ТЭЭВРИЙН ЗАРДАЛ БУУРЧ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ ХЯМДАРЧЭЭ
Барилгын материалын төв зах 100 айл олны хөлд дарагджээ. Байшингаа засварлах, шинээр байшин барихаар блок, цемент сурагласан иргэд энд бужигнаж байна. Барилгын материал сурагласан иргэдийг анзаарахад тэдний олонх нь цемент л хайж байх юм.
100 айл захад “МАК”, “Монцемент” зэрэг дотоодын үйлдвэрүүдийн цемент болон хятад цемент зарагдаж байна. МАК цемент шуудай нь 18000 төгрөг бол Монцемент 16000 төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2000-3000 төгрөгөөр өссөн үнэ гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Харин хятад цемент шуудай нь 15000 төгрөгөөр зарагдаж байв. Иргэд өөр өөрсдийн сонголтоо хийж байв. Ямартай ч цементийн эрэлт энд маш их байна.
Бусад барилгын бараа материалын үнэ 10-15 хувиар буурсныг худалдаа эрхлэгчид онцлов. Үүнийг бараа материалын тээвэрлэлтийн ханш буурсантай холбож тайлбарласан юм.
Х.Батсайхан: Тээвэрлэлтийн зардлаа дагаад барилгын материалын үнэ буурсан
Худалдаа эрхлэгч Х.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Барилгын материалын ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар байна вэ?
-Барилгын үе эхлээд удаагүй, ачаалал өндөр байна.
Барилгын материалын үнийн тухайд өнгөрсөн онтой харьцуулахад буурсан. Ойролцоогоор 10-15 хувиар буурсан гэж хэлж болно. Жишээ татаад хэлэхэд жилийн өмнө барилгын дээврийн хөөс 85000 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 60000-65000 төгрөгөөр зарагдаж байна. Барилгын ажилд өргөн хэрэглэгддэг дээврийн төмөр энд 9000-10000 төгрөгөөр зарагдаж байгаа. Өнгөрсөн жил хамгийн хямддаа 13000 төгрөгөөр зарагдаж байсан шүү дээ. Барилгын материалын үнэ буурсан нь урдаас нааш нь зөөх тээврийн зардал буурсантай холбоотой. Нөгөө талаар барилгын материалын нөөц элбэг байгаа нь үнэ буурахад нөлөөлж байгаа.
-Хятадад бараа материалын ханш өнгөрсөн жилийнхээс өссөн үү. Хэвээрээ байна уу?
-Ер нь хэвээрээ л байгаа шүү дээ. Тээвэрлэлтийн зардал өссөн учраас энд үнэ нь нэмэгдээд байсан юм. Зардал нь буухаар дагаад л үнэ нь буурсан.
-Байшиндаа дотоод засал хийх сонирхолтой иргэд түгээмэл харагдах юм. Дотоод засалд өргөн хэрэглэгддэг обойн үнэ ямар байна вэ?
-Обойг хүн бүр л асууж байна. Ханын цаас чанараасаа шалтгаалаад өөр өөр ханштай худалдаалагдаж байна. Ерөнхийдөө 7000-70000 төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлзэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд барилгын материалын олдоц ховор, үнэ нь тэнгэрт хадчихсан байсан. Эдийн засаг ийм үед байр орон сууцаа засах боломж иргэдэд хомс байсан болов уу. Харин энэ жил байр, байшингаа засч сайжруулах, томруулах хүмүүс маш их байна. Үнийн хувьд ч уян хатан учраас иргэд 100 айл зах руу л ирж байна” гэв.
Барилгын материалын үнэ өнгөрсөн жилийнхээс буурсан талаар худалдаа эрхлэгчид ийн тайлбарлаж байна. Тодруулбал барилгын засалд өргөнөөр хэрэглэгддэг замаск литр нь 9500 төгрөг, паркетан шал 10000-15000, будаг чанараасаа шалтгаалаад 5000-15000 төгрөгийн хооронд ханштай байна. Харин вакум цонхны үнэ өмнөх жилийнхтэй ижил байгааг үйлчлүүлэгчид хэлж байв. Тодруулбал 200-600 мянган төгрөгийн ханштай зарагдаж байсан юм.
О.Хишигбаатар: Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байхад барилгын материалын үнэ буурсан нь сайн мэдээ
Бид 100 айл барилгын материалын захаар үйлчлүүлж яваа О.Хишигбаатартай цөөн хором ярилцлаа.
-Та ямар материал хайж явна вэ?
-Байшиндаа залгаа хийнэ. Хажуугаар нь шалаа шинэчлэх ажилтай энд ирлээ. Өнгөрсөн жил засахаар төлөвлөж байсан ч барилгын материалын үнийг нь хараад буцсан. Энэ жил хийхээр төлөвлөөд сая блок авсан. Эндээс дотор засалд шаардлагатай материал авна.
-Үнэ ямар байна вэ?
-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байхад барилгын материалын үнэ хямдарсан сайн мэдээг энд ирээд мэдлээ. Боломжийн паркетан шалыг 10000 төгрөгөөр авах боломжтой юм байна. Сая дүүжин тааз 16000 төгрөгөөр худалдаж авлаа.
-Засал чимэглэлд шаардлагатай материалуудаа та цуглуулж чадав уу. Хэд орчим төгрөг болж байна вэ?
-700 мянган төгрөгөөр дотор заслын материалаа авчихаж болж байна. Харин арматурын үнэ хэвэндээ байх шиг байна. Авах бодолтой байсан ч чадсангүй. Үнэ нь буугаагүй байна гэж би харлаа. 14000 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг бид дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол бараг тал үнээр нь авах боломжтой гэж хардаг юм. Арматурын түүхий эд манайд байдаг шүү дээ. Түүхий эдийг нь манайхаас хямд аваад л боловсруулаад хэд нугалаад буцаагаад оруулаад ирдэг. Ачаа нь бидний нуруунд л ирдэг гэв. 100 айл барилгын материалын захаар үйлчлүүлж буй иргэд барилгын материалын үнийн талаар ийм байр суурь илэрхийлж байна.
Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн зүгээс онцолж байгаагаар үнийн хөөрөгдөл зөвхөн тээвэрлэлтийн зардалтай л холбоотой байж. Юанийн ханш бууж байгаа учраас барилгын материалын үнэ цаашид ч буух төлөвтэй байгааг хэлж байв. Харин урд хөршид барилгын материалын үнэ хөдлөөгүй, тээвэрлэлтийн зардал буураад байхад орон сууцны үнэ өдрөөс өдөрт өсч байгааг иргэд ч тэр, худалдаа эрхлэгчид ч тэр гайхаж байна лээ.
Зарим барилгын компаниудаас тодруулахад тэд барилгын материалаа урдаас татдаг. Тээвэрлэлтийн зардал өндөр байх үед авсан үнээ шингээгээд зах зээлд нийлүүлж байгаа талаараа хэлж байна. Гэхдээ доллар болон юанийн ханшийн хэлбэлзлээс шалтгаалж байрны үнэ буурах төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [64.119.22.136] 2023-05-06 00:16:39
Ок ок ок ок ок