ИНФЛҮҮНСЭРҮҮДИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬ БА ЕВРОПЫН УЛСУУД

Aдмин / Гадаад мэдээ

Францын нийгмийн сүлжээнд дор хаяж 150,000 орчим иргэдийн “тархи угаах” зорилготой идэвхтэй нөлөөлөгч маркетинг буюу инфлүүнс (iinfluencer) маркетинг ажиллаж байдаг аж. Нийгмийн сүлжээний YouTube, Instagram, Tik­Tok, Facebook болон бусад платформ дээр олон дагагчидтай блогчид, алдартнууд нөлөөлөх маркетингийн сурталчлагчид болдог байна. Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн нөлөөллийн маркетингийн зах зээл бараг 10 дахин өссөн бөгөөд үүнд оруулсан доллар бүр эзэндээ 5.5 доллар авчирч байгаа нь тогтоогджээ. Судалгаагаар нөлөөллийн бизнес нь цар тахлын үед хямралд өртөөгүй бөгөөд зар сурталчилгааны зардал нь 2019 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 10.5 тэрбум еврогоос 25.5 тэрбум евро болж өссөн байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ зах зээл цаашид ч өсч, 2025 он гэхэд түүний хэмжээ 38 тэрбум гаруй еврод хүрэх гэнэ.

Францын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн комиссоос гаргасан тайланд эдгээр нөлөөлөгч инфлүүнсэр хүмүүсийн 80 хувь нь жилд 4000 еврогоос бага орлого олж, тэдний ердөө 15 хувь нь энэ ажлаар орлого олж амьдардаг болохыг дурджээ. Иймд Францын Үндэсний ассемблей өнгөрсөн сарын 9-нд нөлөөлөгчдийн үйл ажиллагааг зохицуулах, нийгмийн сүлжээний хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн хуулийг хэлэлцэж гишүүд анхны хэлэлцүүлгээр уг хуулийг санал нэгтэй баталсан байна. Францын сенаторууд уг хуулиар зар сурталчилгааны хоригийг дагаж мөрдөөгүй эсвэл арилжааны зорилгыг нуун дарагдуулсан нөлөөлөгчдийн шийтгэлийг чангатган хоёр жил хүртэл хорих ял оноох эсвэл 300,000 еврогийн торгууль оногдуулахаар болжээ. Мөн гоо сайхны мэс заслыг сурталчлах, эмчилгээ хийлгэхээс татгалзахыг дэмжих, никотины уутны сурталчилгаа, спорт бооцооны таамаглалыг сурталчлах, захиалга авах, гэртээ байлгахыг хориглодог амьтадтай хийсэн үзүүлбэр зэргийг нийгмийн сүлжээнд байршуулахыг хоригложээ. Гэхдээ мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа, хэт өөх тос, давслаг, чихэрлэг хоол хүнсийг сурталчлахыг хориглосон нэмэлт өөрчлөлтийг батлаагүй байна.

Австри улсад “Зар сурталчилгааны зөвлөл” нь нөлөөллийн маркетингийг хариуцан ажиллаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу шийтгэл оногдуулах этгээдийг холбогдох байгууллагад шилжүүлдэг байна. Харин Бельги улсад сүүлийн жилүүдэд энэ талаар хэд хэдэн зөрчилдөөнтэй хууль тогтоомжууд батлагдсан бөгөөд үүний үр дүнд зохицуулалтын эмх замбараагүй байдал үүсчээ. Иймээс 2022 оноос Эдийн засгийн яам, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөвлөл нөлөөлөгчдөд “Эдийн засгийн хууль”-д заасан зар сурталчилгааны заалтуудыг дагаж мөрдөхийг шаардах болж зөрчвөл 80,000 еврогийн торгууль ногдуулдаг болжээ.

Их Британийн Засгийн газар нөлөөллийн маркетингтай холбоотой шинэ хууль батлахаас татгалзсан тул энэ салбарыг одоо мөрдөгдөж буй “Зар сурталчилгааны практикийн дүрэм”, 2008 оны “Шударга бус худалдааны журмын эсрэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах” хуулиар зохицуулж байна. Их Британийн зар сурталчилгааны салбарыг “Advertising Standards Alli­ance” хянадаг бөгөөд тэд саяхан зах зээлийн нөхцөл, байдлыг нарийвчлан тайлбарласан “Нөлөөллийн гарын авлага”-ыг нийтэлсэн байна. Энэ улсад хууль зөрчвөл хорих хүртэл ял оноож байна.

Германд Шударга бус өрсөлдөөний тухай хууль, Телемедиа хууль, Германы холбооны улс хоорондын өргөн нэвтрүүлгийн гэрээ нь зар сурталчилгааны дүрмийг тогтоож өгдөг. Энд нөлөөллийн маркетингийн талаар тусгайлсан хууль байхгүй ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд буй нөлөөлөгчдийн талаар ирсэн гомдлын дагуу шүүхээр оруулж асуудлыг шийддэг байна. Ирландын Хэрэглэгчийн эрхийн тухай хууль нь хэрэглэгчдийг худал, төөрөгдүүлсэн зар сурталчилгаанаас хамгаалдаг байна. Итали улс 2019 онд нийгмийн сүлжээний нөлөөлөгчид болон компаниудад заавал дагаж мөрдөх дүрэм гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Итали улс уг дүрмээр зах зээлд оролцогчдоос хамгийн ил тод байдлыг шаарддаг.

Хэрэв контентыг зохисгүй байрлуулсан бол брэнд болон нөлөөлөгч хоёулаа хариуцлага хүлээх бөгөөд хоёр талд таван сая еврогийн торгууль ногдуулдаг байна. Испани улсад нөлөөллийн маркетинг нь шударга бус өрсөлдөөний хуульд захирагддаг аж. 2020 онд зар сурталчилгаанд нөлөөлөгчдийг ашиглах ёс зүйн дүрмийг нийтэлсэн бөгөөд үүнд 900 гаруй компани бүртгүүлжээ. Зар сурталчилгааны тангарагтны шүүх нөлөөллийн талаарх гомдлыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэдэг аж. Нидерланд улсын нөлөөллийн маркетингийн хууль нь Италитай бараг ижил байдаг онцлогтой юм байна. Италиас ялгаатай нь нөлөөлөгч эсвэл брэндийн аль нэг нь л хариуцлага хүлээж 450,000 еврогийн торгууль төлдөг аж. Энэ нь контентыг хэн хянаж байснаас хамаарч торгууль оногдуулна гэсэн үг ажээ.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

kxakofzgih [192.42.116.182] 2023-11-26 20:43:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

xkjqllyvsd [192.42.116.182] 2023-11-26 20:43:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Юм өөрчлөгддөггүй [64.119.22.32] 2023-06-07 21:56:31

Хуучин нийгэмд ч байсан зүйл


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.