Энэтхэгт болсон галт тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхлэв
Энэтхэгт сүүлийн 20 гаруй жилд үзэгдээгүй олон хүний аминд хүрсэн галт тэрэгний ослын шалтгааныг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр, дохионы системийн доголдлоос шалтгаалсан байж болзошгүй байгаа энэ ослын улмаас наад зах нь 275 хүний амь эрсдэж, 1200 гаруй гэмтэж бэртжээ.
Зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, эсрэг урсгалаас ирж байсан зорчигч тээврийн өөр галт тэргийг мөргөсөн осол баасан гарагийн орой Энэтхэгийн зүүн талын Одиша мужийн Баласор хот орчимд гарсан юм. Аврагчид болон зам засвар цэвэрлэгээний ангиуд завсар чөлөөгүй ажилласны эцэст ням гарагийн шөнөөс буюу ослоос 51 цагийн дараа осол болсон төмөр замын хөдөлгөөнийг сэргээжээ. Энэтхэгийн Төмөр замын сайд Ашвини Вайшнав “төмөр замын үйлчилгээг бүрэн хэвийн голдрилд нь оруулахаар” ажиллаж байна гэж мэдэгдсэн байна. Мөн сураггүй болсон хүмүүсийг олж ар гэрт нь буцаахад туслах ажил үргэлжилж байгааг мэдээлжээ. Ослоор амь үрэгдсэн хүмүүсийн тоог албаныхан өмнө нь 288 гэж мэдээлж байсныг Одиша мужийн эрх баригчид ахин нягталсны эцэст 275 гэж залруулаад байгаа.
Гэвч маш хүнд байдалтай хүмүүс эмнэлэгт олноор хүргэгдсэн тул энэ тоо цаашид нэмэгдэх вий гэдэг болгоомжлол их байна. Үүний зэрэгцээ Төмөр замын сайд Ашвини Вайшнав ослыг улсынх нь Тагнуулын төв байгууллага мөрдөн шалгах нь зүйтэй гэж мэдэгдсэн талаар BBC мэдээлжээ.
Хэргийн мөрдөн шалгалт албан ёсоор эхэлсэн үед Төмөр замын сайд яагаад ийм санал дэвшүүлсэн нь тодорхойгүй байгааг мэдээлэлд дурдсан байна. Бямба гарагт ослын газарт биечлэн очиж байдалтай танилцсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “осолд гэм буруутай хэн ч” шийтгэлээс зугтаж чадахгүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл