П.Сайнзориг: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулахаар төсөлд тусгасан

Aдмин / Улстөр

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийнхний төлөөлөлд танилцуулж, санал авах хэлэлцүүлэг одоо Төрийн ордонд болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, "УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлийг хийсэн чуулган байх болно хэмээн мэдэгдсэн. Авлигын эсрэг багц хуульд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг хууль тогтоолын төслүүд орж ирж буй. Мөн хүнд суртлыг багасгах, дижитал шилжилтийг дэмжсэн багц хуулийн төслүүд орж ирж байгаа. Судалгааны үр дүнг харахад шүгэл үлээх нээлттэй нийгэм орчин бүрдсэн байна. Иймд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хангаж өгөх шаардлагатай" гэлээ.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хуулийн төслийн үзэл баримтлал, шүгэл үлээгч гэх нэр томъёог олон улсад жишигт ашиглаж буй байдал, Монголд болон бусад оронд нийтийн сайн сайхны төлөө шүгэл үлээж байсан тохиолдлууд, мөн тус хуулийн талаарх бусад зохицуулалтын талаар танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, "Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан ба үүнээс өмнө шүгэл үлээх үйл явдлыг дэмжсэн хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж байсан. Тухайлбал, 2018 онд Бүртгэлийн багц хуулийг баталснаар олон төрлийн мэдээллийг ил тод болгосноор хууль бус явцыг илрүүлэхэд түлхэц болсон. Энэ хүрээнд Монгол Улс дунд болон урт хугацаанд бусад бодлогын баримт бичгийг гаргасан юм. Хамгийн сүүлд, Засгийн газраас энэ оныг Авлигатай тэмцэх жил болгож, таван "Ш" ажиллагааг зарласан. Эл хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ХЗДХЯ ерөнхийд нь багцалж буй.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан орон дэлхийд 27 байна. Зарим тохиолдолд заавал хуульчлахгүйгээр шүгэл үлээгчийн эрх зүйг хамгаалах зохицуулалтыг үр нөлөөтэй хийсэн орон ч байна. Тухайлбал, Голланд улс шүгэл үлээгчид байр бэлдэх, сайт ажиллуулах зэрэг механизмыг ашигладаг. Шүгэл үлээгчийн анхлагч хууль АНУ-аас эхлэлтэй. Энэ мэтээр улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Энэхүү хуулийн төсөлд шүгэл үлээгч гэж хэн бэ, урамшууллыг хэрхэн олгох гэх зэрэг асуудлыг тусгасан нь мэдээж. Гэхдээ хуулийн төслийг боловсруулахдаа авлига, ашиг сонирхолтой тэмцэхээс гадна нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөн, ёс зүйтэй бизнес эрхлэх явдлыг дэмжих явдлыг давхар анхаарсан. Тухайлбал, хичээл эхлэх үед монгол хүүхдүүдийн дархлаа мууддаг.
Учир нь чанаргүй барилгын материалаар сургууль, тэдгээрт ашигладаг эд зүйлсийг будаж өнгөлдөг. Иймд шүгэл үлээх гэдэг ойлголтыг зөвхөн авлига, ашиг сонирхлын тухай хүрээгээр авч үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд буй болж бүтэхгүй бүх л асуудлыг хамруулах явдал юм.

Шүгэл үлээнэ гэдэг анхдагч мэдээллийг илрүүлэн гаргаж ирэх явдал бөгөөд шилэн дансан дээр тавьсан ил мэдээллийг гаргаж тавих нь шүгэл үлээсэн хэрэг бус. Учир нь нийтийн сайн сайхны төлөө гаргаж байгаа үйлдлийг шүгэл үлээсэн явдал гэж үзнэ. Шүгэл үлээгч нь баримтаа АТГ, ХҮЭК, ШӨХТГ, цагдаа, гаалийн байгууллагад хүргүүлж болно. Иймд эдгээр байгууллагуудын дунд дундын мэдээллийн сан байгуулна. Уг санг хэн, хэрхэн, хэзээ ашиглав, хааш шилжүүлэв гэдэг нь ил байх болно. Мэдээлэл гаргах үйл ажиллагааг сэтгүүлчээр дамжуулж гаргаж болно. Гэхдээ тухайн сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хадгалах бололцоотой.

Амьдрал дээр мэдээлэл цацсан этгээдийг ажлаас нь халах, цалин бууруулах, өөр ажилд шилжүүлэх, ар гэрт нь дарамт үзүүлэх, мэдээллийн хэрэгслээр "буланд шахах" үзэгдэл гардаг. Тиймээс шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөнгөн урамшууллын тухайд, 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэл байна. Гэхдээ уг мөнгийг шууд олгохгүй. Тухайн шүгэл үлээсэн мэдээллийг шалган шийдвэрлээд, торгууль нь улсын төсөвт орсон тохиолдолд урамшууллыг тодорхой хувьчилж олгох юм" гэлээ. Түүнчлэн тэрбээр уг хуулийн төсөлд татвараас зайлсхийсэн асуудлыг нэмж тусгах чигтэй ажиллаж байгаагаа хэлсэн юм.


Сэтгэгдэл

Зүч [59.153.113.228] 2023-04-05 23:49:50

Төр зөв ажиллах юм биш үү.

Зочин [91.210.250.81] 2023-04-05 16:53:39

Бие биенийгээ матна гэсэн үг шүү дээ, үнэн мэдээлэл бол одоо яахав, хажуугаар нь маш олон худал мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Манайх чинь тэгээд Герман улс шиг "цагдаа" (полейское государство" гнж нэрлэгдэх болох юм бна даа.

Зочин [66.181.161.242] 2023-04-05 11:36:53

Цэрэнд бол өгөхгүй өөрийн намынхан хувааж авна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.