М.БУЯНБАДРАХ: МОНГОЛ УЛСАД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН БАЯЖМАЛ, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖИЙГ УЛАМ ХААЖ БООГДУУЛЖ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ГҮТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Та ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөлтэй танилцсан уу?

-Танилцсан. Хэлэлцүүлэгт нь оролцсон. Ашигт малтмалын тухай хууль Монгол Улсын хөгжлийг тодорхойлдог маш том хууль. УИХ-ын сүүлийн дөрвөн чуулганаар хэлэлцүүлээгүй маш удаан боловсруулагдсан гэхэд судалгаа муу, энэ салбарт болж байгаа алдаа, хүндрэлийг засч залруулахыг хүсээгүй, хүнд суртлыг улам дэмжсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ямар ч тодорхой заалтгүй маш муу төсөл болжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид, бизнесмэнүүд, салбарын ахмадууд хуулийн төслийг хангалттай шүүмжилсэн. Шүүмжлэлийг хүлээн авахгүй бол энэ салбар хөгжихгүй улам л уруудахааар болжээ. Уул уурхайн салбарыг нөөц сайтай 3-4 компанийн экспорт нүүрс тахалж байна.

-Та баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн АМНАТ-ийн асуудлыг их хөндөж ярьдаг даа. Энэ талаар хэрхэн тусгагдаж вэ?

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих бус улам дампууруулах, ашигт малтмалаа ямар ч баяжуулалт, боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь экспортлох зорилготой хуулийн төсөл болжээ. Ашигт малтмал хэдийгээр “Төрийн нийтийн өмч” боловч хэт өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Татварын хувь хэмжээ оновчтой, үр ашигтай байж компаниуд нь төлж чаддаг. Өндөр татвартай ашиггүй төсөлд ямар ч хөрөнгө оруулагч орохгүй. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөс хойш өөрийн ордгүй 30 орчим баяжуулах үйлдвэр татварын өрөнд орж 1500 орчим хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон, хэд хэдэн үйлдвэр АМНАТ-өөс болж үйлдвэрээ барьчихаад ажиллуулж эхлээгүй. Ийм үед ямар ч судалгаа хийхгүйгээр хуулийн төслийг боловсруулжээ. Сангийн яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамныхан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын шат бүрт /НӨАТ шиг/ АМНАТ ногдуулдаг бодлогыг дахин баримталсан байна. Бусад улс оронд “Роялти”-г олборлолт, баяжуулалтын шатанд зөвхөн нэг удаа авдаг. Товчхон хэлэхэд, төрийн өмч байхад нь олборлогч АМНАТ төлөөд олборлогч компанийн өмч болно. Энэ компанийн өмчийг худалдаж аваад өмч эзэмших дахин шилжээд баяжуулаад, боловсруулаад зарахад дахин “Роялти” ногдуулдаг улс энэ дэлхийд байхгүй. Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд агуулга багатай жоншны болон төмрийн хүдэр, нүүрсийг АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авч, баяжуулаад, боловсруулаад, угаагаад эдийн засгийн эргэлтэд оруулахад дахин АМНАТ төлдөг болгосноор бүгд ажиллах тусам алдагдалтай тул үйл ажиллагаагаа зогсоосон.

-Ямар түвшиндээ үйлдвэрлэл, экспортын бодлого алдагдаад байна?

-Яамдын түвшинд судалгаа хийдэг, бодлогын алдаагаа засах чадвартай дарга, мэргэжилтнүүд байхгүй болжээ. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрсний хий гаргахад хамтарч ажиллана, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо боомилсон бодлогыг хэрэгжүүлээд дөрвөн жил гаруй боллоо. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийг бодоод баяжуулах үйлдвэрүүдийг ажиллуулж бусад татварыг нь төлүүлэх нь улс оронд илүү ашигтай байх хувилбарыг ерөөсөө ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд яриад байдаг баяжуулах, боловсруулах салбар дээр маш их валютын орлого олох боломж байгааг олж хардаггүй бололтой. Энэ бодлого Засгийн газар дээр засагдахгүй бол УИХ дээр засагдаасай билээ. АМНАТ-аар дарамталж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татваруудаа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.

-Хуулийн төсөлд баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар тусгажээ. Баяжуулах үйлдвэрүүд тусгай зөвшөөрлөө авч чадах уу?

-УИХ, Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог бууруулна гэдэг ч доод шатандаа нэмэх сонирхолтой. Ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрлийг өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд авах боломж маш бага. Яагаад гэвэл Татварын ерөнхий газраас бүх компаниудад маш өндөр /АМНАТ/ нөхөн татвар, торгууль, алданги тавигдсан бүгд өртэй болсон. Татварын алба авч чадахгүй авлагатай, татвар төлөгчид хэзээ ч төлж чадахгүй өртэй болсон. АМНАТ-ийг хугацаандаа төлөөгүй бол Тусгай зөвшөөрөл шууд цуцлагдахаар заасан. Энэ заалт ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх этгээдэд хамаарна. Тэгэхээр Улсын комисс үйлдвэрийг хүлээж авдаг болно. Тэр комисс ямар хүнд сурталтай байдаг билээ дээ. Баяжуулах үйлдвэрүүд хаалтын үйл ажиллагааны санхүүжилтийн баталгааг бүрдүүлнэ. Өрөнд орсон компаниуд хаанаасаа ямар баталгаа гаргах юм бол. Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг улам хаан боогдуулж байна.

-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар саналаа хэлэхгүй юу?

-Төмрийн баяжмал дээр жишээ авъя. Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулдаг. Тухайлбал, төмрийн баяжмалаа 1 тн-ыг 80 ам.долараар зарсан байхад 120 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Биржийн арилжааг бид дэмжиж байна. Биржийн үнээрээ АМНАТ ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлвэл экспортлогч компаниудад маш их хэрэгтэй.

-Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Үндсэн хуультай зөрчилдсөн хэд хэдэн заалт орохоор байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар баяжуулах, боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй, агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй хаягдаж валютын орлого орж ирэхгүй, ажилгүйдлийн тоо буурахгүй, улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэхгүй, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад" уриалга, Шинэ сэргэлтийн бодлого “Аж-Үйлдвэржилт” хэрэгжихгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.67] 2023-04-02 15:32:01

AMNAT iin tat ar bol Mongol ulsad nemuu ortog shingesen uildelver baiguulahiin esreg tatvar. Ene tatvaraas bolj tvvhiigeer ni uragshaa zoohoos argagui bolj baina da

Зочин [64.119.18.46] 2023-04-02 06:51:45

Монгол хөгжихгүй байх шалтгаан нь давхар АМНАТ юм.Баяжуулах үйлдвэр бариад ашиг олохгүй.Хятад үүнийг сайн ашигладаг.бас лоббиддог байж магадгүй.БАДМААНЯМБУУгийн БАТ ЭРДЭНИЙН батлуулсан хууль монголд гай тарьж байгаа юм.Нүүрсээ худалдаж авахад АМНАТ төлнө.Угаагаад гаргахад бас дахиад АМНАТ төлнө.Тэгээд ашигтай ажиллаж чадахгүй шүү дээ. Энэ хуулиа эргэн харж монгол хүнээ ажилтай байлгаж монголдоо НЭМҮҮ ӨРТӨГ шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж Э/З аа тэлээсэй. Атаархал хорсол тамын тогооны үлгэр хэрэггүй. Монголчууд нэмүү өртөгөөр ашиг олж чаднаа.Ж:нь Эрдмин Ачит ихэт компаниуд хаягдлаас зэс гаргаж чадаж байна.бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна.Ганц л АМНАТ авахад монголд үйлдвэрлэл цэцэглээд ирнэ.Баяжуулсан бүтээгдэхүүнээс л АМНАТ АВААЧЭЭ.Давхар АМНАТ чинь гадны улсыг л тэтгээд тэрбумтан болгоод байна.Монголдоо олон тэрбумтан төрүүлж олон монгол хүнийг ажил амьдралтай байлгаж монголдоо их татвар төлж , монголдоо сайхан амьдрая тэгэх үү.

Зочин [202.126.88.110] 2023-04-02 20:54:04

Хүрэлбаатар С С байхдаа Страто ХХК ,- ыг унагахаар санаачилсан АМНАТ- ын хуулийн гажуждал

Зочин [202.9.47.29] 2023-04-01 18:16:57

Доороос дээшээ гарсан хүн бүр эх орноосоо нуур буруулж байна. Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ.

Зочин [203.91.115.47] 2023-04-01 10:47:20

Хууль боловсруулахдаа олон жил ажилласан ахмадууд өндөр боловсролтой эрдэмтэн мэргэдээ оролцуулж болдоггүй юм уу яам нь хоосон толгойтой цүнх баригчдаар дүүрснийг ёрөнхий сайд мэдэж бгаа шүүдээ эд нар улс орон хрд тргэдээ үнэхээр бодохгүй юмаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.