ЭНЭ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ ЧАДВАЛ ТҮҮХЭНД ҮЛДЭНЭ
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Тэр цагаас өдийг хүртэл эцэг хуульдаа бид дөрвөн удаа гар хүрчээ. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгааг оруулбал таван удаа гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан парламентын гишүүд хэлсэн үгтэйгээ бүгд түүхэнд нэрээ үлдээсэн. Үүнтэй адил түүхэнд нэрээ үлдээх том боломж өнөөгийн парламентын гишүүдэд тохиож байна. Ер нь эцэг хуулиа өөрчлөх түүхэн аз завшаан тэр бүр УИХ-ын гишүүдэд тохиохгүй. Нөгөөтэйгүүр төр засаг өнөөгийнх шигээ цааш явъя гэвэл энэ олон хулгайн асуудал шийдэгдэх нь битгий хэл улам нэмэгдсээр л байна. Нүүрсний, банкны болоод сангуудын хулгай улам гаарна. Улмаар Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал ч яригдах дээрээ тулах аюул байгааг судлаачид хэлж байна.
Тиймээс үүнийг нэн даруй өөрчлөхгүй бол болохгүй. Өөрчлөх хамгийн зөв гарц гаргалгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдгийг судлаачид, эрдэмтэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд дор бүрнээ сануулсаар байна. Товчхондоо өөрчлөлт хийх нь маш зөв гэдгийг хэлээд байгаа юм. Тиймдээ ч УИХ-аар ҮХӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. Удахгүй эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод үүрэг болгоно. Угтаа парламентын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулж байгаа нь нийгмийн өөрчлөлтийн эхлэлийг тавьсан гэсэн үг. Одоо л бидний ирээдүйд гэрэл харагдаж байна гэж залуучууд дуу нэгтэйгээр хэлж байна.
Үнэндээ тийм. Бид хөгжлийн шинэ түвшинд гарах ёстой. Улсынхаа хөгжлийг бодитоор эхлүүлэх цаг нь болсон. Монголчууд бид аюулгүй, ардчилсан нийгэмдээ аз жаргал, баяр баясгалантай амьдрах ёстой. Сайхан амьдралын саадыг арилгах гол хүчин зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм аа. Засгийн газраас ҮХӨ-ийн төслийг анх өргөн барихдаа гишүүдийн тоог 152 гэсэн заалттайгаар оруулж ирсэн.
Угтаа 126 биш бүр 152 байсан бол нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт илүү хурдтай явагдах байсныг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл 152 гишүүнтэй, үүний 76 нь тойргоос 76 нь намын жагсаалтаар орж ирэх хувилбар нь хамгийн зөв байсан гэсэн үг.
Ингэсэн бол улс орон бодит утгаараа эзэнтэй болж, ард түмний төлөөлөл төр, засагт бүтэн орж ирэх байв. Гэвч уг асуудлыг улс төрийн зорилгоор нийгмийн түвшинд улс төржүүлснээс болоод гишүүдийн тоо 126 болж багаслаа. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тоог бүр багасгах тухай ярьж байна. Ингэвэл өөрчлөлт хийсний ямар ч үр дүнгүй болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс энэ парламент ҮХӨ-ийг аль нэг нөлөөллөөс үл хамаарч улс орныхоо хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө заавал хийх ёстой. Үүнийг нийгэм, цаг үе өнөөгийн УИХ-аас шаардаж буй. Энэ цаг үед Монголын ард түмний хувь заяа та бүхний гарт байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтойгоор, өнөөдрийн өчүүхэн эрх ашгийг умартан, эргэлзэлгүйгээр хийхийг олон нийт хүсч байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.32] 2023-05-31 11:43:30
Юунаас ч эс хамааран энэ пхрламент 76 ХУЛГАЙЧ \ хүчин , хүчирхийлэл , бадаш , ЖДҮёин г . м - есөн шидээрээ \ гэдгээрээ ТҮҮХЭНД үлдэнэ ...
Зочин [192.82.83.141] 2023-05-31 10:39:50
ЗӨВХӨН ӨӨРСДИЙН ЭРХ ЯМБА, ОРОН ТОО, ЗАРДЛЫГ ИНГЭЖ НЭМЭХ ТӨДИЙХӨН НЬ ӨӨРЧЛӨЛТ ЮМУУ? ҮХ-ИЙГ ӨӨРЧИЛЬЕ ГЭВЭЛ ҮҮНЭЭС ӨӨР МАШ ОЛОН ЦООРХОЙ, БҮТЭХГҮЙ, ХУДЛАА, ЛООЗОН ЗААЛТУУД БИЙ, ТӨРИЙН ТОГТОЛЦОО Ч БУРУУ ХОЁРДМОЛ ЗҮЙЛИЙГ НЭГ МӨР ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ.