2024 оны Парисын олимпын наадам зохион байгуулах хорооны төв байруудад нэгжлэг хийжээ
2024 оны Парисын Олимпын наадам, Паралимпын тоглолтыг зохион байгуулах хорооны төв байруудад нэгжлэг хийжээ. Францын санхүүгийн мөрдөн шалгах газраас тэрчлэн, Олимпын наадмын дэд бүтэц хариуцсан төрийн албан нэгжийн байранд, мөн наадмын зохион байгуулалтад оролцож байгаа хэд хэдэн компани, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад нэгжлэг явагдсан байна.
2017 онд болон 2022 онд эхэлсэн авлигын асуудлаарх хоёр ч урьдчилсан мөрдөн шалгалтын хүрээнд эдгээр нэгжлэг хийгдсэн гэж мэдээлсэн байна. Наадмыг зохион байгуулах хороод болон энэ ажилд шууд оролцоотой төрийн байгууллагыг хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө мөнгө шамшигдуулсан болон гэрээ хэлцэлтэй холбоотой бусад хууль бус үйл ажиллагаанд сэжиглэж байгаагаа хууль сахиулах байгууллагын зүгээс мэдэгджээ. Энэ бүх асуудлаар “Парис 2024” Олимпын наадмын зохион байгуулах хороо хууль сахиулагчидтай бүрэн дүүрэн хамтран ажиллах болно гэдгээ бидэнд мэдээлсэн” гэж Олон улсын Олимпын Хороо асуудлыг анхааралдаа авснаа мэдэгджээ.
Парисын Олимпын наадам зохион байгуулагчдыг ахицтай сайн ажиллаж байгааг магтаж сайшаах төлөвтэй байсан Олон улсын Олимпын Хорооны гүйцэтгэх хорооны хоёр өдрийн уулзалт Швейцарын Лозаннад эхэлж байгаа үед ийм нэгжлэг шалгалтууд явагдсан юм байна. Францын авлигатай тэмцэх байгууллагуудын мөрдөн шалгалтад Парис хот ийнхүү өртсөнөөр сүүлийн гурван ч Зуны Олимпын наадмын зохион байгуулагчид энэ талын асуудалд орооцолдож байна. 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимп, 2021 оны Токиогийн Олимптой холбоотой саналаа худалдсан хэргээр Олон улсын Олимпын Хорооны хэд хэдэн гишүүн өмнө нь огцорч байсан юм.
Сэтгэгдэл