БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ ӨМЧЛӨХ ХЭЛБЭРЭЭР 1582 БАЙРШИЛД ГАЗАР ОЛГОЖЭЭ

Aдмин / Нүүр

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцжээ.

Аудитад

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага түүний харьяа хамгаалалтын захиргаад,
  • Богд хан уулын дархан цаазат газар,
  • Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
  • Татварын ерөнхий газар,
  • Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын 2019-2022 оны гуравдугаар улирлын байдлаарх газар олголт, газар ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг түүвэрлэн хамруулжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын байдлаарх мэдээллээр улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт

  • өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га,
  • эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га,
  • ашиглах хэлбэрээр 1775 байршилд (нийт 3309) 5848.3 га газар олгосон байна.

Байгалийн цогцолборт газарт

  • өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га,
  • эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га,
  • ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна.

  • Богд хан уулын дархан цаазат газарт 40853.5 сая,
  • Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1089.9 сая,
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа ч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй.

Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын зорилтыг хангаж чадахгүй байна. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын улсын бүртгэл, тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгах ажлыг хэрэгжүүлдэг.

Ингэхдээ төрийн бусад байгууллагатай уялдаагүй ажилласнаас газрын мэдээллийн нэгдсэн санг бүрэн хөтлөөгүй, мэдээлэл зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч холбогдох харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Иймд нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, хүн амын өсөлт зэрэг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэв.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд хоёр асуудал толилуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 10 зөвлөмж өгчээ.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд хариултдаа, өмнө нь өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Хэрэв зөвлөмжийн дагуу ажил хийгээгүй нөхцөлд дараагийн шатны сахилгын арга хэмжээ авахаар Төрийн аудитын тухай хуульд заасан. Бид 41.9 тэрбум төгрөгийн актыг тавьсан бөгөөд төлбөрийн актыг заавал хэрэгжүүлэх хуулийн заалттайг онцолж байлаа.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчны хийдэл, зөрчлийг арилгах талаар салбарын яам Байгаль орчны багц хуулиа яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг хүсээд аудитын дүгнэлттэй холбогдуулж Байнгын хорооны тэмдэглэлээр тодорхой үүрэг өгч, зөвлөмжийн хэрэгжилт хэр байгаа талаар дахин хэлэлцэж, хуралдахыг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.