С.МЭНДСАЙХАН: НАМЫН ЖАГСААЛТЫГ ХААЛТТАЙГААР ХУУЛЬЧИЛБАЛ ЭХНИЙ ГУРАВТ ЗҮТГЭХ УЛСТӨРЧДИЙН ЗОДООН, ХУЙВАЛДААН МӨНГӨӨР ЯВАГДАНА
- ЭЦСИЙН ДҮНДЭЭ СОНГОГЧДЫН ХҮСЭЭГҮЙ УЛСТӨРЧ УИХ-Д СУУХ БОЛОМЖ БҮРДЭНЭ-
Улс төр судлаач, хуульч С.Мэндсайхантай Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт тэр дундаа холимог системийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүдийн 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгохоор болсон. Тэгвэл 48-ыг нь намын жагсаалтаар гаргаж ирэх асуудалд иргэд тал бүрийн санал шүүмжлэлийг хэлж байна. Судлаач хүний хувьд та уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Юуны өмнө сонгуулиа холимог системээр явуулах болсон нь өөрөө улс төрийн маш том шинэчлэл гэж харж байгаа. Ерөөсөө Монгол Улсад дан ганц тойргийн буюу мажоритар тогтолцоо огт таарахгүйг бид өнгөрсөн 30 гаруй жилийн улс төрийн түүхээс тод харж болохоор байна. Тиймдээ ч ирэх сонгуулийг холимог системээр явуулах ёстой гэж үзсэн байх. Сонгуулийн хоёр том тогтолцоо байдгийг бид мэднэ. Энэ хоёр тогтолцоо өөрөө сайн, муу гэсэн хоёр талтай. Тиймээс үүнийг хослуулах буюу холимог системээр сонгуулиа явуулах болж байгаа нь маш сайн. Гэхдээ үүнийг бодит амьдрал дээр улам төгөлдөржүүлэхийн тулд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг маш сайн томьёолох шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл уг хоёр хуулийн зүйл заалт бүр маш тодорхой байх ёстой гэсэн үг. Ингэж байж холимог систем бодит утгаараа үр дүнгээ өгнө. Одоо УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна
Ерөнхийдөө уг хуулиар Сонгуулийн ерөнхий хорооны эрх, мэдэл өмнө нь байгаагүйгээр үлэмж нэмэгдэж байгаа. Улс төрийн намын ил тод байдлыг шаардах, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах, тайлан мэдээллийг нь хүлээн авах зэргээр улс төрийн хүчнүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд ажиллахаар болж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн үйл ажиллагаа явуулах байгууллагын эрх, мэдэл нэмэгдэхийн хэрээр хүлээх үүрэг хариуцлага чангарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгогчид тус байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа бүрд хяналт тавьж, үйл хөдлөл бүрийг нь анхааралтай ажиглана гэсэн үг. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороо урьд өмнө байгаагүйгээрээ олон нийтэд ил тод, шилэн ажиллах шаардлагатай болсон. Мэдээж залгаад Улс төрийн намын тухай хуулиар намын жагсаалт ямар байх вэ гэдэг зохицуулалтыг маш тодорхой зааж өгөх байх.
-Иргэдийн хувьд намын жагсаалтын ард нуугдсан муу нэрт улс төрчид мөнгө, хөрөнгөөрөө далайлган УИХ-д ороод ирэх вий гэсэн болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл пропорциональ системээр сонгуулиа бид яаж явуулах нь зөв юм бэ?
-УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн эхний төсөлд намын жагсаалтыг ил тод байлгана гэж заасан байсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад уг хуулийн төслийн ажлын хэсэг намын жагсаалтыг нээлтэй байлгах нь сонгууль явуулахад хүндрэл үүсгэнэ, эрсдэл бий болгоно гэж үзсэн. Улмаар намын жагсаалтыг хаалттай байлгахаар одоо хэлэлцэгдэж байна. Хэрэв энэ чигээрээ дээрх хууль батлагдвал гарах үр дүн тийм ч таатай бус байх болно. Учир нь сонгогчид саналаа өгөхдөө намыг дугуйлна. Улмаар нам авсан саналаа хувь тэнцүүлэн бодож, УИХ-д жагсаалтын эхэнд бичигдсэн улстөрчдийг оруулна. Тэгэхээр ямар хүн УИХ-д орж ирж байгааг сонгогчид мэдэх боломжгүй болно гэсэн үг. Энэ нь сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Их хурлын шинэ парламентын чадамжийг дахиад сулруулах эрсдэлийг бий болгох нөхцөл юм. Өөрөөр хэлбэл иргэдэд таалагдаагүй улстөрчид орж ирэх магадлал өндөр гэсэн үг. Үүнээс болоод нийгмийн эмх замбараагүй байдал бий болох ч эрсдэлтэй. Дахиад л парламентын чадавх, чадамжийн тухай асуудал урган гарах болно. Тиймээс энэ бүх эрсдэлээ бодож, тал бүрээс нь судлан шинжилж байж өөрчлөлт, хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай.
-Ер нь намын жагсаалт ил байх, хаалттай байхын ялгаа, гарах үр дүн нь ямар байдаг юм бэ?
-Бид өнгөрсөн УИХ-ын найман сонгуулийг дандаа мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн нь учиртай. Ганцхан 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Тухайн жил юу болсныг бид санаж байгаа. 2012 оны УИХ-ын сонгууль 2012 оны зургаадугаар сарын 28-нд явагдаж, бүх 76 гишүүнийг шинэчлэн сонгосон. Анх удаа холимог системээр явагдсан тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлига хээл хахуультай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байсан. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа санал тоолох машины дүнд үл итгэж, гараар тоолохыг хүсэж буйгаа эрх баригч Ардын нам болон бусад жижиг нам эвслүүд илэрхийлсэн. Улмаар МАН-аас сонгогдсон гишүүд нээлтээ хийсэн анхдугаар чуулганы ажиллагааг сар гаруй тасалдуулж, үйл ажиллагаанд нь оролцоогүй. Гэхдээ сонгогдсон гишүүд төлөвлөгөө ёсоор тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан түүхтэй. Тэгэхээр холимог систем гэдэг маань буруу явбал иймэрхүү наад захын эрсдэл үүсэх нөхцөл байдлыг бий болгодог. Тиймээс аль болох олон нийтэд нээлттэй байлгах, ил тодын зарчмыг баримтлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр намын жагсаалтаар орж ирэх улстөрчдийн нэрсийг хаалттай байлгах нь өнөө цагийн улс төрийн халалт, нөхцөл байдлыг улам сэвж, дүрэлзүүлэх аюултай. Хоёрдугаарт, сонгуульд оролцож буй нам, эвсэл УИХ-д жагсаалтаар оруулах улстөрчдийг хаалттайгаар дотооддоо шийдэж оруулна гэвэл энэ нь өөрөө мөнгөний сонгууль болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл хаалттай гэдэг үгийг нам, эвслүүд мөнгө олох хуулийн цоорхой болгон ашиглана гэсэн үг. Энэ байдал нь өөрөө маш том тогтолцооны гажуудлыг бий болгоно.
-Тэгэхээр таныхаар намын жагсаалтыг заавал ил тод байлгах шаардлагатай гэж хэлэх гээд байна уу. Нөгөөтэйгүүр иргэд сонгогчид намд саналаа өгөхдөө тухайн намаас жагсаж орж ирэх улстөрчдийг нь харж сонголтоо хийх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Мэдээж тийм. Сая батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам, эвсэл бүр 48 улстөрчийг дотроо жагсаахаар болсон байгаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам, эвсэл байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, гишүүнчлэл ихтэй улс төрийн 20 орчим хүчин бий. Тэгэхээр эдгээр 20 орчим нам, эвсэл бүрийн эхний гуравт жагсаж байгаа улстөрч УИХ-д орж ирэх магадлал маш өндөр гэсэн үг. Энэ утгаараа намын жагсаалтыг олон нийтээс нууцалж, хаалттай байдлаар хуульчилбал тэрхүү эхний гурван байрт зүтгэх улс төрчдийн өрсөлдөөн ихэснэ.
Хатуухан хэлбэл эхний гурван байрт зүтгэх улстөрчдийн зодоон хуйвалдаан, мөнгөөр явагдаж, эцсийн үр дүндээ сонгогчдын хүсээгүй улстөрч УИХ-д суух нөхцөл бүрдэнэ. Тэр утгаараа намын нөлөө бүхий лидерүүдийн хооронд зодоон бий болно. Нөгөөтэйгүүр нам, эвслүүд жагсаалтын эхний гурван байрт бичигдэх улстөрчдөөс санхүүжилт, тохироо, наймааг шаардана. Хэрэв ийм чиг хандлагаар явбал Монголын улс төрийн намын төлөвшил, ил тод байдал, үүрэг хариуцлага хэзээ ч засрахгүй. Тиймээс хувь тэнцүүлэх системийг бид маш болгоомжтой бодлоготойгоор ашиглаж чадвал, гучин жилийнхээ алдаа дутагдлыг дахин гаргахгүй болов уу.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [103.26.194.237] 2023-06-19 14:22:00
Ингэх нь тодорхойш дээ,сонгогчдоос санал авч чадахгүйгээ мэдсэн хэд нь ийм арга саам хайсан биз.
Зочин [202.9.46.233] 2023-06-17 15:09:56
Хулгайчуудын сонгууль болох магад