Ж.Сүхбаатар: Нийслэлийн авто замын түгжрэлийг 50 хувиар бууруулахаар ажиллаж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар хийж буй ажлын явцын талаар танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа "Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 234.2-624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг "Жайка"-гаас гаргасан байна. Өнөөдрийн байдлаар иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгаа аж. Иймд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн “Хот хөдөөгийн сэргэлт" бодлогын хүрээнд аймаг, сум, алслагдсан дүүрэгт шилжин суурьшсан /Багануур, Багахангай/ анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эхлүүлэхээр бэлдэж байна. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх, батлагдсан төсвийн хүрээнд Засгийн газар хариуцан төлөх хүүгийн татаасын хэмжээг арилжааны банкуудтай хэлэлцээрийн замаар санхүүжилтийн гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын эзэмшлийн зарим аймаг дахь газрыг орон нутагт шилжин суурьшсан иргэдэд зориулсан орон сууцны барилга барих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлээд байна. Шинээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн 2022-2023 онд Улаанбаатар хотыг Олон төвт хотын загварт шилжүүлж хөгжүүлэх бодлоготой уялдуулан авто замын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд Авто зам, Нийтийн тээвэр, Хот байгуулалт, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 12 багц арга хэмжээг төлөвлөсөн. Энэ оны хувьд нийслэлийн төсвөөс авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр 15.1 тэрбум төгрөг, гол гудамж замын бүтээн байгуулалтад 29.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Улсын төсвийн тухайд нийт 408.0 тэрбум төгрөгийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-ны даргын багцад тусган баталсан.

Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2024 онд хоногт нийт 184,910 машин нэвтэрч, автозамын түгжрэлийг 9 хувиар бууруулна. Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр төсөл байна. Үүнд,

1. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг эхлүүлж, Сонгинохайрхан дүүрэг, 5 шарын төмөр замын гармаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зураг төслийг боловсруулж байна. Энэ сард нарийвчилсан зураг төслийг улсын экспертизээр батлуулахаар ажиллаж буй. Төслийг хэрэгжүүлснээр нүхэн гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 20-40 хувь болж, гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна.

2. Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын тогтвортой зам, тээврийн урт болон дунд хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулахаас гадна оновчтой төлөвлөлт, авто зогсоолын болон замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг систем бүхий иж бүрэн гудамж замыг байгуулахаар ажиллаж байна. Төслийн дүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж нэгдсэн системийг бий болгох юм.

Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд нэг төвт хотоос олон төвт хотыг хөгжүүлэх эхлэл буюу хот тойрсон авто замын хөдөлгөөнийг 2 жилийн хугацаанд бий болгохоор төлөвлөсөн. Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30 хувиар бууруулахаар байна. Мөн хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой “Сэлбэ сэргэлт” төсөл судалгааны шатандаа байна. Урьдчилсан тооцооллоор, Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ш нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг бий болгоно. Үүний дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцах юм.

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Парк шинэчлэлд 1400 орчим нийтийн тээвэр шаардлагатай байгаа тооцоо судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна. Тиймээс 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Одоогоор автобус худалдан авах гэрээний хүрээнд зургаадугаар сараас эхний ээлжийн автобус орж ирнэ. Нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байгуулах ажлыг эхлүүлсэн.

Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувьд хүргэж, насжилт ихтэй автобусыг ашиглалтаас гарган, урсгал зардал болон агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний сувгийн хамт ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх юм. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр төсөл байна. Үүнд,

1. Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эхлүүлж, II шугам болох Яармаг Шинэ хотын захиргаанаас Хархорин автобусны буудал хүртэлх 4,2 км дүүжин замыг ирэх оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах юм.

2. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл нь Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Чингэлтэйн замын 5.1 км коридорт хэрэгжиж байна. Эдгээрээс гадна Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлж, эхний шугам буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо хүртэл нийт 15 буудалтайгаар төлөвлөн ТЭЗҮ боловсруулж, төслийн суурь судалгаа хийсэн.

Үүний зэрэгцээ “Нийслэлийн нийтийн тээвэрт тусгай замын их багтаамжийн автобусыг нэвтрүүлэх” төсөл судалгааны шатандаа байна. Урьдчилсан тооцооллоор, Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалангийн автобусны буудал хүртэлх авто замыг ашиглан тусгай эгнээгээр их багтаамжийн автобусыг нэвтрүүлэх нийтийн тээврийн төрлийг бий болгох юм. Түүнчлэн хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2022-2023 онд сургуулийн 7, цэцэрлэгийн 11, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 9 барилга барина. Зургаан дүүргийн 28 байршилд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 2 болон 7 дугаар хороонд нийт 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон их багтаамжийн авто зогсоолыг барихаар судалгаа, тооцооллыг гаргалаа. Иргэдийн ая тухтай орчинд алхах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор Бага тойруу бүсэд явган замыг өргөтгөн ногоон байгууламжийн хамт тохижуулах, нийтийн эзэмшлийн талбайгаас гарааш, хайс хашлагыг буулган явган болон дугуйн замыг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулан жижиг оврын автобус явуулах, дундаж хурдыг нь нэмэгдүүлэх үүднээс Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлөх ажлыг төлөвлөлөө. Товчоор дүгнэвэл, авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг өнгөрсөн онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг 50 хувиар бууруулна гэж үзэж байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.218] 2023-04-23 22:54:18

Түгжрэлийн сайд маань түгжрэлийг улам төгөлдөржүүлэхээр шаргуу ажиллаж байна шүү, энэ янзаараа бол удахгүй УБ-г тэг зогсоож, зорилгодоо амжилттай хүрэх байх аа

Иргэн [202.126.89.229] 2023-04-22 19:50:33

Шинэ автобус оруулж ирж парк шинчлэлт хийгээд л түгрэлийг хэдэн хувь бууруулна гэж яриад байхын тэрэн шиг худлаа юм байхгүй ш дээ. хуучин автобусыг шинэ болгож байгаа хэрэг. Тэгэхдээ бүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр хуучин автобус 150 хүн чихээд ордог, шинэ автобус чихээд 100 хүн ордог гэж надад туршлагатай жолооч ярьсан. Энэ хачин түгжрэлийг нь олон автобустай болгож нэмээд байгаа юм бишүү. Шинэ төрлийн тээвэр оруулж ирнэ түгжрэлийн нөлөөллүүдийг цаг минутаар судлана. гэх мэт олон юм би. Энийг Сүхбаатар мэдэхгүй ээ.

Иргэн [66.181.183.239] 2023-04-22 09:47:59

Энэ Тэнэгүүд Зайлуулах цаг!!!!!!!Алдар цол нь ахиад -хийж байгаа нь ярихаас өөр биелэгдэж мбайгаа нь байхгүй !!!!!!! Ёстой хэрэггүй юмнууд өдрөөс өдөрт ёоооооооо!!!!!! Хайран улсаа салгаж аван дэрдээ Тэнэгүүд хулгайч луйвөрчид !!!!

Зочин [66.181.176.121] 2023-04-21 22:48:16

Энэний оронд хөдөө орон нутаг хөгжүүлэх сайдтай байхгүй яав.

Guest [193.148.18.59] 2023-04-21 20:14:04

Энэ шиг худал зүйл хавьд сонссонгүй, хахаха.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.