Н.Нарангэрэл: Замын-Үүд боомтоор өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр Гаалийн Ерөнхий газраас боомтын үйл ажиллагаа хэвийн горимл шилжсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл энэ үеэр "УИХ-аар батлагдсан "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын сэргэлтийг хийж буй. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтуудыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлсэн. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил, зорчигч тээврийн терминалийн ажил дуусч, сая ашиглалтад хүлээн авсан.

Ачаа тээврийн терминалийн бүтээн байгуулалт 2023 оны долдугаар сард дуусахаар төлөвлөж байна. Зорчигч тээврийн терминалийн үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн. Өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна.

Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас ажлууд нэлээд хойшилсон ч энэ онд бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас ажил нь эхэлнэ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн. Боршоо боомтын ажил 2020 онд эхэлсэн. Улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ. Алтанбулаг боомтын ажил 2019 онд эхэлсэн. Цар тахлын улмаас хойшилсон ч бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна. Үүнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам, 30 мянган метр кв зогсоолын шинэчлэн барьж байна. Тээврийн хэрэгслийг ухаалгаар бүртгэх гарцууд ашиглалтад орно. Хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд хүлээн авсан. Одоо ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ боомтоор төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах судалгаа гарсан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажлыг мөн 2019 онд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 65,5 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Боомтын шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт 19, ачаа тээврийн хэсэгт 18, дэд бүтцийн 5 барилга байгууламж, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30 мянган м2 зам талбайг ашиглалтад оруулна.

Харин Сүхбаатар аймгийн Бичигт боомтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тендер зарласан боловч нэг удаа хойшилсон. Одоо авто замын тендер нь шалгарч, бүтээн байгуулалтын тендерийг энэ хавар дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд ачаа тээвэр болон зорчигч тээврийн хэсгийн хөдөлгөөнийг тусгаарлан, зорчигч тээврийн цогцолбор, гаалийн лаборатори, инженерийн шугам сүлжээ, зам талбай, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна." гэдгийг энэ үеэр онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.