Т.Төгсбилгүүн: Тайланд бол АСЕАН руу гарах манай чухал гарц юм

Aдмин / Нүүр

“Элчин сайд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Тайланд улсад эх орноо төлөөлөн ажиллаж байсан Элчин сайд Т.Төгсбилгүүнтэй ярилцлаа.

-Та Тайланд улсад эх орноо төлөөлөн ажиллаж байсан. Ер нь хоёр орны харилцаа ямар шатанд яваа гэж та үздэг вэ?

-Би Тайландын Хаант Улсад 2015-2020 онд Элчин сайд бөгөөд Бангкок хотноо төвтэй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн энэ хугацаанд Малайз, Мьянмар улсуудад Элчин сайдаар хавсран ажиллаж байлаа.

Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэнэ. Хэдийгээр хоёр улсын орчин үеийн харилцаа хагас зуун жилийн нүүр үзэж байгаа боловч үүнээс ч өмнө монголчууд тайчуудтай харилцаж байсан түүхтэй. Тухайлбал, тайчуудын үүсгэн байгуулсан Аюуттаяагийн вант улс 13-14 дүгээр зуунд Монголын Их Юань эзэнт гүрэнтэй элч солилцон харилцаж байжээ.

Хоёр улсын орчин үеийн харилцааны талаар ярихад, 1974 оноос 1990-ээд оны эхэн үе хүртэл хоёр талын харилцаа ерөнхийдөө ёс төдий шинж чанартай, Элчин сайд нараа харилцан Итгэмжлэх жуух бичгээ бариулдагаар хязгаарлагддаг байсан. Тухайн цаг үед хоёр улс нийгмийн байгууллын хоёр өөр тогтолцоотой байсан нь үүнд нөлөөлж байв.

1990 онд Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл эхэлснээс хойш АСЕАН-ы гишүүн орнууд дотроос Тайланд Улс манай улсыг харьцангуй илүү сонирхож, харилцаа хөгжүүлэх идэвх гаргасан. Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн 1992 онд Монгол Улсад, манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд Тайланд Улсад тус тус айлчилсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Үүнээс хойш Тайландын Засгийн газар техник, эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар манай төрийн албан хаагчдыг төрөл бүрийн дунд болон богино хугацааны сургалтад хамруулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа нийгмийн олон салбарт өргөжин хөгжиж ирлээ. Хоёр талын өндөр, дээд түвшний харилцааны давтамж нэмэгдсэнээс гадна парламент, нийслэл хотуудын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байна. Жишээлбэл, намайг ажиллаж байх хугацаанд буюу 2017 онд Улаанбаатар, Бангкок хотуудын хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоож, хоёр улсын нийслэл хооронд манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нь худалдаа, эдийн засгийн харилцаанд таатайгаар нөлөөлсөн нь дамжиггүй. Миний санаж байгаагаар 2018 онд худалдааны эргэлт 31.2 сая ам.доллар байсан бол 2019 онд 42.2 сая ам.долларт хүрсэн. Тэгэхээр товч дүгнэхэд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн бололцоо байна.

-Зарим талаар манайх том биш улс мөртлөө олон улс орнуудад Элчин сайдын яам нээх нь хэт их зардал байдаг гэсэн шүүмж байдаг. 1990-ээд оноос Элчин сайдын яам нээгдсэнээр харилцааны ямар ахиц дэвшил гарч, ач холбогдолтой болж байв?

-Манай Засгийн газар 1990 онд Бангкок хотод ЭСЯ-аа байгуулах шийдвэр гаргасан боловч тухайн үеийн эдийн засгийн байдлаас шалтгаалж ЭСЯ-аа нээж чадахгүй явсаар 2000 онд албан ёсоор нээсэн. Тайланд Улсад ЭСЯ нээсний ач холбогдол нь хоёр талын харилцаа хөгжүүлэхээс гадна тус улсын нийслэл Бангкок хотод байрладаг НҮБ-ын бүс нутгийн хамгийн том комисс болох АНДЭЗНК-ын дэргэд Байнгын төлөөлөгчийн газраа ажиллуулах боломжтой болсонд оршдог юм. НҮБ-ын АНДЭЗНК нь бүс нутагт эдийн засгийн хөгжил цэцэглэл, нийгмийн дэвшилд хүрэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийх, бодлогын санал боловсруулах, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлдэг.

Манай улс НҮБ-ын АНДЭЗНК-той худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны зарим тодорхой жишээг дурдахад, тус Комиссын дэмжлэгтэйгээр 2016 оны арванхоёрдугаар сард Азийн автозамын дагуу автотээвэр гүйцэтгэх тухай хэлэлцээрийг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан. Мөн манай Засгийн газрын санаачилгаар үүсгэн байгуулсан Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв /ДГХБОУСТ/-ийн үйл ажиллагааг тогтмолжуулж, Засгийн газар хоорондын байгууллага болоход нь АНДЭЗНК-ын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн.

Түүнээс гадна, манай улс 1990-ээд оноос олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэхдээ Ази, Номхон далайн интеграцчлалд нэгдэн орох зорилго тавьсан тул тус бүс нутгийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд ЭСЯ-аа АСЕАН-ы хоёр дахь том эдийн засаг, Зүүн Өмнөд Азийн нөлөө бүхий оронд нээсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон. Үүнээс өмнө манай улс тус бүс нутгийн орнуудаас Вьетнам, Лаос хоёрт ЭСЯ-тай байсан бол 2000-аад онд Тайланд болон Сингапурт ЭСЯ-аа нээсэн.

АСЕАН нь Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалын гол хөдөлгүүр нь бөгөөд үүнийг тус байгууллагыг хүрээлсэн АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт (АРФ), АСЕАН+3 (БНХАУ, Япон, БНСУ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт, ADMM, ADMM Plus (АСЕАН-ы Батлан хамгаалахын сайд нарын уулзалт), Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (RCEP-Regional Comprehensive Economic Partnership) гэх зэрэг бүс нутгийн олон механизм, санаачилга гарч ирсэн явдал нотолж байна. Тиймээс АПЕК, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад нэгдэн орох зорилготой байгаа манай улсын хувьд АСЕАН-ы орнуудтай ойртож, дэмжлэгийг авах нь чухал. Ер нь ЭСЯ ажиллуулна гэдэг бол зөвхөн өнөө маргаашийн ашиг хонжоо гэхээсээ илүү улс орныхоо хөгжлийн хэтийн зорилгыг урагшлуулах, бүс нутаг, дэлхийн түвшинд байр сууриа бэхжүүлэхтэй хамааралтай асуудал юм.

-Тайландууд ер нь ямар хүмүүс вэ. Монголчуудыг хэр мэдэх бол?

-Монголчуудыг түүхээр нь сайн мэддэг. Нэгэн үед тайландуудыг Монголын Алтайн нуруунаас гаралтай гэсэн таамаглал судлаачдын дунд элбэг байсан. Харин өнөөдөр Хятадын Юньнань мужаас гаралтай эсхүл угаасаа ард түмнийх нь үндсэн цөм нь одоогийн газар нутагтаа оршиж, сүүлдээ кхмер, мон зэрэг үндэстэнтэй холилдсон гэсэн таамаглал давамгайлж байх шиг байна. Монголыг Чингис хаан, Хубилай хаан гэх зэргээр их сайн мэддэг. Монгол орны онгон байгаль, хээр тал, нүүдэлчний ахуй амьдралыг сонирхдог. Жишээлбэл, намайг Бангкокт ажиллаж байх хугацаанд манай ЭСЯ-ны санаачилгаар Тайландын телевизийн нэрт сэтгүүлч Варин Сачдевийг 2018 Монгол Улсад аялуулж, тусгай нэвтрүүлэг бэлтгүүлж гаргасан нь телевиз үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан.

Мөн манай ЭСЯ-ны оролцоо, дэмжлэгтэйгээр морин хуурыг Тайландын олон нийтэд танилцуулж, сурталчлах төслийг Тайландын морин хуур сонирхогч Вилит Тежапайбун гэдэг хүн хэрэгжүүлж байв. Энэхүү төслийн хүрээнд Бангкокт “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” морин хуурын концерт-хамтарсан тоглолт зохион байгуулж, “Хан хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын чуулгыг оролцуулан үндэсний соёл, урлагаа сурталчилж байв.

-Тайланд улс аялал жуулчлал маш сайн хөгжсөн улс орны нэг. Энэ жилийг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын хувьд тэднээс суралцах зүйл юу байна вэ?

-Монгол, Тайланд хоёр улс газар нутгийн хувьд бие биеэсээ хол оршдог боловч биднийг холбодог нийтлэг зүйлс олон бий. Тухайлбал, Буддын шашин, соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйлс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Тайландаас суралцах зүйлс багагүй байдаг. Жишээлбэл, 2018 онд манай Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хөгжлийн агентлаг /ТАЙКА/ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтран Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсаны санаачилсан “Хүртээмжтэй эдийн засгийн философи -Sufficiency Economy Philosophy” үзэл баримтлалд тулгуурлан “Монгол Улс дахь тогтвортой аялал жуулчлал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд манай ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажилласан. Тайландын аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагаа, ялангуяа орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй манай холбогдох албан тушаалтуудыг танилцуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон. Энэхүү гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн.

-Таныг байх үед Улаанбаатар, Бангкок хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоосон юм билээ. Энэ чиглэлд ямар үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагаа бий болсон бэ?

-Манай нийслэл хотууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын түвшинд 2000 оноос шууд харилцаа тогтоож төлөөлөгч солилцох зэргээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэ уламжлал дээр үндэслэн манай ЭСЯ-ны зүгээс Улаанбаатар, Бангкок хоёрын хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоох санаачилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд 2017 онд манай Нийслэлийн Засаг дарга Бангкокт айлчилж, хоёр хотын хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг байгуулсан юм. Ингэснээр нийслэлүүдийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан харилцан солилцох, сурталчилгааны хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Ер нь үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг хэлэхэд дипломатчдын хийдэг ажил нь залгамж чанартай байдаг бөгөөд өмнөх хүнийхээ хийсэн ажлыг үргэлжлүүлж гүйцээдэг.

-Та бол мэргэжлийн дипломатч хүн. Ер нь дипломатч хүн гэдэг ямар үүрэгтэй байх ёстой юм бэ. Дипломатч хүний хийж байгаа ажил урт хугацааны, залгамж чанартай гэж та хэллээ?

-Дипломатч нь хоёр орон, ард түмний харилцааны гүүр гэж зүйрлэн хэлж болно. Элчин сайдын гол үүрэг бол суугаа орондоо өөрийнхөө орны төр, засгийн бодлогыг зөвөөр танилцуулж, ойлгуулахад оршдог. Мөн тухайн оронд оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, туслалцаа үзүүлэх ч орно.

-Монгол Улсын хувьд хоёр хөрштэй. Гуравдагч хөршийн бодлогын талаар бид багагүй ярьдаг. Ер нь энэ гуравдагч хөршийн бодлого гэдгийг хэрхэн зөвөөр ойлгох ёстой юм бол?

-Манай улс хоёр их гүрний дунд оршдог газарзүйн онцлогтой. Хоёр хөрштэй тэнцвэртэй харилцахын тулд гуравдагч хөрш бидний хувьд зайлшгүй хэрэгтэй. Түүхийн явцад манай улс хоёр хөршөөсөө хамааралтай явж ирсэн бөгөөд үүнээс үүдэн гуравдагч хөршийн бодлого хэрэгтэй хэмээх ойлголт 1990-ээд оны эхэн үеэс сэргэсэн. Сэргэсэн гэж байгаагийн учир нь 1910-аад оны үед Богд хаант Монгол Улсын засгийн газар Япон, АНУ-тай харилцах хүсэлтэй байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн энэ нь амжилтгүй болсон. Энэ бол гуравдагч хөршийг хайж ирж байсны нэг жишээ нь юм. 1980-аад оны сүүл гэхэд дэлхий дахинд нааштай өөрчлөлт гарч эхэлсэн нь манайд бас өөрчлөлт авчирсан. Ийнхүү гадаад бодлогоо тэнцвэртэй явуулах таатай нөхцөл бүрдсэн. Мөн манай улсад бусад улс оронтой харилцах таатай орчин бүрдэн гуравдагч хөрш хэмээх ойлголт гарч ирсэн. 1990 он гэхэд зөвхөн Америкийг гуравдагч хөрш гэж ойлгож байсан. Өнөө үед гуравдагч хөрш гэдэг нь өрнө, дорнын өндөр хөгжилтэй, Монголын ардчиллыг дэмждэг улсуудыг хэлнэ.

Одоо цагт дэлхий дахины байдал амаргүй байгаа энэ нөхцөлд гуравдагч хөрш бол маш чухал. Тэглээ гээд бид хоёр хөрштэйгөө харилцаагаа сааруулж байгаа хэрэг огт биш. Харин гадаад ертөнц рүү олон цонхтой байх, дэлхийд олон түнштэй байх нь манай улсын эрх ашигт нийцнэ. Манай улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулна гэж заасан байдаг. Тэр олон тулгуурын нэг нь л гуравдагч хөршийн бодлого юм.

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.113] 2023-04-18 10:36:18

Яг үнэн.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.