Хоёрдогч зах зээл бус, ирээдүйн өгөөжийг хүлээсэн нь хожно

Aдмин / Эдийн засаг

Монголын хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн 30 жилийн түүхэнд АПУ компани анх удаа нэг их наяд төгрөг давсан үнэлгээтэй компаниар нэрлэгдэж байсан бол олон нийтэд хувьцаагаа санал болгоод сар ч болоогүй ХААН Банк 2 их наяд төгрөгөөр үнэлэгдсэнээр энэ салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна. Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк болох ХААН-ы хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа ийнхүү нээгдсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 6 их наядаас 10 их наяд руу урьд хожид байгаагүйгээр өсгөв. Тус банкны нэгж хувьцааны ханш 1200 төгрөг давж, хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сонирхол татсан бүтээгдэхүүнд зүй ёсоор нэрлэгдээд байна.

Энэ бүхэн тус банкны үйл ажиллагааны тасралтгүй өсөлттэй салшгүй холбоотой. Ялангуяа, банкны "эрүүл мэнд"-ийг тодорхойлох 2023 оны санхүүгийн эхний улирлын үзүүлэлт болон 2022 оны зарим тоо баримтыг онцолъё.

Банкны тогтвортой өсөлт 2023 оны эцэст хадгалагдах төлөвтэй

ХААН Банкны нийт активын хэмжээ 15 их наяд төгрөгт хүрч, 18 хувиар өсжээ. Олгосон цэвэр зээлийн хэмжээ л гэхэд эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өссөн бол өөрийн хөрөнгийн хэмжээ 3% болж нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн өгөөж байдаг. 2023 оны эхний 3 сарын ашгаас тооцсон өөрийн хөрөнгийн өгөөж нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 нэгж хувиар өсөж 7.3 хувьтай байгаа нь бас нэг чухал үзүүлэлт.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ХААН Банкны харилцах 50 хувиар өсөж, 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол хадгаламж 3% өсөж, 6.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Санхүүгийн тайланд тусгаснаар нэгж хувьцаанд 65.1 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтойгоор ашигтай ажиллажээ. Энэ нь зөвхөн өнгөрсөн улирлын ашигт ажиллагаа гэдгийг онцлох хэрэгтэй.

Банкны цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.9 хувиар буюу 25 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 112 тэрбум төгрөгт хүрчээ. Тус банкны түүхэнд байгаагүй эдгээр өндөр үзүүлэлтүүд бол хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн мэдээ. Тэр тусмаа урт хугацааны өгөөж хүлээх хөрөнгө оруулагчдад ирээдүйн өсөлтийн талаар итгэл өгөхүйц баримт юм.

ХААН Банк цаашдын санхүүгийн төлөвлөгөөндөө дижитал зээл болон ногоон зээлд хүчээ илүү хуваарилж, үр дүнд нь 2026 онд зээлийн нийт хэмжээг 12.3 их наяд, цэвэр ашгийн хэмжээг 452.8 тэрбум төгрөгт хүргэхээр төсөөлсөн байсан нь эхнээсээ биеллээ олжээ. Өнгөрсөн жилийн цэвэр ашгаа л гэхэд 325 тэрбум байхаар төсөөлсөн нь бодит байдал дээр 449 тэрбум төгрөг болсон байна. Улмаар 2022 онд ХААН Банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 29.4% болсон нь салбарын дундаж үзүүлэлтээс даруй 9 нэгж хувиар өндөр байгаа юм.

Өнгөрсөн гурван жил бол цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хувьд маш хатуу сорилттой байсан. Монголын эдийн засгийн хамгийн гол салбар болох уул уурхай л гэхэд 11.9% агшсан энэ ярвигтай цаг үед ХААН Банк өөрийн хөрөнгийн өгөөжийг өндөр түвшинд хүргэж чадсан нь бизнесийн стратеги нь сайн ажилласныг илтгэнэ.

Ийнхүү 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгийн хэмжээгээр зах зээлийн 33%, нийт зээл 36%, нийт хадгаламж 35%, цэвэр ашиг 43%-ийг тус тус дангаараа бүрдүүлсэн ХААН Банкны санхүүгийн голлох үзүүлэлтүүд улам сайжирсан бөгөөд 2023 оны эцсээр ч өмнөх оны ашигт ажиллагааны түвшинг бүрэн хадгалах төсөөлөлтэй, бүрэн боломжтой байна.

Яарвал даарна...

ХААН Банкны бизнесийн стратеги бол иргэд болон жижиг дунд бизнесийнхний санхүүгийн туслах нь байх гэж тодорхойлж болно. Учир нь манай улсын 10 иргэн тутмын 8 нь, үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 10 бизнес тутмын 4 нь тус банкны харилцагч аж. Эдгээр харилцагчдад ХААН Банк нийт 105 зээлийн бүтээгдэхүүн санал болгодгоос хэрэглээний зээлийн дүн нийт багцын 35% орчим буюу хамгийн өндөр дүнг эзэлж байна. 2019 онд иргэдийн банкны зээл нийт зээлийн 80%-ийг бүрдүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд жижиг дунд бизнесийн зээлийн хэмжээг өсгөж, бизнесийн харилцагчийн баазыг тодорхой хэмжээнд бий болгожээ.

Нэгэнт ийм хэмжээний зах зээлийг салбартаа бүрдүүлж чадсан ХААН Банкны хувьцааг эзэмшиж байгаа бол та азтай хөрөнгө оруулагч юм. Гэвч энэ азаа хадгалж, хөрөнгө оруулсныхаа хэргийг гаргахын тулд танд тэвчээр шаардлагатай. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт урт хугацаанд өгөөжөө илүү өгдгийг АПУ, Тавантолгой гээд хөрөнгийн зах зээлд амжилттай яваа компаниудын жишээ харуулдаг. Өнөөдөр хоёрдогч зах зээлд хувьцаагаа зараад түр зуурын ашиг хийж гарахыг яарсандаа та ирээдүйд харамсаж мэдэх юм. Учир нь ХААН Банк цэвэр ашгийнхаа 40%-ийг ногдол ашиг болгон олгохоор зорьж буйг мартаж болохгүй.

Монгол Улсын хүн амын 82%-д санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй бизнесийн ирээдүйн хувьцаа эзэмшигч болж, илүү их ашиг хүртэхийг танд хүсье.

Б.Тулгат


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.