Гэр хорооллынхны гамшиг буюу “ХӨРСНИЙ БОХИРДОЛ“

Aдмин / Нүүр

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, утааны асуудлыг түр мартав. Бидний асуудал дуусах биш. Нэг нь дуусаад л нөгөө асуудал гарч ирнэ.

Нийслэлчүүд агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, усны хомсдол зэрэг асуудлаа шийдэх гэж багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарлагаддаг. Гэтэл бодит байдал дээрээ ажил болоод асуудал нь багассан зүйл огт үгүй.

Хөрсний бохирдлоос үүдэн 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог. Цусан суулга, халдварт шар, урвах тахал болон малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз, мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, амьсгалын замын өвчин хөрсний бохирдлоос үүсдэг аюултай юм.
Үүнээс гадна гэр хорооллын зарим иргэдийн аминчхан үзэл буюу “Манай хашаа цэвэрхэн бол бусдынх ямар байх нь хамаагүй” гэх сэтгэлгээ нь ойр орчмынхныг нь хордуулах нь бий. Гэвч тэд үүнийг оошоодоггүй нь харамсалтай.

Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна.

Хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хорыг дэгдээж байна. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байна. Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй.

Хөрсний бохирдлоос салахад хот төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулах үндэсний хэмжээний төрийн бодлого үгүйлэгдэж байгааг үеийн үед хөндөж ирсэн ч энэ асуудлыг шийдвэрлэх талаар хотын дарга таг дуугүй суусаар.


Сэтгэгдэл

зочин [64.119.18.241] 2023-03-21 21:48:19

Гэр хорооллын дэд бүтцийг эхнээс нь төр засаг шийдэж өгсөн бол өнөөдөр ийм байдал үүсэх байсан уу? Юм болгонд иргэд буруутай гэж үздэг социалист коммунист арга барилаасаа төр засаг хэзээ татгалзах вэ? Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайж сураач ээ. Дэндүү ядуу буурай, гуйлгачин нийгэмд иргэд амь зуух гэж бүсээ чангалсаар одоо бүр тасрах дөхөж байна уу? Хүн амын дийлэнх нь өвчтэйн зэрэгцээ хеликобактеритай, холестринтэй, хомхойн вирустай юу?

Зочин [202.131.225.53] 2023-03-21 14:24:56

энэ бас аюулын харанга дэлдэж байгаа асуудал шүү

Зочин [202.9.46.83] 2023-03-21 13:02:08

2030 онд дэлхий ундны усгүй болно гэж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.