ЧЕНЖҮҮД ДОТООДЫН ЦЕМЕНТЭД 30 МЯНГА, ХЯТАД ЦЕМЕНТЭД 100 МЯНГАН ТӨГРӨГ НЭМЖ ЗАРЖ БАЙНА
Монгол Улсад зам, барилга бүтээн байгуулалтын улирал ид үргэлжилж байна. Барилгын түүхий эдийн талх гэгддэг цементийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
Монгол цемент 420-440 мянга, хятад цемент380 мянган төгрөгийн ханштай байна
“Гурвалжин” барилгын материалын зах дээр Монцемент нэг тонн нь 420-430 мянга, Мак цемент 430-440 мянга, Хөтөлийн цемент 420 мянган төгрөгийн үнэтэй байна. 50 кг-аар савласан шуудайтай цемент 23-25 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Харин хятад цемент нэг тонн нь 380 мянган төгрөг бол шуудайгаараа 23 мянгаар зарж байна. Монгол худалдаачид Хятадын “Тунхуй” үйлдвэрээс цементээ голчлон татдаг гэнэ. Гэхдээ сүүлийн үед хятад цементийн худалдаа буурч байгааг худалдагч бүсгүй онцолж байв. Энэ нь сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрүүд зах зээл дээр хүчтэй гарч ирсэнтэй холбоотой гэж тайлбарлав.
Хил гааль чөлөөтэй болж, бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурч байгаа энэ үед цементийн үнэ буурч байгаа эсэхийг худалдаа эрхлэгчдээс тодруулахад “Он гарснаас хойш цементийн үнэ тогтвортой байна. Цаашид үнэ ханш буурах эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн байр суурийг тэд хэлж байлаа. Цементийн худалдаа хөл хөдөлгөөн нэлээд бага байна. Чингэлгүүдэд голчлон “Мак”-ын цемент хураасан харагдана. Худалдаачдын ярьж буйгаар тус цемент үнэ өндөртэй ч нэлээд эрэлттэй байдгийг дуулгав. Зарим худалдаа эрхлэгчид монгол, хятад цементийн үнэ харилцан адилгүй байдаг нь чанартай холбоотой гэж байлаа.
Барилгын материалын амин чухал түүхий эд болсон цементийн үнэ ханш дотоодынх болон Хятадынх харилцан адилгүй байдаг нь нийгэмд ч, барилга бүтээн байгуулалтын салбартаа ч хэл ам дагуулсаар ирсэн. “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хөрш Хятад улсын хувьд цемент маш хямдхан байдаг. Дундаж үнэ өнөөдрийн ханшаар 347 юань. Эрээний үйлдвэрийн цемент гаргаж байгаа хамгийн хямд үнэ 315 юань. Түүнийг нь монгол төгрөгөөр бодоход 151 мянга. Гэтэл дотоодын үйлдвэрийн үнэ 412 мянган төгрөг байна” гэсэн нь анхаарал татахаар мэдээлэл юм. Тиймээс монгол, хятад цементийн үнэ ханш хэрхэн бүтдэг талаарх мэдээллийг тоймлон бэлтгэв.
Хятад цемент үйлдвэр дээрээс 147.620 төгрөгөөр гарч, замын зардалд 132.000 нэмэгддэг
Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдагдсанаар БНХАУ-аас 2023 оны эхний таван сарын байдлаар 41,944,232.4 кг цементийг 2,916.3 ам.доллараар оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, нэг тонн хятад цементийг 150 мянган төгрөгөөр импортолсон байна. Тэгвэл хятад цементийг Улаанбаатарт тээвэрлэн авчирч, зах зээлд худалдаалдаг зардалд юу, юу багтдаг талаар Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны менежер Д.Амаржаргалаас тодруулсан юм.
Түүний ярьснаар монголчууд БНХАУ-ын Эрээн хот дахь “Тунхуй” үйлдвэрээс түлхүү импорт хийдэг. Тус үйлдвэрээс нэг тонн цемент гарах үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар 305 юань байжээ. Нэг удаадаа вагонд 64 тонноор цемент ачигддаг. Эрээнээс Замын-Үүд хүртэлх төмөр замын зардал 3800 юань. Замын-Үүд дээр ирсэн 64 тонн цемент дээр гааль, НӨАТ зэрэг татвар хураамжид дөрвөн сая гаруй төгрөг төлдөг. Түүнээсээ Замын-Үүдээс Улаанбаатарт тээвэрлэн ирэх төмөр замын зардалд 1.6 сая төгрөг төлдөг. Ачиж буулгах хөлсөнд 800 орчим мянга. Тэр дунд илгээгчийн зардал 250 мянган төгрөг нэмэгддэг гэнэ. Энэ тооцоогоор бол Хятадын үйлдвэр дээрээс нэг тонн цемент 147.620 төгрөгт гардаг юм байна. Нэг тонн цементийг Улаанбаатар хүртэл тээвэрлэн авчрах зардалд 132 мянга орчим төгрөг зарцуулдаг. Ингээд нийт зардал өртөг нэмэгдэн 280 мянган төгрөг болдог аж. Зах зээл дээр өнөөдөр хятад цемент 380 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Дотоодын үйлдвэрүүдийн цементийн үнэ өндөр байдаг нь түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэв
Тэгвэл дотоодын үйлдвэрүүдийн үнэ өртгийг хэрхэн тооцоолдог талаар үйлдвэрүүдээс тодруулсан юм. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК “Үйлдвэр дээр нэг тонн цемент 385 мянган төгрөгөөр, вагон дээрх үнэ 406.300 төгрөгөөр гардаг. Бид 2022 оны арванхоёрдугаар сард ТУЗ-ийн хурлаар компанийн бизнес төлөвлөгөөг батлуулахдаа цементийн үнийг энэ ханшаар тогтоосон. Манай үйлдвэрийн хувьд гөлтгөнө, нүүрс зэрэг цементийн гол орц бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс зэрэг компаниас гэрээ хийж тээвэрлэж авдаг учраас зардал нэмэгдэхэд нөлөөлдөг. Ялангуяа нүүрсний үнэ энэ жил өссөн. Өнгөрсөн жилийн хувьд нүүрс хямд байсан учраас манай цемент одоогийнхоос бага үнэтэй байсан. Энэ жил мөн шар нунтаг зэрэг түүхий эдийн үнэ 50 хувиар нэмэгдлээ. АМНАТ гэхэд өртөг зардлын таван хувийг суутгадаг. Мэдээж НӨАТ, татвараа төлдөг. Компани учраас ашигтай ажиллах ёстой. Тиймээс эцсийн бүтээгдэхүүний үнэ тонн тутам нь 385 мянга байхаас аргагүй байна” гэх тайлбарыг өглөө.
“Монцемент” компанийн хувьд ч мөн л түүхий эдийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байлаа. Тодруулбал, “Нүүрсний үнэ 2022-2023 оны хооронд 40 хувийн өсөлттэй байгаа. Ялангуяа 2022 оны арваннэгдүгээр сараас түлшний үнэ нэмэгдэж, нүүрсний уурхайнуудын өртөг өссөнөөр Тавантолгой орчмын уурхайнууд нүүрсний үнийг 100 хувиар нэмсэн. Нүүрс гэхэд тонн тутмын тээврийн зардал 309 хувиар өсчихсөн. Мөн цементийн гол түүхий чулуунцар үйлдвэрлэхэд хэрэглэдэг төмрийн хүдэр гэхэд 2012 оноос хойш 143 хувиар өсөөд байна. Эрчим хүчний үнэ тариф гэхэд дундаж өсөлт гэхэл 2018 оноос хойш 67 хувиар өссөн. Ялангуяа 2022-2023 оны хооронд 51 хувийн өсөлттэй байна. Төмөр замын тээврийн тариф он гарсаар 29 хувиар өссөн судалгаа бий. Нөгөө талаар авто тээврийн даацын хязгаарлалт 44 гэх стандарт мөрдөгдөж эхэлснээс цэвэр ачих жин багасч 25 тонн болсонтой холбогдуулан түүхий эдийн тээврийн үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ бүхэн цементийн үнэ ханшийг тогтооход голлон нөлөөлж байна” гэсэн юм. Монцементийн үйлдвэрээс цемент тонн тутам нь 410 мянган төгрөгөөр гардаг аж.
“Ховд эко цемент” компанитай холбогдоход “Компанийн санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл хаалттай” гэсэн тайлбарыг хийв. Тус компанийн үйлдвэрлэж буй цемент тонн тутам нь Ховд аймагтаа 445 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.
Эдгээр мэдээллээс харахад Хятадын цементийн үйлдвэрүүд өртөг зардал багатай үйлдвэрлэдэг ч Улаанбаатар хүртэл тээвэрлэн авчрах зардал, гааль НӨАТ гэх мэт татвар хураамжууд нэмэгдсээр тонн тутамд 130 мянган төгрөг нэмэгддэг ажээ. Ингээд Улаанбаатарт ирдэг нийт өртөг зардал 280 мянган төгрөг болж байгаа юм. Харин худалдаанд 380 мянган төгрөг буюу дунджаар 100 мянга орчим төгрөгөөр нэмэгдэлтэй худалдаалагдаж байна.
Харин дотоодын үйлдвэрүүд үйлдвэрээс өндөр өртөгтэй гардаг ч Улаанбаатарт тээвэрлэн авчрах зардал, ашгаа нэмээд 20-40 мянган төгрөгийн нэмэгдэлтэй зардаг юм байна.
Хятад үйлдвэрүүд цементийг хямд өртгөөр үйлдвэрлэдэг үндсэн шалтгаан их хэмжээгээр тогтмол үйлдвэрлэдэгтэй холбоотой. Харин манай улсын хувьд улирлын чанартай үйлдвэрлэдгээс өртөг зардал өндөр байдаг. Гэвч дотоодын үйлдвэрүүд өнөөдрийн үнэ өртгөө бага хэмжээгээр бууруулах боломжтой гэж салбарынхан хэлж байв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.248] 2024-05-15 22:05:00
Барилга.цементийн эцэг нь хятад.Хятадаас сур.Дотоодын ғйлдвэр ард түмнээ мөлжиж байна Хятадтай өрсөлдөж өртөг зардлаа хэмнэж үнээ хямдруулахаас өөр арга алга.
Зочин [202.9.46.76] 2023-06-21 22:31:09
Ха ха монгол цемент үнэтэй чанаргүй хятад цементийн хаана ч хүрэхгүйг барилгын салбарынхан бүгд мэднэ..
Зочин [202.9.46.76] 2023-06-21 22:29:38
Дотоодын үйлдвэрүүд үндэслэлгүй монополь үнэ тогтоож байгаа учраас хятадаас татваргүй цемент оруулж ирэх хэрэгтэй
yahav chenjiin huuli bhgui gai [202.179.21.232] 2023-06-21 14:29:31
Chenjiin huuli bhgui ni gai ih garah yma Mongold ym hiihch sonirhol bhgui unendee shimch nar ih chenjuud mah haraldaa bas damjin
Зочин [66.181.161.240] 2023-06-21 13:57:31
Хятад цемент чанар муутай гэвэл ёстой май шүү. Монголын цемент бол ёстой түүний дэргэд хаа ч үгүй. Замын зардал гэж худлаа шааж үнийг нь хөөргөдөж байхгүй юу. Хятад цемент үсрээд 240- 300-гаар зарагдах боломжтой. Монголын цемент үйлдвэрлэгчид бол Нямтайшир, Гарамжаваас өгсүүлээд дан хулгайчууд. Хөгжлийн банкнаас хулгайлж үйлдвэрээ босгочихоод одоо амандаа багтсан үнээр иргэдэд цементээ шахаж байна. Муу олигархууд. Үхэж далд орцгоо.
Зочин [202.21.107.62] 2023-06-21 16:21:12
Мөнгө цагаан,нүд улаан гэдэг юм.Үнэн бол зөв хэлсэн байна.
Зочин [192.82.91.95] 2023-06-21 14:03:10
chi hujaa yumuu
Зочин [192.82.91.95] 2023-06-21 13:48:51
hyatad hogiig horigloochee,
Зочин [202.9.46.26] 2023-06-21 13:38:53
Эзэнгүй төрийн эмэгнэл
Зочин [202.9.47.6] 2023-06-21 11:38:23
Цементийг юугаар хийдэг юм болоо.
Шарав [202.21.111.13] 2023-06-21 11:10:11
Хятад цемент хямдхан гээд байгаа этгээд Хятадуудад ээлтэй новш байна даа.
Сайнбуян [202.21.111.13] 2023-06-21 11:09:10
Хямдханаар нь Хятад чанар муутай цементээр барилга бариад эцэст нь барилга нь чанаргүй болж эрсдэл үүсэхийг хэн мэдлээ. Эцсийн эцэст чанартай цемент найдвартай .