Нүүрс тээвэрлэлттэй холбоотой сонсголыг хойшлуулжээ
“Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” хянан шалгах түр хорооноос энэ сарын 10,11,12-нд зохион байгуулахаар товлосон нээлттэй сонсголыг хойшлууллаа.
Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан уг сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтайгаас гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүнийг нийгэмд гэм буруутайд тооцох зэрэг эрсдэл байна гэж үзэж, нээлттэй сонсголыг хойшлуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн байна. Энэ дагуу Хянан шалгах түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд дээрх хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж, санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Хянан шалгах түр хороо хуульд заасан хугацаанд багтаан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг дахин зарлах аж. Өнгөрсөн оны зургадугаар сарын 10-нд байгуулсан Хянан шалгах түр хороо есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судлаад буй.
Сэтгэгдэл