ЗАХ ЗЭЭЛИЙН ГЭЖ ЭНДҮҮРСЭН ХУЛГАЙН ЭДИЙН ЗАСАГ

Aдмин / Эдийн засаг

Зах зээлийн эдийн засаг чөлөөт, эрүүл тогтолцооны үр шим бий болох ёстой. Гэвч Монголд хулгайн луйврын хар хөшиг татжээ. Хөгжлийн банкнаас төгрөг мөнгө тэрбумаар нь тэврээд, хөөрхий улс орноо холгон, дээрэмдээд зугтдаг монголын нэгэн үеийн улс төрчдийн булхайг хожим түүх шүүх биз. Эх орныхоо гурван сая иргэний боломжийг юу ч үлдээхгүй ховх сорж улсын төсвөөс давсан сүүдрийн эдийн засгийг босгож, гараа харлаж, ухаандаа тортог суутал нүүрс хулгайлсан эрх баригчдын бүлэглэл хэдэн жил амь бөхтэй орших вэ?. Хэчнээн монголчуудын ядуурал, цагаачлал, зовлон зүдгүүрийн шүүсээр ханаж цадах шунал юм бол.

Хулгайн мөнгөөр улс төрийг худалдан авч ханцуйндаа наймаалцаж, өвдөг тохойгоороо түмнийхээ нурууг нидэрч таашаал авдаг авлигалчин үеийг хэдэн зуун жил бусдын дарлалд хагас амьсгаатай, дундуур эрх чөлөөтэй оршсон монголчуудын үйлийн үр, өсөхийн өлөн гэж хэлтрүүлэх үү. Ирээдүйгээ дэвсэлж, итгэл найдварыг газрын хөрсөнд булах энэ мэт явуургүй хомхой шунал хүсэл эцэстээ улс гүрнийг ч залгих хэмжээнд хүрдэг гэдгийг хожим ирээдүй харж гашуудах биз.

Төрийн эрүүл саруул бодлогоор хууль шүүхийн байгууллагын шударга, зарчимч үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зөвхөн энэ үеийн эрх баригчдад ч бус ойрын хэдэн жилдээ Монголд хэрэгжих туйлын шаардлага бий. Бидний итгэж, найдаж, хүндлэж, даган дуурайдаг ахмад үеийнхэн улс орноо өм цөм дээрэмдэн тэрийгээ ч юман чинээнд тоохгүй байх дадалд биднийг сургах гэж оролдох нь гашуудам хэрэг мөн.

Зах зээлийн тогтолцоог завших технологийн үүр уурхай болтол нь батжуулсан бохир улс төрийн нүүгэлтсэн хана хэрэм нуран унах нь цаг хугацааны асуудал ч эмзэг үеийг далимдуулан энд тэндээс өнгөлзөх харийн санаархал монголын чөмгийг ховх сорох хүйтэн цэвдэг шунал сэдэл энд тэндгүйг ч бид санах ч ёстой.

Иймийн тул түүхэн цаг хугацааны эрхээр бидэнд заяагдсан эрх чөлөө тусгаар тогтнолын өрөөсөн багана эдийн засгийн эрүүл шударга тогтолцоог бүрдүүлж чадах нөөц бололцоо бидэнд хангалттай бий.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.242] 2023-03-21 14:49:17

хулгайн эдийн засаг гэх нь ч хаашаа юмб !? гол нь наад нам гэдэг улс төрийн байгуулага чинь хулгайч нараар дүүрчихээд байна ш дээ, наад хулгайч нараасаа намаа цэвэрлэхгүй бол цаашаа явалтгүй ...

Зочин [192.82.80.106] 2023-03-21 09:47:14

Төрийн албаны бүх шатанд хулгай нүүрлэжээ, улс орноо зөв удирдаж , байгалийн баялгын орлогийг зөв зүйлд зарцууосан бол өдийд Монгол улс. Дубайн дайтай хөгжиж. гадаадын жуулчдаас мөнгө сааж баян тансаг амьдрах боломж байсан шүү, эх орны ирээдүй болсон залуучууд минь гаднын орны хөгжилд тус болж байснаас эх орондоо хөдөлмөрлөх боломж той байсан бол улс орны хөгжилд хэрэгтэй ажиллах хүч юмсан даа

зочин [202.131.245.69] 2023-03-21 09:35:02

энэ хулгай бүх үйл ажиллагаа бүртгэлгүй, бүртгэлд тавих хяналт байхгүйтэй холбоотой. Наад зах нь худалдаа, үйлчилгээний газар бүрт кассын аппарат байхгүй, төлбөрийн баримт өгдөггүй, нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, албан бус үйл ажиллагаа хэт их байгааг журамлах хэрэгтэй. чөлөөтэй жижиг дунд үйлдэрлэл эрхэлнэ гэдэг нэрийн доор бүртгэлгүй, татвараас зугтаасан нуусан үйл ажиллагаа газар авсны нотолгоо. аж ахуйн нэгж, хүн ам, өрхийн бүртгэлийг албаар будлиантуулж хулгайгаа хийж байна. хамгийн гол нь бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй түвшинд ийм зөрчил дутагдлыг арилгаж засаж залруулах хүн маш цөөн байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.