ХААН Банк “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 13 дахь жилдээ шалгарлаа
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажилладаг шилдэг банк санхүүгийн байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг бөгөөд 2022 оны Монгол Улсын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар ХААН Банкийг тодрууллаа. Ингэснээр энэхүү нэр хүндтэй шагналыг бид 13 дахь жилдээ дараалан хүртэж байна. Узбекистан улсын Самарканд хотод болж буй ЕСБХБ-ны чуулга уулзалтад ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр оролцож буй бөгөөд энэ үеэр тус шагналыг гардуулан өгсөн юм.
ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж харилцагчдадаа худалдааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд, олон улсын стандарт, хууль, дүрэмд нийцүүлэн тогтмол үзүүлж ирсэн билээ. Тухайлбал, олон улсын худалдаанд түгээмэл хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл болох аккредитив, баталгаа, батлан даалт, инкассын үйлчилгээ үзүүлэн олон улсын зах зээлээс хүү болон хугацааны хувьд тааламжтай зээлийн эх үүсвэр татаж, худалдааны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдлийг санал болгон ажиллаж байна.
Түүнчлэн ЕСБХБ-ны гадаад худалдааны санхүүжилтийг танилцуулах сургалтын контентыг эх хэл дээрээ үнэ төлбөргүйгээр судалж, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, гадаад худалдаанд үүсэх эрсдэлийг бууруулах санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг эрэлхийлэх боломжийг харилцагчдадаа олгож буйгаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн худалдааны санхүүжилтийн сертификаттай мэргэшсэн зөвлөхүүд маань ганцаарчилсан сургалт, зөвлөгөөг харилцагчдадаа хүргэж байна.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талт дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл