Б.Жавхлан: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг танилцуулав. Тэрбээр “Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр дараах багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Үүнд, нэгдүгээрт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд олгохын зэрэгцээ энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан тохиолдолд нөхөж олгоно” гэв.
Харин нийгмийн даатгалын тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар нэг мөр шийдвэрлэнэ. Үнийн өсөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцов. Тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн итгэлцүүрийг шинэчилснээр 164,6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ гэв. Харин тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр нийт тэтгэвэр авагч буюу 496,3 мянган хүн хамрагдаж, нийтдээ 394,6 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцов. Нийгмийн даатгалын тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг 325 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84,5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч байгаа эцэг эхэд олгох тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх аж. Үүнд давхардсан тоогоор нийт 144,3 мянган хүн хамрагдах бөгөөд 89,8 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна.
Сэтгэгдэл
Иргэн [150.129.140.158] 2023-06-15 12:23:48
Арай ч дээ нээрээ. Өнөөдөр юмны үнэ хэр байгаа билээ. Байрны төлбөр ахун хэрэглээний мөнгө ингээд л 288 чинь хаана ч хүрэхгүй байна. 325 мянга чинь ялгаа байхгүй. Махны үнэ хэд байгаа билээ. Эм тарианы мөнгө + хувцас + хоол хүнс гээд бодоод үзэхэд наад мөнгө чинь хаана ч хүрэхгүй байна. Хэрвээ өргөн хэрэглээний хүнсний үнээ тогтвол барьдаг байсан бол өөр хэрэг ёстой хэрэг алгаа энэ улс.
Иргэн [59.153.113.160] 2023-06-14 07:11:27
Сангаа идүүлсэн сайд , инфляцад мөнгөө идүүлсэн иргэн хоёр хэцүүдэж байна. Сан ,банк хоёроо цэгцлээсэй.