ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 05. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 15. Сугар гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр.
Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Сар хиртэх бөгөөд 5 дугаар сарын 05-ны 23 цаг 14 минутаас 5 дугаар сарын 06-ны 03 цаг 31 минут хүртэл буюу нийт 4 цаг 18 үргэлжилнэ. Оргил үе нь 5 дугаар сарын 6-ны 01 цаг 22 минутад ажиглагдана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Сэтгэгдэл