Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчдийн жагсаал дахин болжээ
Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчдийн жагсаал дахин болжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид уг хуулиа эргүүлэн татахыг Засгийн газраасаа шаардан өнгөрөгч бямба гарагт жагсжээ. Франц даяар өрнөсөн эсэргүүцлийн арга хэмжээ тус улсын нийслэл Парис хотод ч мөн болсон байна.
Энэ нь он гарснаас хойших долоо дахь удаагийн жагсаал юм. Олон нийт эрс шийдэмгий хэвээр байсан ч, өмнөх жагсаалуудтай харьцуулахад цар хүрээ нь бага байжээ. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Франц даяар болсон уг арга хэмжээнд 368 мянган хүн оролцсон байна. Харин тус улсын үйлдвэрчний төв эвлэл, сая гаруй хүн жагссан гэж мэдээлжээ.
Хэд хэдэн хотод цагдаа нар эсэргүүцэгчидтэй мөргөлдөж, перцеер шүршигч гэх мэт зүйлс ашиглажээ. Энэ хооронд Францын парламентын дээд танхим тэтгэврийн насыг 62-64 болгон шинэчлэх хуулийг 195/112-ын харьцаагаар дэмжсэн байна. Одоо үүнийг хоёр танхимын нэгдсэн хороо хянах бөгөөд санал нэгдсэн тохиолдолд дээд, доод танхимын эцсийн санал хураалт пүрэв гарагт болох магадлалтай байна.
Гэхдээ Францын үндэсний ассамблей буюу парламентын доод танхим хуулийг батлах эсэх нь тодорхойгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Үүний тулд Макроны нам холбоотнуудынхаа дэмжлэгийг авах хэрэгтэй болох юм.
Харин хангалттай дэмжлэг авахгүй гэж үзсэн тохиолдолд Францын Засгийн газар хуулийг санал хураахгүйгээр парламентаар оруулж үндсэн хуулийн эрхээ ашиглах боломжтой гэдгийг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Сэтгэгдэл