ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛАГДСААР БАЙНА

Aдмин / Эрүүл мэнд

Ковидын үеэр коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх нэрээр хувийн эмнэлгүүд нэлээд их хэмжээний мөнгө угаасан. Хөнгөн өвчтөнийг хүндэвтэр болгож өвчний түүх бичиж, тав болон долоо хоноод эмнэлгээс гарсан өвчтөнийг заавал 10 хоногоор тулгаж бичээд Эрүүл мэндийн даатгалын сангаас төсвийг нь авдаг. Ковидын жилүүдэд нэг өвчтөнд дунджаар 200.000 төгрөгийн эмчилгээ хийгээд улсаас 2.1 сая төгрөг болгон нэмж авсан эмнэлэг ч байгаа юм. Ийм луйврыг эмнэлэг дангаар хийдэггүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхантай үгсдэг гэж байгаа. Энэ маягаар цар тахлын үед ямар их хэмжээний хөрөнгө бусдын халаас руу хяналтгүй орсныг тооцох боломжгүй юм.

Өнөөдөр ч Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй байна. Байсхийгээд иргэдийн гар утсанд “Та эрүүл мэндийн даатгалаар тэдэн төгрөгийн үйлчилгээ авлаа. Таны эрүүл мэндийн даатгалаас суутгалаа” гэх мессэж ирдэг болоод удлаа. Гэтэл тухайн иргэн эмнэлэгт очоогүй байдаг. Иргэн Д.Сайханцэцэг ийм баримтыг ярьж байна. Тэрбээр “Өнгөрсөн сард миний гар утсанд 133103 дугаараас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 456.450 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Таны эрүүл мэндийн даатгалаас суутгаж авлаа” гэсэн мессэж ирсэн. Би бараг сүүлийн нэг жилийн хугацаанд эмнэлэгт хандаагүй.

Гэтэл яагаад даатгалаас маань ийм их хэмжээний мөнгийг суутгаж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар тодруулах гэсэн боловч дорвитой хариулт олж авч чадаагүй байна” гэлээ. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Уранбилэг “Надад ч бас ийм явдал тохиолдсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур Эрүүл мэндийн даатгалын газраас 219.000 төгрөгийн үйлчилгээ авсан байна, баталгаажуулна уу гэсэн мессэж ирсэн. Би одоо жирэмсэн ч гэлээ ойрын үед эмнэлэгт очоогүй. Энэ талаар лавлахаар ЭМДЕГ-тай холбогдохоор мэдэх хүн олдохгүй юм” гэж байв.

Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “Иргэдийн өвчний түүх дээр утасны дугаарыг нь тэмдэглэж авдаг. Тэр дугаарыг л бид ашигладаг. Гэтэл түүн дээр өөрийнхөө дугаарыг хүмүүс бичихгүй хамт яваа хүн, хамаатан садан, дүү, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн утасны дугаарыг биччихдэг. Магадгүй эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад нь мессэж ирж байгаа бол миний ойрын ямар хүн эмнэлэгт хэвтлээ, эмнэлэгт үзүүллээ, тусламж үйлчилгээ авлаа гэдгээ бодох хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгдөг. Цахим үндэстэн, Цахим Монгол гэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үед ийм тайлбар хэтэрхий бойтог юм.

Түүгээр зогсохгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалаас мөнгө үрэгддэг асуудал зөвхөн гар утсанд мессэж ирснээр зогсохгүй. Эмнэлгийн үйлчилгээ авахаар очсон иргэд үйлчилгээгээ авч чадахгүй буцах тохиолдол байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Б.Цэцгээ ээжийгээ БНСУ-д эмчлүүлээд иржээ. Монголд ирээд улсын эмнэлэгт үзүүлэхээр хандахад “Дөлгөөн амьдрал” гэх эмнэлэгт битүүмж үүссэн байна гээд эмнэлгийн тусламж үзүүлээгүй тухай ярьж байна.

Тэрбээр “Ээж маань улсын эмнэлэгт үзүүлж чадахгүй байгаа. Бас дээр нь өрхийн эмнэлгээсээ хөнгөлөлттэй эм бичүүлж авсан гэж гарч ирээд байгаа. Үнэхээр гайхаж байна. Солонгост багагүй хугацаанд эмчлүүлсэн. Монгол Улсад ойрын хугацаанд байгаагүй. Гэтэл тэр хооронд нь ээжийн маань эрүүл мэндийн даатгалын мөнгийг ашиглаж байгаад гомдолтой байна” гэж байв.

Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдол тасардаггүй юм байна. Рашаан сувиллууд ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр хэвтүүлэн эмчлээд улсаас өндөр мөнгө татдаг нөхцөл байдал ч байдаг юм байна. Энэ тухай иргэн Г.Доржсүрэн “Би Оргил рашаан сувилалд эмчлүүлэхээр хэвтсэн. Гэвч сувиллаас гарахад тав хоног дутуу байхад хувийн шалтгаанаар гарсан. Гэтэл эрүүл мэндийн даатгалыг маань хааж өгөхгүй байсаар тав хоногийг нь гүйцээгээд хааж байна. Нэг ёсондоо эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад авсан болгож тооцдог юм байна. Уг нь тухайн хүний авсан үйлчилгээний төлбөрийг л Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг баймаар юм. Ийм байдлаар улсыг маш их хохироодог бололтой” гэсэн юм.

Нэрээ нуусан бас нэгэн иргэн өөрт тохиолдсон жишээг дуулгасан билээ. Тэрбээр “Би “Натур мед” эмнэлэгт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амрааж байгааг дуулаад хэвтсэн юм. Анх хэвтэхэд надаас ор хоногийн мөнгө гэж 280.000 төгрөг, нэмээд шинжилгээний төлбөр гэж 100.000 төгрөг авсан. Ингээд эмчлүүлээд гарахад баримтаа автал “1.624.000 төгрөгийг ЭМДЕГ-аас авав” гэсэн байсан. Нэг хүн долоо хоног хэвтэхэд ийм өндөр төлбөртэй үйлчилгээ авах боломжгүй шүү дээ. Иргэдийн авсан үйлчилгээг хэд дахин нэмэгдүүлж даатгалын сангаас авч байна гэж хардахаас аргагүй” гэлээ. Энэ мэтчилэн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө үр ашиггүй, хяналтгүй зарцуулагдсаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.41.1] 2023-04-03 08:42:06

тэмцэл байж ялна тэмцэл байж бохироос сална

зочин [202.9.41.1] 2023-04-03 08:41:34

эрүүл мэндийн нэртэй газрын томоос нь хурган хүртэлх бүх дарга нарыг нь шалгаж хөрөнгө оруулалтых нь мэдээг шилэн данс болговол таарна

зочин [202.9.41.1] 2023-04-03 08:39:58

хувийн гэсэн нэртэй эмчилгээ муу харьцааны соёлгүй шуналтай хэдэн авгай нарыхаа эмчлэх эрхийг нь бүгдийг хас улсын эмнэлгээрээ үзүүлэээд болоод байгаа улсын эмнэлэгтээ/ яарсан мөнгөө төлөөд үзүүлэх хүсэлтэй хүмүүсийн тасаг/ нээчихгүй юу тэр мөнгөөр нь өвчиндөө шаналж буй бяцхануудаа эмчлүүлж бна биз яагаад болохгүй гэж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.