2022-2023 оны хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ

Aдмин / Боловсрол

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг нь аж ахуйн нэгжүүд дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах ажил байлаа. Энэ хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болж, 2500 орчим хүүхэд аав ээжийнхээ ажилд ойроос боловсролын үйлчилгээг авч байна.

Байгууллагууд хүний нөөцөө тогтвортой байлгах, хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ цэцэрлэг байгуулах сонирхол, хэрэгцээ их байдаг. Гэхдээ зарим байгууллага цэцэрлэг байгуулах ажлаа хойшлуулж байгаа шалтгааныг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа хийсэн юм. “Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгааны үр дүнгээс:

- Компани дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын цаг ашиглалт, ажил-амьдралын тэнцвэр сайжрах, ажилдаа сэтгэл ханамжтай, үнэнч байдал нэмэгдэж, ажил таслалт багасч байна.

- Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулах санаачилга удирдлага болон ажилтнуудаас аль алинаас гардаг.

- Судалгаанд хамрагдсан 14 байгууллага нийт 1000-1400 хүүхдийн цэцэрлэгийг 2023-2027 оны хооронд байгуулах төлөвлөгөөтэй байна.

- Дэргэдээ цэцэрлэг байгуулахад төрийн дэмжлэг, тэр дундаа мэргэжлийн багш, хүний нөөцөөр хангах, тэднийг давтан сургах, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байрыг шийдэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зураг саналууд олон гарав.

2022-2023 оны хичээлийн жилд дэргэдээ байгууллагын цэцэрлэг шинээр байгуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн 5 байгууллагыг өнөөдөр онцолж батламж гардууллаа.

- Говь компаний дэргэдээ Говийн багачууд цэцэрлэг байгуулж 5 бүлэгт 120 хүүхдийг хамруулж байна.

- АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдэх цэцэрлэг 8 бүлэгт 160 хүүхэдтэй.

- MCS Coca Cola компанийн дэргэдэх Happy kids цэцэрлэг 3 салбар бүлэгтэй.

- Интермэд эмнэлгийн дэргэдэх Энхрийхэн үрс цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж байна.

- Allergy Med эмнэлгийн дэргэдэх байгууллагын цэцэрлэг 25 хүүхэдтэй.

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бидний уриалгыг дэмжиж хамтран ажилласан нийт байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Энэ жишгээр ирэх хичээлийн жилд бусад байгууллагууд ч дэргэдээ цэцэрлэг байгуулна гэдэгт итгэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.