Үндсэн хууль шинээр боловсруулах асуудлын эргэн тойронд: Санал, сургамж
Эдэлж хэрэглэж ирсэн хуучин аль нэг зүйлээ ихээхэн шинэчлэх, боловсронгуй болгох, аль эсвэл бүр шинийг бүтээж хуучныгаа хаях тохиолдол бишгүйдээ л байдаг зүйл. Гэхдээ шинийг бүтээх ажил нь хуучинтайгаа заавал холбогддог. Наад зах нь л адил зориулалт бүхий хуучин зүйлүүдээс жишээ авдаг, зарим нэгэн хэсгийг нь шууд хуулбарладаг, ядаж л хэлбэр, хэмжээ, бүтэц, өнгө мэтийг нь тооцож, дууриалгадаг. Зориулалт нь, хэрэглээ нь адилхан болохоор тэгэх нь ч зөв арга, технологи юм.
Монголчууд бид түүхэндээ үндсэн хуулийн зэрэг, зиндааны олон хууль боловсруулж, хэрэглэж ирсэн ард түмэн. Наад зах нь л XIII зуунаас нааш 10 шахам томдоо, чухалдаа орох хуулиудыг боловсруулж, мөрдөж ирснийг дэлхий дахин мэднэ. Иймээс засаглах эрхийг хувааж, тэнцвэржүүлсэн, төрийн эрхийг ард түмний өөрийн нь мэдэлд үлдээсэн шинэ, үндсэн хууль боловсруулах нь хэцүү ажил биш байлаа.
Үндсэн хуулиудтай байсан улс орон шинийг боловсруулж батлахдаа мөн л өмнөх хувилбарууд, уламжлалаа эргэж харах болдог. 1992 оны үндсэн хууль боловсрогдож батлагдсаны нэг тал нь мөн л иймэрхүү ажил, хандлага байлаа. Дүрсэлж хэлэх аваас 1960 оны үндсэн хуулийг шинэ нөхцөл, байдал, шинэ онол-аргазүй, шинэ байр суурь, иргэний нийгэм, иргэний ардчилал, засаглалын үүднээс иж бүрнээр өөрчлөх, хэрэгтэй байв. Иргэдийн эрх, эрх чөлөө, тэгш эрх, хүмүүнлэг энэрэнгүй ёс суртахуун, олон ургальч үзэл, аж ахуйн олон хэвшил, өмчийн олон хэлбэр, чөлөөт зах зээл, олон намын тогтолцоо, төрийн засаглалыг хуваасан, харилцан хяналттай, тэнцвэртэй болгосон, төлөөллийн ардчилал болон шууд ардчиллыг зохистой хослуулсан гэх мэтийн шинэ ойлголтуудыг оновчтой, үндэсний онцлогт тохируулан шинэ үндсэн хуульд суулгаж өгөх ёстой байв. Товчилж хэлэх аваас оюуны баялаг бүтээдэг үндэсний үйлдвэрлэл нэгэн шинэ бүтээгдэхүүн, онцын чухал бүтээгдэхүүн зохион гаргах хэрэгтэй болсон юм. 1990-1995 оны хооронд миний нийгмийн идэвхи тун ч хүчтэй, өндөр байжээ. Шинээр гарах болсон чөлөөт хэвлэлүүдэд би долоо хоногт хоёроос доошгүй өгүүлэл нийтлүүлж байв. Сонинууд ч миний өгүүллүүдийг дуртай авдаг, дор нь л гаргадаг байсан.
Шинэ үндсэн хууль боловсруулах, баталж мөрдөх хэрэгцээ, шаардлагатай уялдуулан би 10 шахам өгүүлэл бичсэн. Бүгд л сонинд нийтлэгдсэн. Тэр өгүүллүүдэд орсон санаанууддаа тулгуурлан Монгол улсын төрийн байгуулал ийм байвал зүгээр гэсэн 6 хуудас зөвлөмж боловсруулж Чимэд гуайд өгч байлаа.
Тэр зөвлөмж маань тэр үеийн (1991 оны) Улсын бага хурлын архивт байх учиртай. Тэдгээр өгүүлэл, тэр зөвлөмжийн улмаас л би хожуу нь үндсэн хуулийн төсөл дээр ажиллах хүмүүсийн тоонд багтсан байх... Үндсэн хуулиуд цөөхөн хуудастай жижигхэн товхимлууд байдаг болохоор би орос хэл дээр 20-иод үндсэн хуулийг дор нь гүйлгээд уншчихаж билээ. Джон Локк (1632-1704)-ын “Два трактата об управлении государством. 1690г”, Шарль Луй Монтескье (1689-1755)-гийн “Одухе законов. 1748г” номууд дахь үзэл, онолыг урд нь үзэж судалж байсан болохоор Ардчилсан үндсэн хуульд тавигдах ёстой шаардлага ч ойлгомжтой байлаа. Хүний эрх, эрх чөлөө, ард түмний ашиг сонирхол, тэгш эрх, иргэний ардчилал, засаглалыг хуваах, тэнцвэржүүлэх, харилцан хяналттай болгох, төлөөллийн болон шууд ардчиллыг хослуулах, хууль дээдлэх зэрэг үндсэн зарчмууд төрийн гол хуульд тусгагдаж, баталгаажих учиртай байв.
92 оны үндсэн хуульд дээр дурдсан зарчим, шаардлага, үзэл санаа бүгд тусгагдсан хэдий ч засаглалын холимог тогтолцооны улмаас зарим давхцал, тодорхойгүй байдал үүссэн, үлдсэн нь үнэн юм. Гэхдээ зөвшилцөх аргаар тохиролцоо, ойлголцолд хүрэх бололцоо мөн буй билээ. Хувь улстөрчийн мэдлэг, нэр, нөлөө, ухаан гэж нэгэн чухал хүчин зүйл ч бас бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурал зөвшилцөх, ойлголцох үүрэгтэй. Үндсэн хуулийн заалтуудын утга санаа, үг үсгийн хүрээнд органик хуулиудад маш өргөн боломж үлдээсэн бөгөөд түүнийг ашиглах замаар аль ямар ч асуудлыг шийдвэрлэх арга бас буй. 1960 оны үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй болсон нь органик хуулиудад дэлгэрэнгүй байх боломж олгосон байв. Гэвч энэ боломж өнгөрсөн 32 жилд бараг ашиглагдсангүй. Үндсэн хуулийнхаа утга санаа, үг үсгийн хүрээнд органик хуулиуд дэлгэрэнгүй, тов тодорхой, олон заалттай байх нь зөв арга, хандлага байсан юм, 1960 оны үндсэн хууль (13*20) см хэмжээтэй 28 нүүр бүхий товхимол байсан бол 1992 оны үндсэн хууль мөн л ийм хэмжээтэй, мөн л 28 нүүртэй товхимол болсон юм. Харин ОХУ-ын үндсэн хууль нь Оршил, 2 хэсэг, 9 бүлэг, 137 зүйлтэй 74 нүүр бүхий, бас л (13*20) см хэмжээтэй товхимол.
Шинэ үндсэн хуулийн төслийг 1990 оны 10-р сарын 20-ноос эхлэн боловсруулж, бэлэн болсон төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцэж сайшаагаад “Ардын Эрх” сонинд нийтэлж бүх ард түмнээр хэлэлцүүлжээ. Хэлэлцүүлэхэд гарсан саналыг тусгаж зарим засвар хийгээд Улсын Бага Хурлаар дахин хэлэлцээд мөнхүү 2 дахь хувилбарыг АИХ-ын чуулганаар 76 хоногийн туршид хэлэлцэж баталжээ. Хэлэлцсэн чанарт (+3) дүн л таарах байлаа!
УБХ-аар хэлэлцүүлсэн анхны хувилбарыг (Монгол Улсын Их Цааз) 1991 оны 6-р сарын 17-нд 2.000 ширхэг хэвлэж тараажээ. (Хавсралт №1-ийг үзнэ үү). Энэ эх нь таван бүлэг, 81 зүйл, Оршил хэсэгтэй байлаа. Төслийн энэ эхийг засварлах ажилд 32 хүнтэй комисс ажиллаж Оршил, 5 бүлэг, 70 зүйлтэй болгожээ. Энэ эхийг УБХ-аар дахин хэлэлцээд сайшааж АИХ-ын чуулганд оруулжээ (Хавсралт №2-ыг үзнэ үү). Уг төсөл мөн л “Монгол Улсын Их Цааз” гэсэн нэртэй байлаа. Энэ эхийг 1000 ширхэг хэвлэж тараажээ. Харин АИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан эх нь “Монгол Улсын Үндсэн Хууль” нэртэй, Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй болжээ (Хавсралт №3-ыг үзнэ үү). БНМАУ-ын Ардын Их Хурал энэ эхийг 1992 оны 1-р сарын 13-ны өдөр баталжээ. Төслийн энэ сүүлчийн хувилбар нь “Нэгтгэн батлах эх” гэгдэж байв. Төсөл боловсруулж эхэлснээс хэлэлцэж батлах хүртэл нийтдээ 1 жил, 2 сар, 25 хоногийн хугацаа зарцуулсан байна. Төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг УБХ-ын тогтоолоор (1990 оны 10-р сарын 4-ний) нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. (Хавсралт №4-ийг үзнэ үү). Төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг 39 хүний бүрэлдэхүүнтэй, хожуухан нь уг хэсгүүдийг өргөтгөж 90 хүний бүрэлдэхүүнтэй болгожээ. (хавсралт №5-ийг үзнэ үү). Энэ ажилд чингэж нийтдээ 140 орчим хүн нэр заагдан дайчлагдсан байна. Одоо 30 гаруй жил өнгөрсний дараа, мөн энэхүү үндсэн хууль батлагдсаны ойнуудыг хэд хэдэн удаа тэмдэглэсэн арга хэмжээнүүдийн явц, үг хэлсэн, илтгэл тавьсан хүмүүсийн санал, дүгнэлт, энэ хугацаанд уг үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүдийг зөвтгөсөн болон буруушаасан үг, яриа, сонинд гарсан нийтлэлүүд, 1992 онд АИХ-ын депутат байсан хүмүүсийн дурсамж гэх мэтээс үзэж дүгнэхэд “Шинэ үндсэн хуулийн талаарх үнэн мэдлэг, зөв ойлголт, шинжлэх ухаанч үнэлгээ” энэ талаар идэвхи гаргадаг хүмүүсийн 10%-д нь ч байхгүй нь тодорлоо. Эхний нэмэлт ба өөрчлөлтүүдийг хамгаалж, зөвтгөж Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр үг хэлж оролцсон Нямдорж, Гончигдорж, Лундаажанцан нар төсөл боловсруулах комисст шинжлэх ухаанч бус байр, сууринаас хандацгааж байлаа. Дараа дараачийн нэмэлт ба өөрчлөлтүүдийн үед ч мөн л яг тийм, гэнэхэндүү улстөржсөн хандлага л ажиглагдаж байв. Нилээн чамбай боловсрогдсон үндсэн хуулийн онол, үзэл санаа, дотоод шүтэлцээ, цогц байдлыг эвдлэхгүйгээр нэмэлт ба өөрчлөлт оруулна гэдэг бол угтаа амар хялбар ажил ер биш л дээ. Тэр тусмаа засаглалын холимогдуу тогтолцоотой (хагас парламентын хагас ерөнхийлөгчийн засаглал бүхий), өвөрмэц үндсэн хуульд!
Төрийн эрх мэдлийг төрөлжүүлэн хувааж, харилцан хяналт тавьдаг, зөвхөн өөр өөрт нь үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд хуулиа мөрдөж ажилладаг төрийн ардчилсан тогтолцооны мөн чанар, учир, аацааг өнөөдөр ч гэсэн манай улстөрчдийн 95 хувь ойлгохгүй байгаа юм.
Парламентын засаглалтай гэхээр л парламент нь хаан мэт, нөгөө хоёроо ноёрхох мэтээр, ерөнхийлөгчийн засаглалтай гэхээр л ерөнхийлөгч хэмжээгүй эрхтэй болчих мэтээр ойлгож төөрөлдсөөр л байна. Локк, Монтескье нарын онол, үзэл санаагаар бол аль ч засаглалын нь үед хэн нь ч хэнийхээ дээр биш, зөвхөн өөр өөрийнхөө чиглэлээр л дээд эрх эдэлдэг, нөгөө хоёроо эрхшээл, нөлөөндөө авах нь битгий хэл тэгэж санаархах нь үндсэн хууль зөрчсөн хэрэг болж зэмлэл хүлээх ёстой. Парламентын үндсэн үүрэг бол хууль тогтоох, хуулиудын биелэлтийг хянах, засгийн газрын үндсэн үүрэг бол хуулиудын хүрээнд улс орны амьдралыг удирдах, шүүх засаглал бол хууль зөрчсөн гэм буруутанд ял зэмлэл оноох, энэ гурвын дээр үндсэн хууль, хуулиуд л байх ёстой. Энэ гурвын аль нэгийг нь нөгөө хоёрын нь дээр тавьж, захируулж болохгүй. Тэгэх аваас парламент нэртэй хаан, эсвээс ерөнхийлөгч нэртэй хаан буй болдог жамтай. Ийм байр, сууринаас үзэх аваас манай үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд байгаа “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн хэсэг илүү, буруу. Энэ зүйлд “Монгол улсад хууль тогтоох эрх мэдлийг ганцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн л утга үлдэх ёстой. Үндсэн хууль, түүнээс эх ундрага авсан органик хуулиудын доор, тэдгээрийг биелүүлж ажиллах УИХ, Засгийн газар, Шүүхүүд л байх учиртай. Энэ гурвын аль нэгийг онцолж дээд байгууллага хэмээн нэрлэх аваас тэр нь дорхноо л нөгөө хоёроо эрхшээлдээ оруулж “шинэ хаан” мэндэлдэг нь олон улсын практикаар нотлогджээ. Хэмжээтэй, хуультай ардчилсан төрийн нөхцөлд УИХ, Засгийн газар, Шүүх гурав өөрсөд нь хуулиар олгогдсон эрхийн дагуу л идэвхтэй, шудрага ажиллах ёстой. Аль нэг нь хууль зөрчиж зоргоороо загнаж эхэлбэл нөгөө хоёр нь зөвшилцөж байгаад даварсан этгээдийг огцруулж, зэмлэл хүлээлгэх ёстой. Шүүгчдийг хэнээс ч, юунаас ч үл хамааран шудрага ажиллуулахын тулд зарим оронд дээд шүүхийн шүүгчдийг бүх насаар нь томилдог. Парламентын даргыг хурал даргалах, асуудлыг нямбай хэлэлцүүлэх, шийдвэрийг зөв гаргуулаад байх чадвартай, өргөн мэдлэгтэй, арвин туршлагатайг нь дээдлэн үзэж, заримдаа сөрөг хүчний төлөөлөгчөөр сонгодог практик ч буй. Ажил хэргийн чадвар, ёс суртахуун, эх оронч зан байдал, шудрага, шулуун, бурууд нүд хурц, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл л төрийн хүнд чухалчлагддаг.
92 оны үндсэн хуулийг орхиж шинэ үндсэн хууль боловсруулах, хэлэлцэж батлах шаардлага, цаг үе, нөхцөл буй болчихоод байгаа нь үнэн.
Гэхдээ нийгмийн энэ шаардлага, хэрэгцээг зөв ойлгож, зөвөөр хангах явдал нэн чухал. Зөв хийх, бүтээхэд үнэн мэдлэг, зөв мэдээлэл, туршлага, гүнзгий бас алсуур сэтгэх, урьдчилан харах чадвар хэрэгтэй. Шаардлагыг бүрэн хангах хэмжээний мэдлэг, чадвартай хүмүүсээс бүрдсэн комисс л чанартай хууль бүтээнэ. Эрхийн философи, эрхзүйн шинжлэх ухаан, хуульзүйн шинжлэх ухаан, үндсэн хуулийн эрхээр зохих түвшинд мэрэгжсэн, өмнөх үндсэн хуулиуд, төр ёсны түүхэн уламжлал, бүтээх гэж буй нийгмийн шинж, онцлог, ардчилсан үндсэн хуульд тавигддаг стандарт шаардлага, ардчилсан үндсэн хуулийн онолын орчин үеийн асуудлууд, бусад орны жишээ, туршлага, ололт, төрийн байгуулалтын онол, практикийг судалсан, ойлгосон, хал үзэж хашир суусан хүмүүс л энэ ажлыг (төсөл боловсруулах ажлыг) шаардлагын түвшинд гүйцэтгэх боломжтой. Энэ шаардлагыг хатуу тооцож хүмүүсийг сонгож авах ёстой. Энд ямар нэгэн найр тавилт, тал тохой таталт, албан тушаал, нэр төр харсан хандлага байж огтхон ч таарахгүй. Өндөр албан тушаал, хуурамч нэр төр, том зэрэг, цол энд тус болохгүй. Голох, сонжихын аргагүй мэдлэгтэнгүүд л энд хэрэгтэй. 1991-1992 онд төсөл боловсруулах ажилд оролцож байсан хүмүүсийн үнэмлэхүй олонхи нь бусдын дүйвээнд явсаар ямар ч тус нэмэргүй өнгөрсөн баримт, жишээ ийнхүү хатуу ярихад хүргэж байна. Энэ сургамжийг заавал анхаарах, тооцох учиртай. Чухал ажлыг гүйцэтгэхэд шилмэл, шигшмэл хүн хүч л хэрэгтэй. Оюуны баялаг, онцгой үнэ цэнтэй чухал зүйлийг бүтээхэд цэгц оюун ухаан, өргөн мэдлэг, гүн алсуур, оновчтой сэтгэх чадавх, дотооддоо зөрчилгүй, цогц, хийдэлгүйг буй болгох шинжлэх ухаанч чадамж л чухалчлагддаг юм.
Парламентын спикерт (УИХ-ын даргад) тавигдах шаардлага (ажлын байрны тодорхойлолт гэх утгаар) өнгөрсөн 32 жилийн туршид тун ч сул, хариуцлагагүй байсан дутагдал Монголын парламентын түүхэнд том хар толбо болон үлдэх нь үнэн юм. Энэнийг гэрчлэх олон баримт бий.
Үндсэн хуульд оруулахаар завдсан анхны нэмэлт ба өөрчлөлтийн төслийг 1999 оны 12-р сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Р.Гончигдоржид өргөн барихад ердөө л маргааш нь үдээс өмнө хэлэлцээд шууд баталжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт ба өөрчлөлтүүдийг 24 цагийн дотор хэлэлцээд, шууд баталсан нь юуны өмнө л хурал даргалагчийн том алдаа, мэдлэг, туршлага, хариуцлагын нь хэмжүүр, үзүүлэлт, үнэлгээ юм. Энэ нь ямар ч төлөвлөгөө, бодлого, сонгогчдын санал, судлаачдын зөвлөмжгүй, бүр улсын ерөнхийлөгчтэй ч зөвшилцөөгүй хийгдсэн үйлдэл байлаа. Үндсэн Хуулийн Цэц энэнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд их суудлын хуралдаанаараа хүчингүй болгосон хэдий ч энэ шийдвэрийг УИХ хэрэгжүүлээгүй. Удаах нэг баримт бол Оюу Толгойн гэрээг хэлэлцсэн болж жүжиг тавиад ойлгоо ч үгүй баталсан үйлдэл. Энэ нь угтаа, цаанаа олон гэмт үйлдлийг агуулсан байж болзошгүй нэн хариуцлагагүй ажил, шийдэл мөн байлаа. Энэчлэн дурдах аваас 32 жилийн дотор УИХ-ын даргын үйл ажиллагаатай шууд холбогдох учиртай олон алдаа, дутагдал байгаа юм. “Спикерийн ажлын байрны тодорхойлолтонд” анхаарах цаг болсон. Энэнийг органик хуульд тусгаж, хариуцлага тооцох заалттай болгох нь илүүц зүйл ер биш болно. Нөгөөтэйгүүр спикерийн зоргоор загнасан үйлдлүүдийг Үндсэн хуулийн 20-р зүйлд байгаа буруу, илүү “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээсэн заалттай холбон үзэж ч болох юм. “Ардчилсан, засаглалыг хувааж, тэнцвэржүүлж, харилцан хяналттай, даруулгатай” болгосон (хаангүй болгосон) үндсэн хууль, төрийн тогтолцоог монголчууд бид дээр, дооргүй өнөөдрийг хүртэл ойлгоогүй байгаагийн илрэл, илэрхийлэл гэж ч хэлж, дүгнэж бас болох байна...
Төрийн гурван өндөрлөг өөр өөрийнхөө эрх, үүргээрээ дээд засаглал, гэхдээ хэн нь ч бусдын дээр биш (хаан биш), энэ гурвын дээр Үндсэн хууль, бусад хууль байгаа. Хэн нэг нь хууль зөрчсөн бол нөгөө хоёр нь уг үйлдлийг тогтоогоод зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.
Ард түмэн, сонгогчид, хэвлэл мэдээлэл ч хууль зөрчсөн баримтад нэн хатуу хандах учиртай. Манай иргэний нийгмийн гэх олон байгууллагын удирдлага нам дагасан тэжээвэр амьтад шиг байгаа, улстөр-эрхийн боловсролоор нэн сул дорой байгаа, мөн л авах, завшихын өвчинд баригдчихсан байгаа нь хот, хөдөөгийн хүн амын аж амьдралд “сайны нөлөөгүй шахам” болчихоод байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд “зэрлэг капитализм” гэгдэх шатны нөхцөл, байдлыг хүмүүнлэг, энэрэнгүй, оюунлаг зан чанараар, монголчуудын (эцэг өвгөдийн) уламжлалт хүний мөс, сэтгэлээр даваад туулчих хүмүүжил, хатуужил “энэ шинэ үеийн шинэ монгол хүнд” бараг л алга. Энэ байдлыг тооцох, эсрэг нь зохих, зохих аргаар тэмцэх бодлого, ухаан улстөрийн намуудад ч алга. Сүүлгүй цөөвөр чонын тоогоороо (100 хүнд оногдох) Монгол улс дэлхийд эхний аравт орох байх шүү! Намууд нь жинхэнэ нам шиг, цэвэр тунгалаг (шилэн), бурууд нүд хурц, алсын зөв хараа, оновчтой бодлоготой, бусдад үлгэр, жишээ болохуйцаар хариуцлага, сахилга, ёс зүйтэй байвал л тэр улс орон хөгждөг, дэвшдэг, тив, дэлхийд ч нэр хүнд нь өсдөг. Монгол ийм байж чадахгүй болсоор удаж байна даа.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл
MARSHIL.D,ERDENEBAT, [64.119.20.133] 2023-05-05 11:40:16
BIJSEN,YG,BYR,YNTEIG,OILGO.ZAG,XUGAZAAGAA,XURDLUULDAG,ASUUDALIG,ZOGSOO,DABARSAN,XULGAAJUUD,
Зочин [103.26.195.24] 2023-05-05 10:52:27
Зүйтэй. Ингэж хэлж сануулах хүн байгаад талархаж байна. Үүнийг нүд, чихгүй юм шиг өнгөрөөвөл хариу нь хатуу л ирнэ. Хоёр танхимтай парламент ярьж байж гишүүдээ нэмэх тухай ярьсан нь зөв шүү. Одоо гийн төслийг эрс эсэргүүцэж байна
зочин [202.9.41.2] 2023-05-05 10:19:05
ямарч хэрэг хийсэн ч ,,,,,,,,*цаазын ялгүй ****гэсэн ,,,,,,,,,,,,гэмт хэрэг их өсөж бна монгол хүний чанар гээч сэтгэл хоосорсон байна сэтгүй нь ядуурсан ,,,,,ухамсар нь үхэжсэн бна тиймээс цаазын ялаа сэргээх нь чухал шүү ,,,,,цаазын ялтай байхад 1ыг бодно оодооо ,,,,,,,,,байхгүй болохоор ,,,,,,,,