Нүүрсчид үлдэж, УИХ "явах" уу?!

Aдмин / Улстөр

Ерөнхий прокурорын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн санал УИХ-ын даргын гар дээр очсон. Ажлын хоёр өдөр өнгөрлөө. Хуулиараа тав хоногийн дотор шийдэх ёстой.

Ер нь бол УИХ руу анх удаа ийм бичиг орж байгаа юм биш л дээ. Ерөнхий прокурор санал гаргаж л байдаг. Мань гишүүд “ангижав”-уудаа аваад л үлдчихдэг. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар гурав бол энэ УИХ-д ирж буй Ерөнхий прокурорын хоёр дахь санал болж байна. Гэхдээ энэ удаад өмнөх ЖДҮ, Хөгжлийн банк шиг Ерөнхий прокурорын саналыг буцаагаад шидчихэж арай л болохгүй. Учир нь олон нийт яагаад ч хүлээж авахгүй.

Эрхэм гишүүд ч “...Хөөрхий, Аюур, Ажнай, Нараа минь” гэхээсээ өмнө “...Нүүрсний хулгай гэж юу билээ” гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэдэг бол шоронд аваачаад хийчихэж байгаа юм биш. Түр бүрэн эрхээсээ татгалзаад л шалгуулах явдал юм. Магадгүй, мөрдөн шалгах явцад гэм буруугүй нь тогтоогдож болно. Тэгвэл удахгүй буцаад л ирнэ. Хамгийн цаагуур бодоход шүүхээр ороод “...Гэм буруугүй” гэсэн шийдвэр гаргуулчихаад нэр төртэй буцаж ирээд бүрэн эрхээ сэргээлгэх боломжтой.

Харамсалтай нь Ерөнхий прокурорын нэр дурдсан гишүүд ингэж бодохгүй байгаа бололтой. “...Би гэм буруугүй” гэж хэлэх атлаа түүнийгээ нотлуулж, шалгуулах үйлдэл хийхээс эмээж байгаа нь ойлгомжтой байна.

Энэ гурван гишүүний нэг нь УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбумыг амлаж байгаа дуулдана. Баталгаагүй мэдээлэл л дээ. Гэхдээ “...Олны яриа ортой” л гэдэг юм.

Арваад жилийн өмнө Монголын нэг том ордыг 40 сая ам.доллараар хувьд авчихсан гэж яригдаж л байдаг юм. Сүүлд нэг Засгийн газар огцрохгүй үлдэхийн тулд хайн хагалсан гишүүнд хоёр тэрбумыг ч билүү өгсөн л дуулддаг. Эдгээрийг яриад байгаа нь сонгогчдынхоо саналыг худалдаж идсэн ийм үйлдэл хэдэн жил ч болсон яригдаж л байдаг. Хэзээ нэгэн цагт бүх баримтаараа дэлгэгдэж ч мэднэ гэдгийг хэлэх гээд байгаа юм.

Үүнээс гадна АН-ынхан “...Намынхаа гишүүнийг хамгаална” гэчих юм. “...Сайн хүн байсан юм сан” гэдэг шиг мөн ч хүчтэй нам байж билээ. Ахиад босдогийн даваан дээр “амиа хорлох” шиг шийдвэр гаргачихдаг юм байна, тэд. Харамсалтай л хэрэг болов.

Энэ яахав, улс төрийн нэг л нам шүү дээ. Харин УИХ ийм байр суурьтай байж, нүүрсний хулгайд холбогдсон гишүүдээ авч үлдвэл ёстой баларсан юм болно. Зарим гишүүн бол байж болох юм. “:...Яадаг юм, тэрбумыг нь авчихаад аваад үлдье. Ганц л кноп шүү дээ” гэж сэдэж байж болох юм. Хамгийн гол нь нууцаар санал хураадагт дулдуйдаж тийм шийд гаргана шүү дээ. УИХ-ын тухай хуулийн 9.5-д “...Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэчихсэн.

Гэвч асуудлын гол нь “...Бүрэн эрхээсээ хагацахгүй” гэсэн гишүүний тарааж буй гэх тэрбум тэрбум төгрөгөнд байгаа юм биш шүү. Тэрчлэн “...УИХ-ын гишүүд шударга бустай эвлэрлээ”, “...УИХ нүүрснийхнийг хамгааллаа” гэж шүүмжлүүлэхдээ ч биш юм. Нүүрсний хулгайтай холбоотой гишүүдийг түдгэлзүүлэх санал Ерөнхий прокуророос дахиад ч орж ирнэ. Ерөөсөө эдгээр хардлага шүүмжлэл юу ч биш. Олон нийт маш их дургүйцнэ. Эсэргүүцнэ. Тэмцэж ч болзошгүй. Ер нь л үр дагавар нь УИХ-д маш муу тусна. Хэрвээ энэ УИХ нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдвэл өөрсдөө явах шаардлага үүснэ. “...Энэ анги 2024 оны хавар хүртэл тэсэхгүй. Төгсөж чадахгүй л болов уу даа” гэж жаахан хөнгөндүү хэлж болох юм. Товчхондоо, нүүрснийхэн үлдвэл УИХ “явна” гэхэд хэтийдсэн болохгүй л болов уу. Тэр утгаараа нүүрсний хулгайтай холбоотой гишүүдийн үнэ тэрбум тэрбум төгрөг биш, бүхэл бүтэн УИХ-ын хувь заяатай дүйцнэ. Дашрамд, эрхэм гишүүд ийм цаг үед 2020 оны зургадугаар сарын 30-нд “...Яана, ийнэ” гэж тангараг өргөснөө санавал сайн. Тэрийгээ дагавал бүр сайн. Тэд УИХ-ын тухай хуулийн 7.2-т заасанчлан “...Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагласан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Монгол [103.212.119.41] 2023-03-29 11:54:34

Монголын, төр, хулгайч, худал, луйварчин, мэхлэгч, хахууль, алуурчин, нарын, үүр, болсон, нь Нам, нэрээр, сэм, нэгдсэн, хулгайч, нарт, хууртаж, байгаа, ард, иргэд Нам, дагаж, дарагын, бөхс, долоогч, тэнэгүүдийн, буруу, сонголтоос,, үүдэлтэй, Нам,, дагаж, пп, бөхс, бүү, долоо,, ард, олон, михь

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-29 09:14:49

ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ БОЛ ИРГЭД ЖАГСААЛ ХИЙЖ УИХУЛГАЙЧДИЙГ ТАРААНА АА МУУСАЙН СДАНУУДЫГ ЖИНХЭНЭ ЧУЛУУГААР ЦОХИОЖ АЛАХ ЮМ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.