ЧД-ийн Ардчилсан Намын дарга Д.БАЯНМӨНХ: “Чингэлтэйчүүд Оркуудын дарангуйлалд тарчилж байна”

Aдмин / Улстөр

-Танай нам дээрээ учраа ололцох шиг боллоо. Доороо гүйдлээ хэр олж байна. Өөрөөр хэлбэл дүүргийн намын хороо талцал хуваагдалдаа цэг тавьж чадав уу?

-Эгэл жирийн гишүүд, анхан шатны үүр хороод үнэндээ хуваагдаагүй шүү дээ. Тэр дээр л сандал ширээний, үзэл бодлын тэмцэл өрнөөд байсан болохоос биш гишүүд итгэл үнэмшил дээрээ бат зогсож байсан. АН-ын гишүүдэд нэг үнэт зүйл бий. Энэ нь үзэл баримтлал, итгэл үнэмшил юм. Ер нь улс төрийн нам гэдэг нь үзэл баримтлалын нэгдэл шүү дээ. Тиймээс манай гишүүдэд хэн дарга байх, хэн хэн хоорондоо тэмцэлдэх нь ямар ч нөлөө үзүүлдэггүй.

Гэхдээ дээрээ толхилцоод, эрх баригчдын тоглолтонд ороод байгаа нь мэдээж сайхан санагдахгүй. Энэ хооронд манай намын хороо, үүрүүд, гишүүд маань бодлого үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Мэдээж ганц хоёр хүн дарга, цэрэг болчихсон тамга халаасалж гүйсэн явдал бий. Тэр нь нэг их нөлөө үзүүлэлгүй нам жим болсон доо.

-Тэгвэл Чингэлтэй дүүргээр сонин юутай байна. Чингэлтэй дүүрэгт МАН сонгуульд ялсан байхаа. Сөрөг хүчний намын даргын хувьд дүүрэгт болж байгаа улс төрийн амьдрал, эрх баригчдын бодлого үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй байгаа гэж бодож байна?

-Чин үнэндээ Чингэлтэй дүүрэг Оркуудын дарангуйлалд тарчилж байна. Оркууд гэдэг чинь соёл иргэншилд дайн зарласан зэрлэгүүдийг хэлдэг биз дээ. Яг л ийм дүр зураг өнөөдөр харагдаж байна. Эрх баригчдаас явуулж байгаа бодлого нь Улааны удирдагч Ульяновын (Ленин) бичсэнчлэн “ Нэг алхам урагш, хоёр алхам хойш” гэдэг зүйрлэлээр явж байна.

-Уучлаарай, та арай хэтрүүлээд байгаа юм биш үү. Та яагаад эрх баригчдыг зэрлэгүүдтэй зүйрлэв?

-Би юмыг сургаар, аль эсвэл харлуулах гэж зүтгэдэггүй. Өрнөж буй үйл явцыг үнэнээр нь л хэлж байна. Дүүргийн засаг дарга нь эрүүл солиотой аль нь болохыг мэдэхгүй. Зүгээр л гудамжинд шээчихдэг хүн. Бүр золбин нохой шиг сарьж байна шүү дээ. Ийм хүнээс дүүрэг хөгжүүлэх, бодлого боловсруулж ажил хийнэ гэж хүлээх үү. Эхний ээлжинд гудамжинд биш зориулалтын газар нь орж давсгаа сулладаг наад захын хувь хүний соёлд суралцах ёстой. Энэ тухай өнгөрсөн жилжингээ л зурагтай хөрөгтэй нь шуугисан шүү дээ. Ядаж байхад дүүргийн МАН хоёр хуваагдчихсан.

Хуучин засаг дарга байсан Д.Ганболд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын тэмцлийн үр дүнд хоёр тал бололцоод л алалцаж байгаа. Д.Ганболд нь нийслэлд ажиллаж байгаад тэрбум төгрөг идсэн хэргээр ажлаасаа халагдчихсан. Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэргээр гишүүнээсээ түдгэлзчихсэн. Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, олонхын бүлгийн дарга Даваадорж нь нүүрсний хулгайн хэргээр шоронд орсон.

Саяхан л гэхэд Чингэлтэй дүүргийн удирдлагууд 1,5 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар илэрлээ гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуугиж байна шүү дээ. Ийм хүмүүсийг харин ч зэрлэгүүдтэй зүйрлэж байгаа нь гайгүй хэрэг. Бүгд гэмт хэрэгтнүүд байгаа биз дээ. Эд төрд биш нарсанд байх ёстой хүмүүс. Гэтэл дүүргийг тонож цөлмөн зэрлэг цэнгэлд умбаж байна.

-Танай нам сөрөг хүчин шүү дээ. Энэ бүхнийг таслан зогсоох үүрэг нь та нарт байхгүй гэж үү?

-Нэг талаасаа үнэн. Нөгөө талаасаа манай намаас хоёрхон төлөөлөгч сонгогдсон. Одоо нэг төлөөлөгч нэмэгдээд гурвуулахнаа бүлэг байгуулах ч боломжгүй ядруухан дүр зурагтай байна. Манайхаас сонгогдсон гишүүд чадах ядахаараа л сөрөг хүчний байр сууринаас ханддаг ч олонхоор бүхнийг дарангуйлдаг Оркуудын араншин дүүрэгт ноёрхож байна.

-Танай дүүргийн нам орон нутагт ердөө ялж үзээгүй гэдэг. Чингэлтэйчүүд тийм улаан юм уу, аль эсвэл танай нам тийм муу ажилладаг юм уу?

-Бурууг бусдаас эрээд юүхэв. Чингэлтэй улаан тойрог биш. Өмнө нь УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад АН-д саналаа өгч л байсан. Би иргэддээ буруу өгмөөргүй байна. Тэгээд ч сонголтыг шүүдэггүй, хэнийгээ сонгох сонгохгүй нь хувь хүний заяагдмал эрх. Бидэнд алдаа байсан. Өнгөрсөн түүхээс харахад зарим удирдлагууд МАН-тай тохиролцож, эсвэл өөрийн хамаарал бүхий хүмүүсээ нэр дэвшүүлэх, өөрт нь таалагдаагүй гишүүдийн сонгогдох эрхэнд халдах гээд олон алдаа байсан. Мөн сонгуульд ялалгүйгээр бүлэг байгуулах хэмжээнд ажиллаж, эрх баригчдаар хувийнхаа бизнесийг тэтгүүлж амь зогоодог хүмүүс ч байсан. Энэ бүхнийг хэлэхийн учир нь өмнөхөө муулахдаа биш алдаагаа олж харахад оршиж байгаа юм.

Тэгээд ч Чингэлтэйд МАН бүрэн ноёрхолоо тогтоосон. Хороо, хэсгийн дарга нар МАН-ыг дэмжигчидээс бусад иргэдийг ялгаварлан гадуурхдаг нь нууц биш. Олон зүйлээр дарамт учруулж сонгох эрхэнд нь халддаг. Тэр ч бүү хэл манай нэг гишүүнийг “Чи АН-д байгаад нэмэргүйг мэдэрч байгаа биз дээ” гэж тохуурхсан байна лээ.

Намын гишүүд маань сонгуулиар эрвийх дэрвийхээрээ л зүтгэдэг. Бидэнд эрх баригчид шиг их мөнгө ч байхгүй. Их хуралд нэр дэвшигчид дөрвөн жилдээ нэг сар үзэгдээд л өнгөрдөг. Бид хэн нэгэнд гомдож туниагүй. Одоо өөрөөр ажиллана. Мэдээж гишүүд дээрээ тулгуурлаж, иргэдтэйгээ тулж уулзаж, бодлого үйл ажиллагаагаа ил тод танилцуулж улс төрийн соёлтой ажиллана. Оркууд засаг барьж байгаа гээд тэдэнтэй адил байж болохгүй.

-Нээрээ Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдэд ямар үнэлгээ өгөх вэ?

-Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг. Харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж гэж Сократ хэлсэн. Ийм л дүр зураг харагдаж байгаа. Монгол улсын хамгийн шударга хүн гэгдэж байсан Т. Аюурсайхан хамгийн том хулгайч байж таараад УИХ-аас зайлуулагдлаа. Одоо дүүргийн намын дарга авсан Ж.Сүхбаатар замын түгжрэл бууруулах нэрийдлээр татвар төлөгчдөөс 420 тэрбум төгрөг авч зарцуулсан байна.

Одоо 180-аад тэрбумыг Түгжрэлийн сайдад төсвөөс олгох юм гэсэн. Түгжрэл буураагүй, тэр мөнгө хаачив. М.Оюунчимэг гэж хэд сонгогдчиховдоо. Сүүлдээ айлын жорлон ухаж өгнө гээд мөнгө авчихдаг болсон гэнэ лээ.

Хүүгээ БЗС-аас сургаж, Ковидын үеэр сонгон шалгаруулалтгүйгээр дарга болгож байсныг санаж байна уу. Мөн автобусны кондуктор эгчийгээ дарга даамал болгосон гээд л дандаа хувийн ажлаа амжуулж явдаг хүн. Тэгээд бас дүүргээ, намаа самарна. Сонгууль ойртсоных уу саяхан балчир хүүхдүүдтэй бүжиглэж байгаагаа сошиалаар цацна билээ. Хийсэн ажил нь энэ л байх. Таныг асуусан болохоор л хариуллаа шүү. Түүнээс биш хэн нэгнийг харлуулж гүтгэх санаа алга. Бодит байдал ийм л байна.

-Энэ бүх хулгай дээрэм, хүнд сурталтай танай нам яагаад тэмцдэггүй юм бэ?

-Иргэдийн тэмцлийг ч хүртэл эрх баригчид дээрэмдээд авчихсан шүү дээ. Ямар нэгэн жагсаал тэмцэл болохоор хэн нэгэн тоглоомын нөхөр гарч ирээд удирдлагыг гартаа авчихдаг. Тэгээд АН-аас очсон ямар ч хүнийг ойртуулдаггүй. Мэдээж залуус тэвчээр алдраад органикаар жагсдаг. Жагсаал нь дундаасаа “Ажлаа хий” нэртэй болоод хувирчихдаг. Дэлхий дээр ажлаа хий гэдэг жагсаал тэмцэл байхгүй байхаа. Би л сонсоогүй юм байна. Уг нь та нар ажлаа хийж чадахгүй байгаа учраас зайлцгаа гэдэг л жагсаал тэмцэл баймаар санагддаг. Эрх баригчид ганцхан мөнгө хулгайлж байгаа юм биш. Тэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж тэмцэх хүний заяагдмал эрхийг ч хулгайлсан. Үүнээс улбаалаад иргэдийн төрд итгэх итгэл алдарсан.

Та анзаарсан бол хүмүүсийн нүдний гал алга болж, тийм нэг гөлгөр болчихсон. Үнийн өсөлт, ядууралд нэрвэгдээд тэдэнд тэмцэх ч хүч үлдсэнгүй. Тэгэхлээр хүний нүдний гал цогийг ч хулгайлсан байгаа биз. Үүнээс улбаалаад иргэдийн төрд итгэх итгэл алдарсан. Энэ бол маш эмгэнэлтэй зүйл шүү. Мөн манай улс авлигын индекс, хэвлэлийн эрх чөлөөгөөр олон байраар ухарсныг олон улсын холбогдох байгууллагууд эш баримттай судалгаатайгаар гаргасан байгааг хэн хүнгүй л харж байгаа шүү дээ.

-Хувьсгал хийх хэрэгтэй гэдэг санаа зарим хүнээс цухалздаг. Энэ талаар таны бодол?

-Тэгж ярьдаг л юм. Гэвч “Хувьсгалыг ухаантнууд бодож, тэнэгүүд гүйцэтгэж, адгийн луйварчид завшдаг” гэж үг бийг мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр хувьсгал гэдэг маш эрсдэлтэй зүйл. Эгэл жирийн хүмүүс эрүүл мэнд амь насаараа, эд агуурсаараа хохирох гээд олон сөрөг зүйлс бий. Түүгээр ч үл барам хувьсгал хийх гэж байна гээд тусгаар тогтнолоо алдвал яах вэ. Бид хоёр их гүрний дунд хавчуулагдсан эмзэг байршилтай гэдгээ мартаж болохгүй. Тэгээд ч заавал хувьсгал хийнэ гээд байвал тэр нь сонгуулийн хувьсгал л байх ёстой. Хуулийн хүрээнд сонгох сонгогдох эрхээрээ сонгуулийн хувьсгал хийж болно. Өөрөөр хэлбэл өөрчлөх, хувьсах эрх нь хуулийн хүрээнд бий. Энэ бол сонгууль.

-Тэгвэл та нар дүүргийн ИТХ-ын сонгуульд ялахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Ерөөсөө л иргэдээсээ асууж, тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц гаргалгааг хайсан бодлого хөтөлбөр боловсруулж байгаа. Энд өнөө маргаашийг аргацаах, гал унтраах богино зайн тоглолт байхгүй. Цэвэр бодлогод суурилсан мөрийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.

-Ингэж ярьдаг атлаа уралдаад л сайхан амлалт өгдөг дөө?

-Хүмүүс хэрсүү болсон. Энэ эрх баригчид Шарль Фурьегийн үндэслэсэн Францын утопи социализм шиг диваажингийн амлалт өгч байж л гарч ирсэн. Утопи гэдэг нь үл гүйцэлдэх үзэл гэсэн үг. Тэгэхлээр үл гүйцэлдэх амлалт өгсөн байж таарна. Энэ нь иргэдэд төдийгүй бидэнд ч сургамж болж байгаа.Тиймээс аль болох хөрсөн дээрээ буусан бодлогын өрсөлдөөн байх ёстой гэж үзэж байна. Бид утопи биш бодит хөгжлийн гарцыг санал болгоно.

-Тэгвэл дүүргийг хөгжүүлэх наад захын бодлого төлөвлөлтөөсөө дурьдаач?

-Ганцхан дүүрэг биш ээ, ерөөсөө л улс орны хэмжээнд нэг л зүйлийг хийх хэрэгтэй. Хулгай хийхээ л больчих. Үргүй зардлаа багасгачих. Төрийн данхар бүтцийг тана. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтнаас чөлөөлчих. Мөн иргэддээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгочих. Төр хуулиар иргэдийхээ аюулгүй байдал, ая тухтай орчноор нь хангах дэд бүтцээ л угсарчих. Хөгжлийг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө аваад явчихна. Өөрөөр хэлбэл төр бүү саад бол гэсэн үг. Аа нээрээ дүүргийн хувьд хэлэхэд Засаг даргаараа гудамжинд нохой шиг сарьдаггүй хүн тавьчих. Тэгээд л боллоо. Үүнд нэг их ухаан боловсрол ороод байхгүй. Ерөөсөө ёс суртахуун л орно.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.97] 2023-06-26 08:19:10

Гарьдхүүгийн Баярсайханы цэрэг байсан одоо Тувааны цэрэг болсон

Цэвэлмаа [66.181.161.226] 2023-06-15 14:26:38

АН дүрэмтэй журамтай нам!! Яг дүрмийн дагуу яваа хүн бол Баянмөнх! Эрдэнийн хувааснаас болоод амбицтай хулгайчдундуур шургах шахсан да! Тэр мууг өшиглөөд л хөөнө дө?!!

Зочин [66.181.161.155] 2023-06-21 10:39:49

Яг үнэн шүү

Интернет-магазин «4Mac» [149.34.244.237] 2023-06-14 06:34:30

Интернет-магазин «4Mac» - это качественные и недорогие запчасти для телефонов, планшетов и ноутбуков с доставкой по Москве и всей России. Каталог, цены. Телефон: +7 495 255 73 79

Зочин [202.9.40.181] 2023-06-14 05:59:36

Хөдөөнөөс ирсэн оркуудаар дүүрсэн

Зочин [203.91.115.50] 2023-06-13 20:57:41

Дүрмийн бус хөөрцөг хог өөрийгөө АН ын дарга гэнэ ээ

Зочин [66.181.161.155] 2023-06-21 10:42:00

Харин ч дүрмийн дагуу жинхэнэ тамгатай дарга шүү

Зочин [202.126.89.251] 2023-06-16 00:41:39

Зүгээр даргаа солчих эвттэй шударга бай

Цэвэлмаа [66.181.161.226] 2023-06-15 14:23:32

Яг дүрмээрээ яваа залуу шүү! Урвагч дүлзэн гуай

Зайлооо [103.161.242.80] 2023-06-13 17:36:26

Хөөрцөн гар вэ? АН-н дарга ч гэх шиг

Цэвэлмаа [66.181.161.226] 2023-06-15 14:24:23

Дарга юм чинь дарга л гэнэ ш дэ! Дүрмээрээ дарга шүү харин ч троллоо

Зочин [139.5.219.188] 2023-06-13 14:01:47

Үнэн л юм хэлсэн байна. ЧД-ийн засаг дарга чинь Аюурсайханы найз. Ёстой бүдүүлэг дарангуйлагч. Мэдээж өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн байгаа. Гэхдээ энэ хүнээр МАН-ыг төлөөлүүлж ойлгох нь өрөөсгөл юм. МАН ийм хүмүүсээ зайлуулахгүй бол нэр хүнд чинь шалдаа буух нь.

Зочин [66.181.184.253] 2023-06-13 15:46:19

Ataarhaad bgaamuuu nuguu muu Orkuud geed orilood baidag nuhruu bainga huurch yawdag huuhen uu kk


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.