“Алдаа гаргаж яваа бүх хүнд энэ үзэсгэлэнг зориулав”
Уран бүтээлч Г.Мөнхболор үзэсгэлэнгээ нэг өгүүлбэрээр ийнхүү тодорхойлсон. Эх орондоо гаргаж буй түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн “Works” нэртэй. Энэ сарын турш олны хүртээл болж буй тус үзэсгэлэнтэй танилцахыг хүсвэл та ХААН галерейг зориорой.
Уран бүтээлч байхаас хэцүү зүйл бол үнэн байх. Ялангуяа өөрийнхөө үнэнтэй нүүр тулах. Тэр үнэнээ сэтгэл хөдлөлөөсөө салгаж ойлгох хүн бүрт хэцүү даваа байдаг. Тэгвэл өөрийн оршин байгаа үнэн, гашуун боловч амттай бодит амьдралтай нүүр тулан түүнийгээ бүтээлдээ тусган илэрхийлсэн нь “Works” үзэсгэлэнгийн нэг онцлог гэлтэй.
“…Бүтээлүүдийн онцлог шинж нь хэлбэр хэмжээ, үзэл баримтлалд баригдахгүй, танд юу бодохыг чиглүүлэхгүй. Харин өөрийн ойлгосноороо л мэдрэх эрх чөлөөг өгч чаддагаараа онцлогтой. Техник ажиллагаа, дүрслэл нь өвөрмөц нууцлаг илэрхийлэлтэй бөгөөд бид байгалиас ургасан, газар, тэнгэр, ус, агаарын салшгүй нэгэн бодгаль нь юм. Бид зүгээр л цуг оршино” гэж тэрбээр цахим галерейн танилцуулгадаа бичсэн нь анхаарал татна.
Зураач Г.Мөнхболор “Би зөвхөн уран бүтээлч биш шүү дээ. Хамгийн нандин бүхнээ нуусан нугачаа магад эндээс илэрч болно. Харин тэндээс хүмүүс намайг бүү олоосой. Бүтээлээс минь харж болох зүйл бол бүрэн бус ч бүтэн тэр зүй тогтол. Алдаа гаргаж яваа бүх хүнд энэ үзэсгэлэнг зориулав” хэмээсэн.
Г.Мөнхболор 2017 онд Монгол Улсаа төлөөлөн 58 дахь Венецийн беннальд оролцож байсан, манай авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг билээ. Түүний цахим галерей дахь бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
“Woks” үзэсгэлэн энэ сарын 26-ны өдрийг дуустал 10:00-18:00 цагт ХААН галерейд үнэ төлбөргүй олны хүртээл болж байна.
Сэтгэгдэл