Тогтолцооны өөрчлөлтийг тоглоомын улс төрөөс ангижруулах уу?
Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэн, төрийн дураар авирлалтыг хязгаарлах суурь өөрчлөлтийг “тогтолцооны өөрчлөлт” хэмээн харьцангуй ч эерэгжүүлэн ойлгож болохоор ажээ. Гэвч сүүлийн 30 гаруй жилд Монголд давамгайлж буй улс төрийн хандлагыг авч үзвэл тохиролцож, тоглоомын аргаар улс орны ирээдүйг хэт цөөнх буюу бүлэглэл эрхшээж ирсэн дүр зураг тодорно.
Одоогийн Ерөнхий сайд нэгэнтээ таван “Ш” ажиллагааг эхлүүлж авлигалын тогтолцоог шүүрдэхээр мэдэгдсэн. Асуудлыг ийнхүү хураангуйлан томъёолж эрс шийдэмгий ажиллаад үр дүнд хүрч чадвал муугүй. Харин шүүхийн тогтолцоо нь авлигалын эсрэг бус урсгалд нь түрэгдээд байвал тохиролцооны улс төр давамгайлж, толхилцооны жүжиг голлосон тоглоомын засаглал дахин дахин заларч хямралын үүдийг хаах нь бүү хэл хамаг эвдрэлийн үүдийг нээх аюул бий.
Нэгэнтээ дээд шүүхэд бүртгэлтэй жижиг намууд тогтолцооны өөрчлөлтийг дэмжихээ дуу нэгтэй илэрхийлэх цаг дор Ерөнхий сайдын ар хударга МАН-ын дахан доогуур нуугдах бохир тогтолцоо ба шударга үнэнийг хүсэмжлэх ард түмний хүсэл сонирхол хаана зөрөлдөх эсвэл огтлолцохыг цаашдын үйл явдлууд харуулах бололтой.
Ардчиллын амин сүнс гэгдэх иргэний нийгмийн үнэт зүйлсийг хэрчиж, эрх баригч намын фракциуд улс орноо хэсэг бусагаар тасчин зулгаасаар ахул ямар ч гэрэлт ирээдүйн тухай хэдэн мөр шад сайн сайхан илтгэл хэлэлцүүлээд, олон олон баринтаг цаас үнэдэн хэвлэж тараагаад нэмэргүй бололтой.
Харин үнэхээр түүхэн цаг үеийг зөв ойлгож дүгнээд дэлхийн улс төр эдийн засаг, газарзүйн нэн шинэ хандлагуудыг цэгцлэн авч үзсэнээр улс орныхоо өнө холын ирээдүйг бодох зангаргатай улс төрч, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчний намууд нийтийн эрх ашгийг нэн түрүүнд эрэмбэлэх дээрээ нэгдэж нягтарах цаг ирсэн. Гол нь хуурмаг хуудуутай улс төрийг урьтал болгох аваас юу мөрөөдөөд ч нэмэргүй.
Сэтгэгдэл
Том намаа жижигсэж чадах уу? Эсхүл жижиг намууд томорч чадах уу? [139.5.218.33] 2023-03-16 12:44:27
Нэг л үндсэн асуулт байгаа. МАН бутарч бусад намуудтайгаа адил болох уу, эсхүл буусад намууд нэгдэж МАН-тай адил хэмжээ нөлөөний том нам болох уу? Энэ асуудлыг шийдэхээс НААШ Монгол Улсад ЮҮ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. Цаг хугацаа яваад л, бид хөгшрөөд л, улс төр сонирхохоо болиод л. Гэтэл улс төрд ЮҮ Ч ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ. Харамсалтай юмдаа.