​П.ЭРХЭМБАЯР: ЕРӨНХИЙ САЙД ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧИЖ, ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ РУУ НӨЛӨӨЛӨӨД БАЙНА

Aдмин / Хууль

Хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Хөгжлийн банкны нээлт­тэй сонсгол гурван сарын турш Төрийн ордонд болж өндөрлөлөө. Та хуульч хүний хувьд энэ сонсголын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хөгжлийн банкны сонс­гол явагдсан процесст эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэдэг төрийн эрх мэдлийг хуваарилсан гурван зарчмыг алдагдуулсан. Хууль тогтоодог, бодлого боловсруулдаг байгууллага болох УИХ нь өнөөдөр шүү­хийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Хүний эрхийн мэдрэмжгүй, хувийн мэдээллүүдийг задлуулаад олон нийтээрээ, нийгмээрээ хэлэлцлээ.

Тэдний ард түмэнд таалагдах гэсэн энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байгаа нэг илрэл гэж би харж байгаа.

-Хөгжлийн банкны сонсгол хуульд яаж харшилсан юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн зүйлийн 2-д “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж тодотгосон. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй субъектууд ч гэж бий. Тэр дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

-Сонсголын хуулиараа явсан юм биш үү?

-Сонсголын тухай гээд УИХ өөрсдөдөө бичсэн нэг хуультай. Тэр хуулийнхаа хүрээнд сонсгол явуулна гэдэг. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын ажил бий. Тэр процессынхуулиудад гэрч гэдэг нэг л хуулийн зүйл заалт байгаа. Гэрч гэж хэнийг хэлдэг, түүнийг хэн дууддаг, ирээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх тал дээр хууль эрх зүйн орчин Монгол Улсад үйлчилж байгаа. Одоо шүүх гэдэг танхим нь Төрийн саарал ордон болчихсон. Шүүгч гээд хэдэн УИХ-ын гишүүн суугаад, хэнд таалагдахын тулд ийм жүжиг тавиад байгааг ойлгохгүй байна. Магадгүй сонсголын дараа дүгнэлт, зөвлөмж гэж гаргаад шүүх рүү хүргүүлж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа юм уу. Тэнд хэн гэм буруутай юм, ямар хэмжээний хохирол учруулсан юм, үнэхээр зээл олгохдоо авлига албан тушаалын нөлөө орсон юм уу гэдгийг зөвхөн Монгол Улсын шүүх л шийднэ. Шүүгч эцсийн байдлаар шийдвэрээ гаргана. Тэрэнтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүдийг прокурор авч, шүүх хуралдаан дээр хамгаалах, цагаатгах талын байр сууриа хэлэлцүүлээд эцсийн шийдвэрээ гаргадаг. Тэрнээс биш Төрийн ордон гэдэг шүүх дотор УИХ-ын гишүүн гэдэг шүүгч суугаад энэасуудлыг шийдэхгүй. Тиймээс Хөгжлийн банкны сонсгол сууриараараа Үндсэн хуулийн зөрчилтэй. Магадгүй хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөр зөвтгөх гэж оролдохыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс заавал очих шаардлагагүй байсан уу?

-Ирэхгүй байх үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Өөрсдөө дуудсан цагт нь гүйж очоод л тэрийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулаад л, хэн нэгнээс оноо авах гээд байгаа юм шиг энэ үйлдэл өөрөө сайн зүйл биш. Энэ бол Үндсэн хуулиар бий болсон тогтолцоог нулимж, шүүхийг муухай харагдуулах гэсэн оролдлого.

-Ингэхэд шүүх хараат бус байж чадаж байна уу?

-Сүүлийн үед шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх сонирхолтой маш олон субъектууд бий болсон харагддаг. Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж жагсахаар Хууль зүйн яам ньгарч ирэнгүүтээ ийм 17 субъект байна гээд нэрлэдэг. Эсвэл АТГ нь үүнийг гаргаж ирж тавьдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс түрүүлээд гэм бурууг тогтоож өгөөд байгаа юм уу. Иймэрхүү байдлаар шүүхийн тогтолцоо руу халддаг, нөлөөлөх гэж оролддог улстөрчдийн ашиг сонирхол улам газар авч байна.

-Ерөнхий сайд олон нийтийн телевизээр ярилц­лага өгөхдөө “Шүүхийг би нүд цавчилгүй харж байгаа шүү” гэж хэлсэн. Энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж харж болох уу?

-Ерөнхий сайдын энэ үг яалт ч үгүй шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж байгаагийн тод кэйс л дээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ үгээрээ “Шүүх аливаа хэргийг үнэн шударгаар шийднэ гэсэн итгэлтэй байгаагаар харж байгаа шүү” гээд байгаа юм уу. Эсвэл “Би та нарыг харж байгаа шүү. Энэ хулгайч нартаа ял өгөөд явуулаарай” гэдэг байдлаар заналхийлээд байгаа юм уу. Ер нь шүүх засаглал, Засгийн газар хоёр хэн нь хэнийхээ дээр биш. Хэн нь ч хэнийгээ захирахгүй. Захирагдах үүрэг ч байхгүй.

-Нүүрсний хулгай өндрөө авч байх үед Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс авлигад идэгдсэн дараагийн салбаруудыг дэлгэнэ шүү гэж анхааруулж байсан. Тухайн үед хүмүүс янз бүрээр хүлээж авна лээ. Харин та яаж харсан бэ?

-Засгийн газрын тэргүүний энэ мэдэгдэл Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. АТГ эсвэл прокурорын байгууллагын төлөөлөл, аль нэг хэргийн хүрээнд энэ асуудлаар мэдэгдэл хийж байгаа юм шиг, магадгүй хэн нэгнийг заналхийлж буй мэтээр дуугарсан. Зарим шүүгчийн тал нь хуучин Ерөнхийлөгчийн хүмүүс гэдэг байдлаар хандсан нь шүүхийн хараат бус байдал руу маш том нөлөө үзүүлж байна гэж харж байгаа. Энэ нь Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдал руу нөлөөлөөд байна гэсэн үг.

Үнэхээр Ерөнхий сайд Үндсэн хуулийн зөрчилтэй агуулгаар мэдэгдэл хийсэн бол хуульчид Үндсэн хуулийн цэц рүү хандах боломж нь нээлттэй. Бид болохгүй байгаа зүйлийн талаар дуугарахаасаа айдаг, эсвэл ийм зөрчлүүд гараад байхад чимээгүй байсаар эрх баригчдыг өөгшүүлчихжээ. Нөгөөдүүл нь ч дураараа аашлаад сурчихсан. Шүүхийн ерөнхий зөвлөл хамгийн түрүүнд “Ерөнхий сайд ийм агуулгаар мэдэгдэл гаргалаа. Энэ нь шүүхийн хараат бус байдал руу нөлөөлсөн байж болзошгүй байна, үүндээ анхаараарай” гэх байдлаар мэдэгдэл гаргах ёстой байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг бол шүүгчдийн хараат бус байдлыг хангах, нийт хуульч дундаа шударга ёсыг бэхжүүлэх шүүгчдийг олж тогтоох. Гэтэл энэ ажлаа хангалттай хийж чаддаггүй. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд нь парламентын индэр дээрээс шүүх рүү дуртайгаараа дайрч, нөлөөлөх гэж оролдсон мэдэгдлүүд гаргаад байна гэдэг бол Шүүхийн ерөнхий зөвлөлд хийх ажил их байна гэсэн үг.Бусад хуульчид бас энэ тал дээр байр сууриа илэрхийлээд, нийгэмд зөв ойлголт өгөөд явах нь нээлттэй.

-Хуульчид дуугарахгүй байна гэдэг чинь айдастай байна гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Монголын хуульчдийн холбоо бол төрийн аль нэг байгууллагын харьяанд байдаггүй. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд чөлөөтэй дуугардаг байх ёстой. Магадгүй нийгэмд дуугарлаа гэхэд цагдаа дээр байгаа хэрэг нь удааширдаг, прокурор дээр байгаа хэрэг нь хэрэгсэхгүй болдог зэрэг байдлаар ажилд нь нөлөөлдөг гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Үнэн хэрэгтээ Монгол Улсын хэмжээнд хуулийн хариуцлага маш өндөр байдаг. Шүүх засаглал болон тогтолцоог илүү шударга, хурдан шуурхай болгоё гэж хүсэх юм бол эндоролцож байгаа субъектуудыг бие даасан халдашгүй байл­гах, зохицуулалыг сайжруулах хэрэгтэй.Ингэхгүй бол мянга хуулийг нь чангатгасан ч тодорхой үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ гэх зэрэг том, том хэр­гүүдийг хэн бариад удааш­руулаад байна вэ гэхээр “Нөгөө л прокурорын байгууллага нь шалгаж байна, шинжээч дүгнэлтээ бичиж дуусаагүй байна,мөрдөгч рүү буцаалаа, дахиад хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй боллоо” гээд удааширдаг. Үүнийг цагдаа, прокурор хоёр л хийгээд байгаа. Шүүх эдгээр хэрэг очоогүй байдаг. Ийм байхад Засгийн газрын гишүүд нь индэр дээрээс олон юм яриад байж болохгүй л дээ. Өөрсдийнх нь дор байгаа байгууллагууд нь хэргийг нь барьчихаад шүүх буруутай, шүүх шударга шийдэхгүй, шүүх авлигадидэгдсэн гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [104.59.127.168] 2023-03-24 03:02:31

Ийм сонсгол явуулах нь зөв. Луйварчтд нь ядаж авсан мөнгөө төлөхгүй бол болохгүй боллоо гэдэгдохио авч байгаа байх. Шүүх ажиллагааг хурдан шуурхай болгохын тулд ард түмэнд бүх улстөрчдийн компаниуд хаанаас мөнгө аваад, төлөхгүй яваад байгааг ил тод болгож байж , ард ьүмний дэмжлэг шахалтаар төрийн мөнгийг буцааж. авах хэрэгтэйш дээ. Ард түмэнд боломж олгохгүй хуйвалдаана банк яваад байж боллхгүй ш дээ. Өгч байгаа тайдбар нь төр ажил хтйлгэх боломж өгөхгүй байна ч гэх шиг. Хэрэв энэ сонсголын ажиллагаа хууль зөрчиж байна гэж байгаа бол хуулид нь оруулаад энэ ажиллагааг улам эрчтэй явуулах хэрэгтэй. Шүүх нь шударга ажиллаж чадахгүй энэ үед төрөөс ийм арга хэмжээ зохилн байгуулар нь зөв.

Зочин [150.129.143.246] 2023-03-22 11:13:58

Бөгсний алчуур

Зочин [203.98.76.9] 2023-03-22 11:07:13

Хөгжлийн банкны сонсгол нь үндсэн хууль зөрчөөгүй, хэнд ч ял оноогоогүй. Бүх мэдээллийг л ард түмэнд ил болгосон. Хэрвээ шүүгчид шударга ажиллаж байсан бол сонсгол гэдэг ухагдахуун гарч ирэхгүй л байх байсан. Шүүгч буруу шийдвэр гаргавал цаг тухайд нь хариуцлага тооцдог хууль эрх зүйг хэрэгжүүлэх хэрэгтэй

ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-22 10:10:32

ХУЛГАЙЧИЙН ГАР ХӨЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ҮР УДМАА Ч ӨГЧ ЧАДАХ ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧУУД БҮҮ ХУЦМОЙ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.