ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 23.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 603.9 (2.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (5.2 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг нийгэм, эдийн засгийн тайланд тэмдэглэсэн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54 хувь нь иргэд, 44.8 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 624.2 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 628.9 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84.5 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 414.3 (42.7 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Тус зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6 хувийг эзэлж байна.
Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2023 оны 3 дугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.6 (1 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 101.1 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлжээ.
Сэтгэгдэл