖИЛ-д шилжиж байна. Ер нь орчин үед ухаан бодлоо цэгцлэхгүйгээр, сайтар тунгаан бодохгүйгээр гаргасан аливаа шийдвэр эцэстээ эзнээ балладаг болчихлоо. Нийгэм маш ихээр нарийсаж гүнзгийрч байна. Амьдрал улам бүр амаргүй боллоо доо. Үүнийг бүх түвшиндээ ойлгохсон.
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Гарам [192.82.71.148] 2023-03-11 14:14:06
дэлхий тэр чигээрээ гар утсаа мааждаг болсон доо эрдэмтэн гуай, сая л ойлгоод байгаа юм байх даа. хэдэн жилийн өмнөөс залуучууд байтугай хөгшид, ахмад настнууд ч гар утсаа мааждаг болсон. зарим зүйлийг шүүмжлэх хэрэггүй байдаг бололтой дог шүү. Ирж байгаа соёл иргэншлийг сөрөн зогсох боломжгүй, ирээдүй бол тоон технологид суурилсан, сургалтын өөрийн гэсэн онцлогтой шинэ нийгэм, хүмүүнийг бий болгоод эхэлчихсэн ш дээ. эрдэмтэн ахаа. таны бичсэнийг хүмүүс уншина гэж бодох байна уу, гарчигийг нь хараад л хариугаа бичиж байна.
Зочин [42.48.4.201] 2023-03-10 20:04:24
deed surguuli mergejliin hicheelee zaagaad 2 jil bolgohod buruu zuil bhgui
Зочин [66.181.161.238] 2023-03-10 14:30:36
Энэ хүн 20 жил IQ ярьлаа. Монголын боловсрол улам л хог руу шидэгдсээр. Айкү дагасан бизнес, зах зээл л цэцэглэлээ. Энэ хүн бодвол чамгүй хувь хүртсэн байлгүй. Одоо дунд сургуульд Айкү програм байх бөгөөд нэг ном шахах нь л гол зорилго нь болж шувтарчээ. Айкү хувь хүний хөгжил болон чадавхад тийм өндөр үүрэгтэй биш юм байна. Ерөөсөө хүн төрөлхтний 3-5 орчим хувь нь л оюуны өндөр чадвартай байдаг юм байна. Харин гадаад орны боловсролын гол чиглэл нь энэ цөөхөн хувьд багтах авьяастай хүүхдүүдийг багаас нь олж танин тухайн чиглэл рүү нь хөтлөх байдаг юм байна. Бусад нь бол зүгээр сайхан төлөвших нь л чухал. Түүнээс манайхан шиг заавал супер байлгах гээд 10 төрлийн хичээлээр мэдрэлийг нь зогсоо зайгүй нүдэх биш. Нэгэнт авьяастай нь тодорсон бол тухайн чиглэлээ дагаад гүнзгийрүүлэн сургах бөгөөд тэр болгонд шаардагдах сургалт, дадлага, хэрэгслийг багш сурган хүмүүжүүлэгч нь сонгон ашиглана. Мөн манай социализмын эринээс үлдэж хоцорсон айхтар зуршил бий. Нийгмээр нь хавтгайруулан тэгшитгэх з
Зочин [66.181.161.238] 2023-03-10 14:46:22
уршил. Зарчим гэмээр юмуу. Энэ нь иргэдийн тархинд бүүр рефлекс болоод суучихсан. Үүнийг ч мань професор чамгүй ашигласан байх. Айкү гээл орилонгуут бүгдийг айкүд хамруулах ёстой гээл. Одоо камьбриж, оксфордын сургалт гээл ярингуут бүгдийг хамруулах ёстой гээл хашгирч байгаатай адил. Бодит байдал дээр тийм юм огт байдаггүй. Бид Монголчууд мунхаг, дураараадаа л тэгэж орилж буй хэрэг. 30 янзын хүүхдийг боловсон жорлонд оруулаад хар. 30 янзаар бие засах гэнэ. Ганц нэг цөөхөн нь л зөв соёлтой бие засна. Монголчуудын сэтгэхүй тийм. Тэгсэн мөртөө бүгд нэг загварт орох ёстой гэж дайрдаг нь социализмын үзэл суртлын үлдэгдэл л гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ? Сая засгаас бүх хүүхдүүдийн шүдийг 4000-аар эмчилнэ гээл дайрлаа. Шүд нь эрүүл байсан ч паалан түрхэх нь ээ дээ? Яг нөгөө хүүхэд болгонд айкүгийн ном өндөр үнээр шахдаг шиг. Үүнийг мань Дэмбэрэл шиг професорууд л овжин харж ашиглаж байгаа хэрэг. Удахгүй бүгдийг EQ-н сургалтанд суулгана гээл давалгаална. Яг л нөгөө айкү шигээ бизнес л хийнэ гэсэн үг. Тэгээд төрөөс санхүүжүүлэн хүчээр бүх хүүхдэд мэс засал хийн Инээмтгий Хүмүүсийг олноор төрүүлэхээ ч ядахгүй. Бодохоос ч аймшигтай. Бүгдэнд нь Уйгаржин бичиг заана гээд 30 жил ухнатсаны эцэст хэлний дүрэм баримталж алдаагүй бичиж чадах хүн өдрийн од шиг болсон. Бид хэзээ энэ комунист зуршлаасаа салах вэ? Бүгдийг комунист ёсоор төлөвлөх гэнэ. Бүгдийг комунист үнэлэмжээр шүүх гэнэ. Эрх чөлөөт нийгмийн ололтоо комунист үнэлэмжээр шүүгээд бидэнд ямар давуу тал ирэх вэ?
Зочин [192.82.69.69] 2023-03-10 14:01:45
ЕРӨӨСӨӨ ГАДАА Ч ГЭРТ Ч, ГУДАМД Ч ОРОНДОО Ч ЭНЭ ГАР УТАСНААС САЛАХГҮЙ БОЖДЭЭ ХӨГҮИН ЗАЛУУГҮЙ, ҮНЭХЭЭР ХАРАМСМААР, ҮЗЭН ЯДМААР