Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна

Aдмин / Улстөр

Макро амьтан бүхэн хайрлах, хамгаалах сэтгэл, дадал, сурц (инстинкт) бий. Амьтад үр төлөө хайрладаг, хамгаалдаг. Энэнийг бүгд мэднэ. Үндэстэн улсууд өвөрмөц байдлаа, түүхэн уламжлал, үнэт зүйлсээ хамгаалдаг. Улс орон бүр тусгаар тогтнолоо хамгаалдаг. Ард иргэд эрх, эрх чөлөө, тэгш байдлаа хамгаалдаг. Улс орны тусгаар тогтнол наад зах нь таван тулгуур баганатай. Тэдгээрийн зарим нь нурах, унах хэрээр тусгаар тогтнол нь бүхэлдээ хэврэгшиж байдаг. Улстөрийн тусгаар тогтнол, газар нутаг хил хязгаарын тусгаар тогтнол, төрийн хэлний тусгаар тогтнол, үндэсний соёлын тусгаар тогтнол, эдийн засгийн амьдралын тусгаар тогтнол,ард иргэдийн оюун санааны амьдралын тусгаар тогтнол, гэж ангилж, зүйлчилж үзэж болно.

Төрийн нь гадаад, дотоод бодлогыг эзэн улс нь чиглүүлдэг, тодорхойлдог бол, ард иргэд нь өргөн хэрэглээний бараагаа бүгдийг нь шахам импортоор хангадаг бол, хүн ам нь (ялангуяа залуус нь) харь хэлээр ярих, харьцахыг дээдэлдэг бол, хот болон хөдөөний оршин суугчид нь зөвхөн л харь орны кино, жүжиг, элдэв шоу үздэг, сонирхдог бол, нийт хүн амын дийлэнх олонхи нь элдэв шашин сурталд гүнзгий автагдсан бол тэр улс орон, тэр үндэстэн мөхөх замаар орчихжээ гэсэн үг.

Өмнө өгүүлсэн дээр нэмээд хүн амын дийлэнх олонхи нь мэдлэг мэдээллийн төөрөгдөл, булингарт автагдсаар байгаа бол байдал бүр ч хүнд болдог. Цөөн жишээ, баримт дурдая. Дурдаад байвал, бүр эзэн, холбогдогсдыг нь нэрлээд байвал нилээд зузаан ном бичихээр их жишээ баримт, илрэл эзэд нь бэлхнээ байж байгаа. Тэдний дийлэнх олонхи нь цахим ертөнцийн (Монголын) идэвхтэнгүүд...

Ийм үг байдаг даа “Мэдлэггүйгээ мэддэг хүмүүс улам аажмаар ч болов ихэд засардаг. Харин мэдлэггүйгээ мэддэггүй хүмүүс улам бүр тэнэгтэж, доог тохуу болдог” хэмээсэн... Саяхны жишээ, баримт: Ковид-19-ийн ид үед вакцинтай холбоотой тэнэг үг, үнэлгээ, бүр солиорол гэхээр яриа хичнээн их байсныг бүгд л мэдэж байгаа.

Вакциныг эсэргүүцэж солиорсоор байгаад аав, ээж, эмээ, өвөөгөө үхүүлсэн хүмүүс ч олон гарчээ. Олон үхэл, хагацал, өнчрөлийн шалтгаан болсон худал мэдэмхийрэгчид одоо харамсаж байдаг болов уу?...

Ковид-19-ийн эсрэг вакциныг дэлхий дахинд хэдэн зуун сая хүнд хийчихээд, үр дүнтэй нь нотлогдчихоод байхад хүртэл эсрэг нь тэмцдэг, сөрөг сурталчилгаа хийдэг хүн Монголд олон арав, бүр олон зуугаараа байсаар л байлаа. Уул нь бүр 2-3 вакциныг (өөр өөр өвчний эсрэг) нэг дор, нэг өдөр хийсэн ч хор хөнөөлгүй. Гол нь вакцины найрлаганд орсон зарим бодис л харшил өгч болох юм. Юунаас харшилтайгаа хүмүүс мэддэг болчихсон цаг шүү дээ.

Мэдэмхийрхдэг, бүр солиотой юмуу гэхээр хийрхэн мэдэмхийрхдэг, мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс олшрох нь олон хүний аминд хүрэх аюултай нь ковидын үед нотлогдлоо.

Нялх хүүхдэд вакцин хийх нь буруу, насанд хүрсэн хүн вакцин хийлгэсэн дорхноо өвчлөөд байгалийн дархлаатай болсон нь дээр, вакцин хийлгээд ч өвчилнө, үхнэ гэх мэтээр шуугих болжээ. Нярай хүүхэд дархлаа үгүй шахам, вакцин хийх нь зөв, том хүн 30 наснаас эхлээд бүх вакциныг давтан хийлгэх нь ашигтай (нас өндөр болох хэрээр бүх хүний дархлаа сулардаг). Вакцин бол бидний дархлааны эсүүд халдвар үүсгэгчийг таньж устгах түлхүүр болдог. Өвчин халдвар авлаа ч гэсэн хөнгөн өвчлөх, амьд үлдэхийн баталгаа болдог, вакцинаас татгалзах нь жинхэнэ тэнэглэл, хорлол юм.

Өөр жишээ, баримт: Хуучин бичиг, үсэг бол монголчуудын зохиож, хэрэглэж байсан бичиг, үсэг мөн гэж УИХ-ын тамгын газарт, мөн засгийн газарт ажиллаж байсан хүмүүс хэлэхийг сонслоо. Уг нь “Уйгаржин монгол”-гээд хаанаас гаралтайг нь шууд хэлчихсэн, нэрлэчихсэн зүйл шүү дээ...

“Сайн цагийн мянган бурхны тамга” гэх сахиусны төв дэх зураг дүрсийг (Соёмбо-ыг) ид шидтэй мэтээр ярьж, бичиж байдаг хүний тоо нэмэгдсээр байна...

“Хиагтад үүрлэж байсан 10 мянган гаминг 300 орчим Ардын журамт цэрэг бут цохиж устгасан” гэж телевизээр ярихыг сонслоо...

“Монгол хэл бол ядуувтар, бүдүүлэг хэл, Англи, Франц, Испани хэлтэй харьцуулахад ичмээр” гэж ярьдаг, боддог залуус олширчээ... Чухам ямар утгыг илэрхийлэх гээд, ямар юмыг, үйл хөдлөлийг нэрлэх, хэлэх гээд чадахгүй байсныг нь асуухад тэд хэлэх үггүй байх юм. Хад, чулуу гэхэд л хотод төрж, өссөн залуус дэл хад, хормой хад, бүс хад, дөл хад, сэнж хад, бул чулуу, тэмээн чулуу, үхэр чулуу, хүн чулуу, мана, гартаам, болор, молор, хайлмаг, тунамал гэх мэтийн үгсийг ч оноож хэрэглэх чадвараар сул атлаа эх хэлээ ядуу гэж “мэдэхгүйгээ мэдэхгүй” ярьж байх болжээ...

Оноосон нэр өгөөгүй юмс, үзэгдэл, яс, булчин, шөрмөс, булчирхай, үс, хуруу ч байхгүй, гарал үүслийн хувьд нэн эртний, дуудагдах байрлал хэлний дундуур, авиа олонтой, мэддэг үнэлдэг мэрэгжлийн хэлзүйчийн хувьд бол Монгол хэл “баян тансаг, чөлөөт сайхан, яруу сонсголонт” хэлнүүдийн нэг шүү дээ! Гэтэл харьд төрж өссөн Монгол аав, ээжтэй хүү, охидод гологдох, шоовдорлогдох шахуу болчихжээ...

Аль, ямар ч хэлийг аль ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж, бичиж болно л доо. Энд “үндэсний” гээд явцуурах нь цаг зуурын, бараг л илүүц, ирээдүй үгүй, урт нас үгүй үзэл, хандлага билээ.

Бичих, уншихад хялбар, цаг цаасанд хэмнэлттэй, дэлхий нийтэд ойлгомжтой, хоол иддэг халбага, сэрээ адил энгийн, түгээмэл тийм л үсэг бичиг ирээдүйтэй. Нийтийн энэ жишигт сөргүүлээд л гэнэхэн, тэнэгхэн шалтаг хэлж явцуураад байх нь ичгүүртэй хэрэг юм. Монгол хэл маань чухал болохоос биш түүнийг бичиж тэмдэглэдэг үсэг, бичиг чухал биш шүү дээ. Үсэг, бичиг хэд ч солигдож болдог ердийн л тэмдэг, хэрэглүүр, хожуу үүссэн зүйл билээ...

Хоосон чалчдаг, худлаа мэдэмхийрхдэг, Хуурч мэхэлдэг хулгай хийдэг, хуйвалдаж хор найруулдаг хүмүүсийг л толгой дээрээ гаргаад тавьчихдаг Монголын сонгогчдод “Бүү тань, бүү мэд! Мэдсэн хүний үгэнд бүү ор!” хэмээдэг Тангадын хараал хүрчихсэн юм гэж хоёр өвөгжөөр хүн ярьж суусныг би сонссон юм. Мухар сүсэгтэй хүмүүс бол яг л тэгж бодохоор болчихоод байна. 8 сонгуулийн үр дүн яг л адилхан, нөгөө л иддэг хулгайлдгууд! Ядаж л нэг ч болов сонгуулиар зөв хүмүүс, шудрага иргэд гарч ирмээр дээ? Арай бид чинь бүгдээрээ авилгачид, хулгайчид болчихсон юм биш биз? Тийм бол 100 сонгууль ч байдлыг өөрчлөхгүй шүү дээ!

Төрийн тулгуур, багана болдог зүйлүүдийг төр, засаг хамгаалж байх үүрэгтэй. Харин хувь хүний амь амьдрал тулгуур болдог зүйлүүдийг хүн өөрөө хайрладаг, хамгаалдаг байх учиртай. Энэ хоёр чухал зүйл хоёулаа л шаардагдах түвшнээсээ ихэд доошилчихоод байна.

Иргэд маань эрүүл ахуй, эмнэлэг гэгээрлийн мэдлэг, боловсролгүй шахам боллоо. Наад зах нь л биеийн дархлаагаа сулруулахгүй байхад яах хэрэгтэй мэдэхгүй байна. Залуус өглөөний цай, хоолгүй гарцгааж байна. Шөнийн 2,3 цаг хүртэл зугаацаж, цагтаа унтахгүй байна. Телевизор, компьютер, гар утасны дэлгэцийг олон цагаар ширтэж, хөдөлгөөнгүй сууж байна. Хийжүүлсэн ундаа, давсалсан, консервласан махан бүтээгдхүүн, дээд гурилаар хийсэн боов, талх, печенье, торт мэтийг их хэрэглэж байна. Гэтэл оройн 11 цагаас шөнийн 03 цагийн хоорондох нойр л маш их ач холбогдолтой. Энэ 4 цагийн дотор л мэдрэлийн эс амардаг, дархлааны эс хүч, эрчмээ сэргээдэг, үрждэг. Шөнө орой унтдаг хүний дархлаа ДОХ туссан хүний адилаар доройтдог. Компьютер, утасны дэлгэц удаан ширтэж, хөдөлгөөнгүй суух нь дархлааг 40-60 хувиар бууруулдаг. Өглөө өлөн гарах нь ч олон талын сөрөг үр дагавартай. Хийжүүлсэн ундаа (их саахартай), консервлосон бүтээгдэхүүн (давс ихтэй) зүрх, судасны эмгэгийн нэгэн гол шалтгаан болдог, артерийн даралтыг ихэсгэдэг. Дээд гурилаар хийсэн бүх бүтээгдэхүүн илүүдэл жингийн эх үүсвэр...

Ингээд л төр засаг маань ч доройтож, хүн ард маань ч доройтож байна даа! Энэ бол маргах аргагүй үнэн юм шүү!

УИХ, Засгийн газар, аймаг, хотын удирдлага нь мөнгө, эд тарааж, худал амлаж байгаад сонгогдож чадсан, гэхдээ дотор санаа нь авилга авч, хулгай, луйвар хийж 4 жилийн дотор хялбархан хөрөнгөжих л гэсэн зорилготой 130 орчим тооны хууран мэхлэгчдээс бүрдэх болсоор 32 жил болчихлоо. Улс эх орноо, ард түмнээ гэсэн нинжин сэтгэл, зөв санаа, ёс суртахуун тэдний хэнд ч байсангүй. Тэдэн дээр сувдаг, шунахай хэдэн мянган бизнесмэнүүд нэмэгдчихлээр энэ улс орон яаж сэхэх, өндийх юм бэ? Баян, ядуугийн туйлшралд хүрээд л “ямар нэгэн шинэ нэртэй” улстөрийн бослого, хөдөлгөөн, самуурал эхэлнэ шүү дээ. Төр, засгийн үндсэн үүрэг бол “улс орныг диваажин болгож чадахгүй аваас ядахдаа там болгочихгүй байхад л оршдог” гэдэг билээ. Эцэст нь харамсан тэмдэглэхэд “Ар Монголын тусгаар тогтнолыг харийн дайсан биш харин дүр эсгэсэн ардчилал, авилга, хулгай мэт нь л хөнөөх бололтой!!"

Ядуурч, цөхөрсөн ард иргэд яг одоо гэхэд л яахаа мэдэхээ больчихсон, сандарч, самуурч байцгаана шүү дээ!!

Судлаач, профессор Д.Чулуунжав


Сэтгэгдэл

Монголын тусгаар тогтнол баттай зүйл үү? [192.82.89.33] 2023-06-09 03:00:43

Монгол Улсын тусгаар тогтнол их эмзэг зүйл шүү. Асуудал эвгүйгээр эргэвэл 1911 оны байдалруу уруудаад л орчих аюултай. Одоо чинь Орос, НҮБ-ын харьцаа эвгүй болж байна. Хятад ч Тайвааныг өөрийн болгоод авчихвал дараагийн ээлжинд хэн байдаг бил ээ? Каспаров, Жириновский нар юү гэж байл аа?

Zochin [66.181.160.18] 2023-06-08 22:53:35

Ene delhiid armongol uls gej baihgui Mongol bichigiig hudammongol bichig gedeg harin orosuud uigarjin mongol bichig hari gej nerleed solihiig zovloson harin manai deedsuud latin useg songoson getel orosuud 1940 onoos shuud latin usegiig halj krill usegt oruulsan odoo delhiid hanz arab usgeer bichdeg ulsuud hotsrogdoogui baina tegeheer ulsiin hogjil usegees bish tor barij bui erh barigchidaas boldog bichig usegiig ustgahin geo bodlogo ba daraan ter undestenii tuuhiig bichseneer shuvtardag tuuhtei

Зочин [202.9.46.19] 2023-06-08 14:14:15

бүх шатны эрүүл ахуйн байгууллага \ алба,газар, хэлтэс,төв\ болон эмнэлэг гэгээрлийн ордонг устгасан.

Зочин [202.126.88.90] 2023-06-08 10:01:02

sanal niilj baina. manaid setgets eruul bish nohduud mash ih baina, derrees ni 100k iin toloo amidralaa hudaldahad belen buhel buten tom mass baigaagaas uragshlahgui, ashigluulj baina

Зочин [202.126.92.98] 2023-06-08 09:49:39

Үнэхээр үнэн бичжээ Иргэд минь УХААРААЧ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.