УЛСТӨРЧИД НЬ ЭХ ОРНОО ТОНОДОГГҮЙ БАЙСАН БОЛ МОНГОЛ УЛС АЗИЙН ХҮЧИРХЭГ ГҮРЭН БОЛЖ СЭРГЭХ БАЙВ
Өнөөдөр монголчууд бүгдээрээ юу ярьж байна гээч. Цалин, тэтгэврээ нэмүүлэх талаар л ярьж байна. УИХ-ын гишүүн тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзахад бүгд “цалин, тэтгэвэр нэмж өгөөч” гэж гуйдаг гэнэ. Аргагүй юм, валютын ханшийн өсөлтөөс болоод төгрөгөөр бараа худалдаж авч дийлэхээ больсон. Авч байгаа цалин, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй болохоор ингэж нэхэхээс өөр яахав. Бид хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг. Мах нэг кг нь 25 000 төгрөг хүрсэн учраас авч чадахгүй байгаа гээд тоочих юм бол өрөвдөлтэй л дүр зураг тодорно. Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Орлого нь тасалдах, эсвэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж зогсоход ядуу иргэдийн тоо огцом нэмэгдэнэ. Үүнээс харахад монголчуудын дийлэнх нь өдөр тутмын энгийн хэрэглээгээ хангаж чадахгүй зутруухан өдөр хоногийг аргацааж байна. Цалин тэтгэврийг сайндаа л нэг хоёр зуун мянгаар нэмдэг. Нэмснээсээ эсэн юм болж, инфляци хөөрч, үнэ өснө. Ийм л ядуугийн зовлонт тойргоосоо гарч чадахгүй амьдрал үргэлжилсээр. Уг нь бид жаргалтай, элбэг дэлбэг амьдарч байх боломж дүүрэн байсан юм билээ. Үүний баталгаа нь сүүлийн үед илэрч байгаа асар их хулгай дээрмээс харагдаж байна.
Сүүлийн 30 жил монгол төрийн толгойд гарсан бүхий л улстөрчид, УИХ-ын гишүүд, намын дарга нар нийлсэн 300 гаруй хүн хэн нь хэнийгээ гэлтгүй эх орноо уралдан тоножээ. Хамгийн сүүлийн үеийн ичгүүртэй жишээнүүдээс хүргэе.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бага хүүтэй зээлээс УИХ-ын 49 гишүүн өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авсан нь баригдсан. Гишүүдээс гадна сайдууд, агентлаг, газрын дарга нар гээд сэтэр зүүсэн бүхэн шунан дайрч, зээл авсан байдаг. Уг нь бол бизнес эрхэлдэг жирийн иргэдийг жижиг дунд үйлдвэрлэлээ босгож хөгжүүл гээд төрөөс бага хүүтэй өгдөг зээл юм. Гэтэл эрх мэдэлтнүүд нь өмнүүр нь дайрч ороод авчихсан төдийгүй банкинд хадгалуулаад, хүүг нь идэж байсан нь илчлэгдсэн. Хэрэв ЖДҮ-ийн хэдэн зуун тэрбум төгрөг тухайн цагтаа зорилтот хүмүүстээ хүрсэн бол манайхан өнөөдөр эсгий таавчиг, түлхүүрийн оосроос арай өөр түвшний үйлдвэрлэл явуулдаг болсон байх нь тодорхой.
2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк нь улс орны хөгжилд нэмэр болохуйц томхон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой байв. 2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкнаас Хөгжлийн банк энэ чиг үүргээ хэрэгжүүлж байна уу гэсэн үнэлгээ хийхэд нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсдэлтэй гэж гарсан. Бүр нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн зээл 1.8 их наяд төгрөг хүрсэн байв. Шалгаад тодруулаад үзтэл, өнөөх л дарга нар, улстөрчид Хөгжлийн банкнаас зээл аваад арилж өгчээ. Юун том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, улстөрчид хувьдаа хүртэл зээл авсан нь нэр устайгаа зарлагдсан. Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбоотой шүүх хурал өнөөдрийн байдлаар 36 дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээлийг зарлаагүй бол тэгсгээд замхрах байсан гэдэгт эргэлзэх юм алга. Энэ их мөнгийг цаг тухайд нь хэрэгтэй хүнд нь зээлсэн бол ядаж томхон үйлдвэрийн сууриуд тавигдаж, өнөөдөр нээгдэж байх байсан. Хэрэгтэй олон төсөл амилж, хүмүүс ажилгүйн, мөнгөгүйн зовлонгоос ангижрах байсан. 1.8 их наяд төгрөгийг хамгийн бага жилийн гурван хувийн хүүтэй гэж тооцоход жил жилд хүү нь л гэхэд тавь тавин тэрбумаар нь салхинд хийсгэж байжээ.
Нүүрсний хулгай. Манай гол экспортын нэг коксжих нүүрсний хулгай 40 их наядаар яригдаж байна. Хулгайчид нь УИХ-ын гишүүд, улстөрчид, сайд дарга нар. Нүүрс хариуцсан төрийн өмчийн компанийн дарга нь ах дүүстэйгээ нийлж, хулгайлсан мөнгөөрөө хаус хороолол барьж, хүнтэй дуугарахаа больтлоо амьдралаас тасарсан гэдэг. Бас болоогүй нэг хурган дарга нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө гадаадад үнэтэй хороолол барьсан ч дуулдсан. Хулгайлсан мөнгөө дийлэнхдээ гадны банкинд байршуулсан нь тогтоогдож байна. Нүүрсний хулгай тойрсон дуулиант хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч УИХ-аас зохион байгуулах нүүрсний сонсгол таг чиг алга болсон.
Сангуудын хулгай. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн мэдээлэл ор тас алга болсон талаар цуурч байна. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан гээд улстөрчдийн хулгай хийгээгүй сан гэж алга. Боловсролын зээлийн санд л гэхэд эргэн төлөгдөөгүй 190 тэрбум төгрөгийн өр зээл байна. Хэн ч үүнийг төл гэж шахсангүй, нөгөөдүүл ч төлөх сэтгэл байсангүй. Дотоодын их сургуулийн сургалтын төлбөрөө зээлээр авч, буцааж төлөхдөө санаандгүй 100 төгрөг үлдээхэд өдөр шөнөгүй төлөхийг шаардан “зээлийн хар түүхэнд оруулна” гэж дарамталдаг энэ сангийнхан 190 тэрбум төгрөгийг болохоор тоох ч үгүй орхисон байдаг нь гомдмоор юм шүү. Хэрэв энэхүү 190 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн бол Монголд хэрэгтэй мэргэжлээр гадаадын их, дээд сургуульд чамгүй олон хүүхэд суралцаад ирэх боломж байв. Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авагсад бас л дарга нар, улстөрчид. Өөрсдөө ч сураад, ах дүү, үр хүүхдүүдээ ч үргэлжүүлэн сургадаг байсан нь илэрсэн. Айлын найран дээр салбарын сайд нь “Нэг хүүхдийг нь чинь Боловсролын зээлийн сангаар сургаж өгье” гэж амалтлаа тонуулсан сан.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал гэдэг. Гэтэл манай улстөрчид 30 жил нэр төртэйгөөр эх орноо тонон дээрэмджээ. Энэ нь үе уламжлан үр хүүхэд нь залгамжлах хандлагатай болсон байна. Хэрэв эх орноосоо ингэж их хулгайлж, дээрэмдээгүй байсан бол улсын төсөв өнөөдөр 100 их наядаар хэмжигдэх хэмжээний баян орон байх байлаа гэсэн тооцоо ч гаргасан байсан.
1.5 сая хүнтэй Улаанбаатар хот өнөөдөр утаа, түгжрэл, стресс гуравтаа баглуулсан. Баруун талаараа баасны үнэртэй. Урд хэсгээрээ завсар зайгүй шавсан байшин хороололтой. Хойд, зүүн талаараа гэр хороолол нь навсайна. Хэрэв улстөрчид ард түмнийхээ сайхан амьдрах, улс орныхоо хөгжиж дэвжих боломжийг хулгайлаагүй байсан бол хот маань метротой, хэдэн сайхан үйлдвэр тойруулчихаад, жинхэнээсээ аз жаргалтай, амар амгалан налайж байхгүй юу. Атомын цахилгаан станц барьж, цахилгааны хомсдолоосоо гарчихсан ч сууж байж мэднэ. Ямартай ч цалин нэмээд өгөөч, хоолгүй хонолоо гэж гоншигнож суухгүй чинээлэг амьдарч байх байлаа.
Бидний боломжийг хулгайлсан улстөрчдийг бид өөрсдөө л сонгож гаргаж ирсэн байдаг. Өөрсдийнхөө, улс орныхоо ирээдүйг бодохоосоо илүү өнөөдрийн тав арван төгрөгөөр сонголтоо худалдахгүй, жаахан хэрсүү хандсан бол хулгай хийдэггүй, зөв хүмүүсийг сонгох боломж байсан юм. Суманд очсон нэр дэвшигчээс “ажлын байр нэмж өг гэхийн оронд клуб бариад өг” гэж гуйдаг, өмнөх сонгуулийн амлалтыг нь биелсэн үү гэж нэхэхийн оронд гарын бэлэг харж суудаг сонгогчид маань ч бас буруутай. Ийм сонгогчдын сонгож гаргасан улстөрч бүр “одоо миний баяжих ээлж” гэж боддог. Хөгшин, залуу хоёр улстөрчийн яриа байдаг. Залуу нь хөгшин улстөрчтэйгөө уулзаад “Та нар ч сайхан юм аа, авах юмаа авчихсан. Би одоо л авахгүй бол хоцрох нь” гээд яаран одсон гэдэг. Ийм л сэтгэхүйгээр сүүлийн 30 жил ажиллажээ.
Сая Үндсэн хуулийг өөрчлөх үеэр гишүүдийн тоог 126 болгож нэмэхийг ард түмэн хамгийн их эсэргүүцсэн. Энэ их идэж, уусан, эгэл түмнийхээ боломжийг хулгайлсан улстөрчдийг харахаар ингэж дургүйцэх нь аргагүй юм гэж бодогдох. 76 дээрэмчин 126 болох нь гэж хэн хүнгүй л бодсон биз ээ.
Өнгөрсөн 30 жилд улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байлаа.
Г.Гэндэн
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
zochin [66.181.189.142] 2023-06-09 08:26:18
Uneniig heljee
Зочин [103.57.92.140] 2023-06-07 19:31:52
Бүх хөрөнгийг хурааж гэр бүлээр нь нутаг зааж суулга.
Дорой улсын хувь тавилан. [192.82.89.33] 2023-06-07 19:15:33
Ноёлох шашингүй, ёс суртахуунгүй улс Азийн тэргүүлэх улс болно гэж юү байх вэ дэ? Хөршүүдээ хар! Бүгд энэ асуудлаа шийдэчихсэн. Ганц Монгол л юү ч үгүй байна ш дээ.
Зочин [122.201.24.131] 2023-06-07 13:52:29
Төрийнхөн,УТөрчид Мрнгол орноо тоноогүй бол бил аль хэдийн Азийн бар болох байсан гэдэг нь энэ их хулгай,луйврын хэмжээнээс харагдаж байна.Манай төрд гарсан нөхөд арайл улс,эх орон,ард түмнээ боддоггүй дэндүү амин хувиа бодсон арчаагүй новшийн сэтгэлгээтэй луйюарчид юм,ёстой хэлэх үг олдохогүй юм.
Иргэн [66.181.161.246] 2023-06-10 07:18:57
Тэмцэл үгүй ард түмэн найр наадамдд хошуураад мөхлөө.
Зочин [103.161.242.164] 2023-06-07 11:01:12
Үгүй тэгээд зээл авсан эзэд нь тодорхой байгаа шүү дээ. Хулгай хийсэн улсууд нь тодорхой байгаа. Ард түмэн нь банкнаас зээл авсан бол нэг төгрөг ч,оймс гутлыг нь ч лацдаж ломбодоод өвлийн хүйтэнд ч бодох юмгүй хөөж гаргадаг юм байналээ. Яагаад тэгж болохгүй байна. Хууль бүгдэд нь тэгш үйлчлэх ёстой биздээ....
Гаа [202.126.89.235] 2023-06-07 10:48:51
Хулгай ч төр засагтай улс хөгжих үү ??? Бузар шуналтай улс төрчид түүний цүнх баригчид хулгайч нар !!!
зочин [66.181.161.17] 2023-06-07 10:37:13
санал нэг бна
Зочин [202.170.73.226] 2023-06-07 10:31:41
Yag unen bichlee. Gehdee heniigch songoson adilhan hulgai hiine. Ulen teneg orkuud. Mongolchuud eh oronch setgelgee uneheer baihgui, hudlaa tseejee tsohiod minii monolgoliin gazar shoroi ntr orilood ndag chin unen heregtei neg hujaa ireed bugiin ever hudaldaj avna geheer hamag bsan bugaa alaad evree zaraad heden mungutei bolood boloo. Uls turchid yag adilhan setgelgeetei, Baigaa heden yumaa zaraad bayajihaas uur bodoh yum alga. Heden zuun jil amidrah gej bga yum shig!