Н.ТЭГШБАЯР: МОНГОЛЫН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАЙРАНД ӨЛГИЙДҮҮЛЖ, СЭТГЭЛИЙН ДЭМ, ИТГЭЛИЙН ГАЛ, ШУ-НЫ ХҮЧЭЭР БОССОН ДОО

Aдмин / Технологи

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяртай хорт хавдрыг даван туулж, элгээ солиулсан талаарх түүхийг хуваалцлаа.


БАГААСАА ТООНД ДУРЛАСАН ХҮҮХЭД


-Хүүхэд насны дурсамжаараа ярилцлагаа эхлэх үү. Та ямар сурагч байв?

-Би Увс аймгийн Өмнөговь суманд арван жилээ төгссөн. Сургуулиа төгсөөд конкурст орсон. Тэр үед одоогийнх шиг 800 оноогоор дүгнэдэггүй. Физик-20, математик-10, Орос хэл-8 оноо авах ёстой байсан. Орос хэл-6 оноо аваад нөгөө хоёрын Физик-20, математик-10 оноогоо авсан. Тэгээд аймгаасаа хоёрт орсон. Миний дээд талд Ганболд гэж хүү байсан. Тэр өөр газраас хуваарь амлаад, Физикээр нэгээр хуваарь амласан. Би математикийн багш амлая гэж бодож байтал оноолт дээр сууж байсан багш хэлсэн “Чам шиг агуу хүүхэд цэвэр физикийн анги л авдаг юм” гэхэд нь би агуу хүн болох гээд л авчихсан. Хүний үг хүнд ямар хүчтэй тусдагийг сүүлд нь ойлгосон. Амлах гэж юу байдгийг харчихаад, IT юмуу математикийн ангийг авъя гэж байтал тэр багш тэгж хэлээд Физикийн анги авчихсан. Өнөөдөр эргээд харахад тэр үг надад гэрэл гэгээ авчирсан. Яагаад гэвэл би математикт угаасаа дуртай. Физик, математик чинь нэг зоосны хоёр тал. Би математикаа ч насаараа судалж байна. Физикээ ч насаараа судалж байна. Тэр утгаараа би дан математикч биш математикч, физикч болох замыг тэр багшийн тэр үг олгосон. Ингээд бодохоор гайгүй сурагч байж дээ.

-Хүн болгон математикч болох албагүй. Харин аав, ээж болно гэдэг. Одоо математик суурьтай хүүхэд ховордоод байх шиг...

-Хүүхдэд ямар үг хэлэх үү, ямар үг хэлэхгүй байх вэ гэдгээ аав, ээж сайн анзаарах хэрэгтэй юм билээ. Дэлгүүрт ороод худалдаа хийсэн ч тэр чигээрээ л математик шүү дээ. Халаасандаа байгаа хэдэн төгрөгөө илүү төлчихгүй, дутаачихгүй, хүргэчихнэ гэдэг чинь тэр чигтээ арифметик. Гаднаасаа харагдахгүй болохоос математик физиктэй уялдаатай болчихоод байна. Түүгээрээ мэргэшээд доктор, профессор болохгүй байх нь тэр хүний асуудал. Гэхдээ түүнийг судлахгүй байна гэдэг нь хоцрогдол. Түүнийг судлаагүйгээр хоёр даль жигүүртэй байх байсан бол нэг л болно гэсэн үг.

-Та математикт яаж дуртай болсон юм бэ?

-Манай тооны багш И.Л.Бабинская гэж автортой “Задачи математических олимпиад- Москва” гэж номыг надад өгсөн юм. Хичээлийнхээ заваар, хонио хариулахдаа уншаад л байсан. Хөдөө мал дээр халуун хүйтэнд түүнийг бичээд байж чадахгүй шүү дээ.

Чадахыгаа цээжээр бодоод, чадахгүй бодолтыг нь хараад, юмыг олон талаас харах чадварыг тэр ном надад суулгасан. Хасбаатар багш маань намайг математикт дуртай болгосон гэж боддог. Математик гэхээр хүмүүс зөвхөн учиргүй эрээн тоонууд гэж төсөөлөөд байдаг. Энэ чинь учрыг олох ухаан суулгаж байгаа юм. Хүмүүс нэг зүйлийг уншаад “аа энэ шууд зөв” гэж ойлгодог. Харин тоонд дурласан хүн бол “Миний бодол зөв үү, буруу юу, миний ойлгосон зөв үү, өөр хүн яаж ойлгох вэ, судалдаг хүн нь яаж ойлгох вэ, түүхэнд юу гэж байсан юм, дэлхий нийт юу гэж үздэг юм” гэдгийг олон талаас нь ухаж ойлгодог. Үүний үнэ өртөг хэд, гарах үр дүн нь хэд гэх мэт маш олон юм байгаа. Энэ бүхнийг олон талаас харах, эргэлзэх чадварыг математик, физик суулгадаг. Ийм чадвартай болсон хүүхэд өөр ямар ч чиглэл рүү явах боломжтой.

Монгол хэл ч юм уу түүхийн анги төгсчихөөд, шаардлага гараад физик юм уу математикийн магистр болъё гэхээр ийм жишээ бараг байхгүй, амаргүй. Гэтэл физик, математикийн ангийг төгссөн хүүхэд өөр ямар ч чиглэлээр сурахад илүү амар хялбар байдаг. Тэр утгаараа өргөн боломж олгодог.

Оюутан болох ямар байв?

-Тэр үед улаан хамбан дээл мода болж байв. Би тийм зүйл мэдэхгүй шүү дээ. Ээж минь надад тийм улаан ханбан дээл хийж өгч явуулсан юм. Би аавын шляпан малгайд их дуртай. Ялу бакал ховор байх үед ээж минь авч өгөөд явуулж байлаа. Тэр үед амьдрал нийтээрээ л хэцүү байлаа. Ангидаа ортол ангийнхаа ах нь юм шиг улаан хацартай, овортой нөхөр байв. Нэг өдөр ангийн даргаа сонгох болоод, хуучин МУИС-ийн захирал асан доктор Ц.Ганцог гэж хүн манай ангийн багш байсан юм. Ангийн багш өөрөө нэг хүүхдийг ангийн дарга болгоно гээд, тэгтэл сургуулийн нарийн бичгийн дарга нэг хүүхдээ ангийн дарга болгоно гэнэ. Ингээд ангийн даргын сонгууль явуулахаар боллоо. Тэгсэн манай найз Завханы Баяраа гэж залуу бий. Одоо их сайн барилгын бизнесчин болсон.Тэр хүү нэр дэвшээд, Дорноговиос ирсэн Нямаа гэж охин нэр дэвшив. Би ч танихгүй юм чинь хэнд нь ч өгсөн яахав гээд сууж байлаа. Тэгсэн МУИС-ийн гүнзгийгээс урилгаар элссэн хүүхдүүд гэнэт шуугиад явчихлаа. Социализмын үе чинь өнгөрсөн. Бид өөрсдөө дотроосоо ангийн даргаа сонгоно л гэж байна. Би ч дотроо ардчилсан нийгэмд ч энэ буруу биш л дээ гэж бодлоо. Ингээд хэнийгээ сонгохоо дотроо ярья гээд буланд цуглаад одоо Канадын МакГилл их сургуульд ажиллаж байгаа доктор Ц.Гантөмөр, НАСА-д ажиллаж байгаа Др.Баярбадрах, Боловсролын яамны газрын дарга О.Хуягцогт, Оном сангийн тэргүүн Др. Д.Наранбаатар нар хуралдаж, хуралдаж Увсын Тэгшбаяр гэхээр нь би “Надаар тоглосон хайр боллоо” гэж л бодсон. Тухайн үед би улаан хацарласан, ялу гуталтай, хамбан дээлтэй овортой нөхөр их сургуулийн физикийн ангийн дарга хийнэ гэж юу байдаг юм гэж бодсон. Тэгээд нэр дэвшигч болдог юм даа. Тэгээд гурвуулаа үг хэлсэн. Би хамгийн сүүлд хэллээ. Нөгөө хоёрынхоо хэлж байгааг сонсч байгаад ганц л үг хэлсэн. “Ангийн дарга ангийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Би хүүхдүүдийн эрх ашгийн төлөө юу ч хийхэд бэлэн”гэж хэлээд л суулаа. Тэгсэн нийт хүүхдийн 68 хувийн саналаар ангийн дарга болж дөрвөн жил хийсэн дээ. Ангийн дарга хийхээр хүнтэй харьцах ур чадварыг их нэмдэг юм билээ. Тэр үед МУИС-ийн физикийн ангид бүх аймгийн нэг юмуу хоёрдугаар байрт жагссан хүүхдүүд л ирдэг байсан. Тийм өндөр потенциалтай хүүхдүүдийн дарга хийнэ гэдэг гахай тууж байгаатай адил хэцүү ажил байсан. Түүнээс хойш надад хаа нэг газарт удирдах ажил хийх тийм хэцүү биш болсон. Нэг түүх ярья. Намайг конкурст орохоор явах гэтэл аав “Чи коллеж ч байсан хамаагүй нэг юм аваад ир” гэсэн. Намайг сургуульд явалгүй хонь хариулаад байхаар л тэгж хэлсэн байх. Конкурсээ өгөөд эргээд иртэл ээж сумын төв явчихсан эзгүй. Аав ганцаараа сууж байна. Бэлэн байсан хоолыг халааж идчихээд, гарч хонио хотлуулаад орж ирлээ. Тэгсэн аав ямар сургууль авав л гэнэ. Таныг коллеж аваад ир гэхээр чинь коллеж л авчихлаа гэтэл дуугүй цаашаа хараад тамхи татаад л хэвтээд байна. Тэгэхээр нь тоглосон юм аа, би МУИС-ийн физикийн анги авсан. Хоёрхон байснаас нэгийг нь автал шар томилолт өгдөг юм байна гээд хэллээ. Тэгтэл аав дуудаж авчраад, татаж авч үнсээд “Миний хүү ийм хэмжээний хүн байсан. Коллеж авсан гэхээр чинь гонсойж байлаа. Аав нь буруу үг хэлээд хүүгийнхээ урмыг хугалчихав уу гэж бодлоо. Биеэ тоочих вий гэж бодоод тэгээд хэлчихсэн юм” гэж билээ. Настай хүмүүс тийм л гайхамшигтай. Сүүлд ангийнхан яагаад намайг дарга болгосныг бодсон харин би тэдний хажууд арай хөгшин хүн шиг намбатай л байсан юм билээ. (инээв)


ХҮҮХЭД БОЛГОН МАТЕМАТИКЧ БОЛОХ АЛБАГҮЙ ГЭЭД МАТЕМАТИК СУДЛУУЛАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ НҮГЭЛ


-Хоёр жилийн өмнө хүнд өвчний улмаас хагалгаанд орж байсан тухай сонссон. Таныг олны дунд нээлттэй, хамт олонсог гэдэг. Одоо хүртэл ангийнхантайгаа харилцаатай байдаг. Хамт олныхоо хүч дэмээр боссон гэж хүмүүс ярих юм билээ?

-Ангийнхантайгаа байнгын холбоотой. Манай ангийнхан гайхамшигтай толгойтой, сайхан сэтгэлтнүүд шүү дээ. Хорт хавдартай болоод элгээ солиулахаар Солонгос явахад хандивын голлогч нь манай ангийнхан, физикч нар, манай журмын найзууд л босгосон. Дээр нь намайг их олон хүн дэмжиж, Тэгшээ чи Монголд хэрэгтэй хүн шүү, сэтгэлийн хаттай байгаарай гэж ярьсан, бичсэн, дэмжсэн. Тэр чинь хүнд их урам өгдөг юм билээ. Миний онош вирусээс үүдэлтэй, онцгой байршилтай хавдар гэж гарсан. Монголд хагалгаа хийлгэх боломжгүй, гадаадад хийлгэх шаардлагатай гэсэн. Тухайн үед би тийм олон хүн намайг хүрээлдгийг анзаардаггүй, надад хайртай хүмүүс хичнээн олон байгааг мэддэггүй байж. Тэр үйл явдлаар ойлгож, мэдэрсэн. Монголын сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайранд өлгийдүүлж сэтгэлийн дэм, итгэлийн гал, ШУ-ны хүчээр боссон доо. Тийшээ явахдаа донор болох дүүтэйгээ, ханьтайгаа, ахтайгаа явсан. Нэг бодлын хүнд хорогдох юмгүй болчихдог юм билээ. Тийм үед сайн ханьтай, хүний хань дэргэд байна гэдэг дээдийн зол шүү. Хичнээн амьд үлдэх магадлалтай байлаа ч гэсэн амьдрал үхэл 50:50 хувьтай л байсан. Тэр өдөр гэнэт тог тасарчихвал, норкоз нь хэтэрчихвэл, тооцоогүй зүйл гарвал, дотроо судас нь хагарчихвал яах юм бэ. Дэвших буцах хоёр 50:50 хувь л юм билээ. Тухайн үед аав минь өнгөрчихсөн. Ээж нутагтаа. Том ах, эхнэр хоёрыгоо хажуудаа байлгаж, муу зүйл болбол тэр хоёроороо л толгойгоо түшүүлье гэж боддог юм билээ. Онгоцны буудал явах замд хашааны шон болгон утга учиртай, би үүнийг дахиж харах болов уу гээд нүдэнд жирэлзээд л өнгөрдөг юм билээ. Хагалгаанд орохын өмнө ч гэсэн үзсэн бүхий л амьдрал минь нүдний өмнө харагддаг юм байна лээ. Хагалгаанд орсны дараа мэдээгүйжүүлэлт сайн гараагүй нүд сайн нээгдэхгүй. Бүрхэг тэнгэр шиг бүүдгэр юм л харагдаад байсан. Гэдэс дотор дайн болж байгаа юм шиг нил өвчин. Эвгүй хөдлөхөөр, инээхээр, ханиахаар өвдөнө. Бүтэн 12 цаг мэдээгүй амьсгалахгүй хэвтчихсэн учраас уушги нил цэр. Түүнийгээ гаргах гээд дасгал хийхээр гэдэс дотор тэсэхийн аргагүй өвдөнө. Оёдол задарчих гээд их хэцүү. Хагалгааны дараах өвдөлт хүнд хатуужил суулгадаг юм байна лээ. Түүнээс 3-4 хоногийн дараа бүх бие жирвэгнээд, тогонд цохиулж байгаа юм шиг болоод, бүрхэг тэнгэрийн үүл замхраад, нар гарч байгаа юм шиг л нүд нилс гээд л гэрэл ороод ирсэн. Тэр бол цус бүрэн эргэлтэд ороод, хүчилтөрөгч бүрэн эргэлдэж эхэлсэн нь юм байна лээ. Хэт сүсэгтэй хүмүүс тэр үеийг сүнс буцаж ирлээ гэж ойлгодог бололтой юм билээ. Ерөнхийдөө тав хоногийн дараа тэгж гэнэт л нүд цэлмээд, үхлийн савраас саллаа гэдэгтээ итгэсэн.

Би өөрөө физикч хүн учраас байнгын шинжилгээ өгөөд хянаад явдаг байсан. АЛАТ, АСАТ нь буурч байна, өсч байна, элэгний хатуурал боллоо шүү гээд график гаргаад, хянаад тооцоод л явдаг байлаа. Физик, математик судалсныхаа үр шимийг тэгж хүртсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандана гэдэг чухал гэдгийг ухаарсан. Цусны шинжилгээ аваад, шинжлэх чинь физик үзэгдэл. Шинжилгээний үр дүн нь тоогоор гардаг. Тоог эмч нар уншаад хагалгаа хийх үү, үгүй юу гэдгээ шийддэг. Хагалгаа хийсний дараа дахин хяналтын шинжилгээ авна. Физик үзэгдэл. Физикээ үр дүнгээ тоогоор гаргаад, тоогоо уншаад, бие нь сайн уу, муу юу гэдэг дээр хяналт хийдэг. Тэгэхээр математик, физик, хими бүгд холбоотой. Хүүхэд болгон математикч болох албагүй гээд математик судлуулахгүй байна гэдэг нь өөрөө нүгэл юм. Тэр хүүхдийн ирээдүйд хар толбо үлдэнэ. Харин хүүхэд болгон математикийн профессор, доктор болох албагүй.

-Хүүхдийг сургуульд оронгуут л үсэг, тоогоор нүдээд байдаг нь буруу юм шиг. Яаж тоонд дуртай болгох вэ?

-Дурлуулах ёстой. Манай тооны Хасбаатар багш хүүхдийг тоонд дурлуулдаг. Хүн юуны үр тарина, түүнийхээ жимс хураана. Хүүхэд математик давтвал заавал математиктаа сайжирна. Түүх заавал түүхдээ сайжирна. Тэгэхээр хүүхдийн цагийг зөв хуваарилаад алиныг нь сайжруулах вэ гэдэг урам зоригийн асуудал юм. Хүүхдийг хүчилж болохгүй. Дуртай зүйлийг нь хийлгэ. Нэг юмыг сайн хийгээд сурсан хүн нөгөө зүйлийг сайн хийх магадлалтай байдаг. Дуртай зүйл рүү нь түлхэж өгөөд, юм хийх арга барилыг нь олго. Нэг юмны учрыг олсон хүн нөгөө юмны учрыг олдог. Ажаад үзвэл чадалтай хүн юм юмны захтай байдаг гэдэг чинь тийм л учиртай юм шүү дээ. Хоёрдугаарт, хүүхэд хажууд байгаа хүнийхээ зан үйлийг өөртөө юүлж байдаг. Цагдаагийн хүүхэд цагдаа болдог. Физикчийн хүүхэд физикч болдог гэдэг шүү дээ. Дурлаж юмаа хийж байхад адерналин ялгаруулдаг. Хүүхдэд урам зориг өгнө гэдэг хүн бүтээдэг. Тэр бүтээсэн хүн нь хүнийг өөрийг нь авч явдаг.


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ОРДОГ СОЁЛ БИЙ БОЛГОХООР ӨӨРИЙНХӨӨ ТУРШЛАГААС ХУВААЛЦАЖ БАЙГАА НЬ ЭНЭ


-Эргээд сэдэв рүүгээ оръё.Тухайн үед оношоо мэдээд гэр бүлдээ хэрхэн хэлэв. Хүүхдүүд нь мэдээд шоконд орсон байх даа?

-Гэр бүлээрээ уйлсан. Би уйлахгүй гэж бодсон ч дагаж уйлаад, тэгээд ямар үхэлтэй биш тэмцэнэ шүү дээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэг байдаг шүү дээ. Ижийдээ очих томилолт (уншив) Гэр бүлтэйгээ уйлаад сууж байхад ийм л мөчийг хэлсэн юм байна даа гэж бодсон.

-Хүүхдүүддээ тухайн үед юу гэж захиж байв?

-Аав нь шинжлэх ухааны хүн. Эрт оношлоод эмчлүүлж чадвал элгээр хүн нас барахаа больчихсон. Тиймээс аавыгаа босоод ирнэ гэж итгээд урдах хичээлээ сайн хий гэж хэлсэн. Аавынх нь төлөө ямар олон хүн залбирч, тусалж, дэмжиж байна. Энэ хүмүүс шиг хүнд тустай хүн болоорой. Та нар ямар мэргэжил эзэмшинэ үү, ямар хүн болно уу тэр бол дараагийн асуудал л гэж захиж байсан. Нэгдүгээрт, би нэр төртэйгөөр босч ирээд маш олон хүнд хорт хавдрыг ялж болдог гэж харуулан урам зориг өгөхөөр, хорт хавдартай тэмцэж байгаа маш олон хүнд итгэл найдвар бэлэглэнэ гэж итгэж байсан. Нээрээ л түүний дараа маш олон хүн ялаад босч ирсэн. Би хагалгаанд орохоос айгаад орж чадахгүй байсан. Таны ачаар урам зориг аваад, амжилттай даван туулаад босоод ирлээ гэсэн маш олон хүн холбогдсон. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдаж байгаарай гэдгийг анхааруулахыг хүссэн. Эмнэлэгт очлоо, өвчингүй бол өөртөө итгэлтэй ажиллаж амьдар. Өвчтэй бол түүнийгээ эмчлүүлээд, өмнөх ажлаа хий. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх үзлэгт ордог соёл бий болгохоор өөрийнхөө туршлагаас хуваалцаж байгаа нь энэ. Би урьдчилан сэргийлэх үзлэгт ордог байсан болохоор миний элгэнд асуудал байна гэдгийг мэдээд сүүлийн 5-10 жил өөрийгөө хянасан. Эрт мэдсэн учраас би амьд босоод ирж байгаа юм. Мэдэхгүй явсан бол би тэнгэрт дэвшчихсэн л байгаа.

-Хагалгааны өмнө юмыг яаж мэдэх вэ буцаж ирээ ч үү, үгүй ч үү гэж найз нөхөд рүүгээ мессэж бичиж байсан гэсэн. Эргээд найз нөхөдтэйгөө уулзахад ямар байв?

-Амьд явна гэдэг чинь жаргал шүү дээ. Би хорвоод ирэхдээ эртний сайхан ерөөлөөр хүн биеийг олжээ гэдгийг дэвшиж босохын зааг дээр ойлгож байгаа юм. Хорт хавдраар нас барах нь бага дунд боловсролтой, орлого буурай орнуудад тохиолддог гэж НҮБ-аас судалгаа гаргасан. Тухайн үед түүнийг уншиж байгаад хэрвээ тэгш баяртайгаар дэвшээд явчих юм бол гайхамшигтай амьдралд хамтдаа оршсон бүх найз нөхөд, хүмүүст баярлалаа гээд албан ёсоор пост бичээд үлдээж байгаа юм. Эргээд ирвэл агуу Монголынхоо төлөө, шударга ёс, иргэн бүхний чанартай энх амьдралын төлөө бүхнээ зориулъя гэж бодогддог юм байна лээ. Сэтгэл зүйгээ бэлдэж байхад хүний сэтгэл агуу юм байна лээ. Би урьд нь ТВ-ээр урлагийг уйлж хайлсан, дуулж хуурдсан юм байх юм аа гээд шүүмжилдэг байсан. Дэвшиж босохын зааг дээр урлаг гэдэг чинь хүний сэтгэлийг, нийгмийг эмчилдэг юм байна, физик, математик, байгалийн шинжлэх ухаан нийгмийг инженерчилж хөгжүүлдэг нэг юмны олон тал гэдгийг ойлгосон. Хагалгааны өмнө дуу дуулж суръя гэж шийдсэн. Тэгээд “Дөрвөн настай халиун”, “Хунт нуур” гэх мэт дуунууд сурсан. Одоо “Уяхан замба тивийн наран” зэрэг олон дуу сурч байна.

-Одоо эрүүл мэнд талаасаа ямар нэг асуудалгүй болсон уу?

-Харьцангуй гайгүй болсон. Эргээд ажилдаа ороод эрдэм шинжилгээний ном сонин редактор хэвлэдэг ажлаа хийгээд, дархлаа бууруулдаг эмээ уугаад л Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах гээд зүтгэж л явна. Сүүлийн үед элэг солиулах эмчилгээтэй хүмүүсийн зардлыг төрөөс санхүүжүүлдэг болсон, үүнийг бас хүмүүс мэддэг байгаасай.

-Та нэг дуу дуулж өгөөч, хэр сурч байна вэ?

-Дөрвөн настай халиун ээ

Дөрөө жийгээд дэргүүлнээ

Ай хө

Дөрвөлжлөн харагдах ар нь ээ

Дөтөлсөн амрагийн бараа юу даа

Таваар тавьсан гэзгээрээ

Талын бутууд шиг саглайна аа

Ай хө (дуулав). Ингээд харахаар дуу дуулахаар хүний сэтгэл их цайдаг юм байна лээ. Урьд нь би дуу дуулахдаа шүлгийг нь дагаж дуулдаг байжээ. Одоо бол тархиараа оруулаад зүрх, бие дээгүүрээ явуулаад ёроолгүй тэнгис шиг хаа нэг газарт аваачаад өвтгөхгүй байвал сайн гэж хүмүүст хэлдэг болж байна шүү дээ. Үүнд дуу их нэмэртэй юм байна лээ. Аливаа зүйлийн сайн талыг нь олж харж чаддаг нүд, сэтгэл гайхамшигтай сайхан. Би энэ гайхамшигтай сайхан гэж үгэнд дуртай. Амьдрал гайхамшигтай сайхан. Амьдрах өөрөө гайхамшигтай. Хүнийг уучилж чаддаг, уучлал гуйж чаддаг хүн гайхамшигтай. Өөрөөс хамааралтай зүйлээсээ уучлал гуйж чаддаг, хүнийг уучилж чаддаг сэтгэл гайхамшигтай. Сайхан сэтгэлээр хандаж ажил хийвэл үр дүн нь сайхан. Гэхдээ энэ сайхан сэтгэлийг эрдэм боловсролоор чимнэ. Эрдэм боловсролоор чимээгүй сайхан сэтгэл тэнхээ хүч сул.Тиймээс

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ хэмээх дууг аяланхан дууланхан инээмсэглэл хайр энэрэл түгээн амьдарч байна. Сэтгэлийн хатаар мянгыг давна. Сэлэмний хатаар нэгийг ялдаг хэмээх эртний үгийг санан санан дуулсаар амьдарч байна. Хавдартай бүхэн тэнгэрт дэвшдэггүйг ойлгуулахын төлөө хичээж байна. Жил бүр иргэн бүр эрүүл мэндийн бүрэн шинжилгээ хийлгэдэг шинжлэх ухаанч дадалтай хорт хавдрыг эхний үед нь илрүүлж бүрэн эдгэх боломжтой гэдгийг хүн бүрт аминчлан хэлж, олон мянган эрдэнэт хүний алтан амийг аврахын төлөө тэмцээд эхэлсэн. Агуу их Монголынхоо төлөө, шударга ёсны төлөө, иргэн бүрийн чанартай амьдралын төлөө бүхнээ зориулах болно. Тусгайлан тэмдэглэхэд шинжлэх ухаан, эрдэм боловсролын хүчээр л Монгол минь хөгжинө гэдгийг бүхэнд ойлгуулахын төлөө хичээж явна.


ХАВДАР ЭДГЭДЭГ. ХАВДРЫГ ХАМТДАА ЯЛСАН ТҮҮХ


-Танд талархлаа илэрхийлэх олон хүн байгаа байх?

-2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр бол манай гэр бүлийн хувьд маш гайхамшигтай өдөр. Дэвшиж буцахын зааг дээр дэнжигнээд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж байсан. Би алтан гарт эмч нарын урч чадвар, агуу их шинжлэх ухааны ололт амжилтын хүчээр ард олон, амраг хань, алаг үрс, анд нөхөд, ахан дүүсийн заяа түшиж, та бүхний залбирлын хүчээр буцаж ирээд эртний сайхан ерөөлөөр хүмүүний “алтан амь”-ийг дахин олж, хорвоод хоёр дахиа төрөөд, энэхэн дэлхийдээ эргэн ирсэн өдөр.Тэгшбаяртайгаар дэвшээд буцан ирж гайхамшигтай амьдрахад минь хамтдаа оршсон та бүхэнд гүн талархсанаа илэрхийлж, үргэлж ач тусыг тань санан хариулж, хичээж, зөвийн талд алхаж явах болно. Өдөр шөнөгүй дэргэд минь бөртийтөл сахиж хүн шиг хүн болгохын тулд хичээн зүтгэж буй хань Оюукадаа баярлалаа. Ахдаа донор болж аминаас амь тасалж, элэг бүтэн амьдрал бэлэглэсэн хамгаас хайртай бурхан сэтгэлтэй өгөөмөр зулай зулайгаа гишгэж төрсөн донор дүү Н.Мөнхбүрэндээ талархан сүсэлж, залбирч амьдарч байна. Энэ сайхан өдөр “Ko­rea University Hospital Inter­national Healthcare Center”-ийн хамт олондоо дахин дахин баярлалаа. Эмчлэгч Профессор Kim Dong-sik, Проф Yoo Young-dong болон ажилдаа хариуцлагатай, чадварлаг, сэтгэлтэй Монгол хариуцсан координатрууддаа баярлалаа. Тусгайлан тэмдэглэхэд “Далай дусал нэмэр”, “Олны хүч оломгүй далай” аяныг зохион байгуулсан, уужим өгөөмөр сэтгэлээр хандив өргөсөн та бүхэндээ талархаж буйг минь хүлээн авна уу. Миний чин сэтгэлийн энэ талархал миний төлөө залбирсан бүхэнд, миний халуун зүрхний булгилах цохилт болсон та бүхэнд минь хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.