Соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор энэ байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдлаа.
Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2016 оны 39 дэх Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Зөвлөлийн гишүүн 36 орныг 40 болгон нэмэгдүүлсэн гэв.
Зөвлөлийн гишүүн улсуудыг агаарын тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг, агаарын навигацид их хувь нэмэр оруулдаг, газар зүйн голлох бүс нутгийн төлөөлөл гэсэн гурван ангиллаар Ассамблейгаас гурван жилийн хугацаатай сонгодог. Протокол нь нийт 128 гишүүн улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 80 улс нэгдэж, соёрхон батлаад байна. Монгол Улс багтдаг Ази, Номхон далайн бүсээс долоон улс буюу Австрали, Хятад, Япон, Энэтхэг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос улс Зөвлөлийн гишүүнээр 2022 онд сонгогдсон байна. Монгол Улс энэхүү Протоколыг соёрхон баталснаар Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг болох юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн хуралдаанаараа хэлэлцсэнийг тодотгоод төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 72.7 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44-т заасны дагуу “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу хуулийн төслийн санал хураалтыг түр хойшлуулж, дараагийн асуудлыг хэлэлцсэн.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус танилцуулав.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь агаарын навигацийг өргөжүүлэх гишүүн улсуудын санаачилгыг дэмжиж, 2016 оны 39 дүгээр Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Агаарын навигацийн комиссын гишүүний тоог 19 байсныг 21 болон нэмэгдүүлсэн.
Агаарын навигацийн комисс нь олон улсад агаарын навигацийг хөгжүүлэх бодлого тодорхойлох, мэдээлэл цуглуулах, стандарт, шаардлага тогтоох, зөвлөмж боловсруулах, техник, технологийн асуудлаар дэд комисс томилон ажиллуулах зэргээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй байнгын ажиллагаатай комисс юм. Уг комиссын бүрэлдэхүүнийг гишүүн улсаас нэр дэвшүүлсэн, иргэний нисэхийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй хүмүүсийн дотроос Зөвлөл сонгон шалгаруулж томилдог гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан.
Протокол нь гишүүн орны гуравны хоёр буюу 128 улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 80 улс нэгдэн ороод байна. Монгол Улс энэхүү Протоколыг соёрхон баталснаар Агаарын навигацийн комиссын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын агаарын навигацийг өргөжүүлэх, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах боломж бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд дэмжлэг болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хуралд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан дурдаад хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 75 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс иргэний нисэхийн навигацийн орлогыг тодруулахын зэрэгцээ олон улсын болон дотоодын нислэгийн тийзний үнэ, тарифыг хямдруулах асуудлын хэрэгжилтийн талаар илүүтэй тодруулсан.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Иргэний нисэхийн навигацийн орлого буурсан. 2019 оны эхний хоёр сард улсын төсөвт навигацийн орлого 21 тэрбум төгрөг орж байсан бол 2023 оны эхний хоёр сарын байдлаар зургаан тэрбум төгрөгөөр буурсан. 2022 онд улсын төсөвт навигацийн орлого 100 гаруй тэрбум төгрөг орсон бол 2019 онд 300 тэрбум төгрөг орж байсан. Навигацийн орлого буурсан шалтгаан нь ОХУ, Укрианы дайнаас үүдэн Монгол Улс дээгүүр нисдэг нислэгийн тоо огцом буурсантай холбоотой” хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр, олон улсын онгоцны тийзний үнэ нэлээдгүй буурсан.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцны тийзний үнэ 2 сая 500 мянган төгрөг байсан бол 1 сая 200 мянган төгрөг болж буурсан байх жишээтэй. Дотоод нислэгийн үнэ буурахгүй байгаа. Тийзний үнийг бууруулах талаар Улсын Их Хурлаас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам анхаарч, ажиллаж байна хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал уламжилсан юм. Иймд Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгсөнөөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрүүлч [66.181.160.39] 2023-03-19 22:13:28
Жирийн иргэдтэй хэлэлцээгүй байж "хуулийн төсөл" гэгчийг хийдгээ болиорой, УИХ-ын хууль тогтооч буюу гишүүд ээ.