ХҮНСИЙГ ХОРТОЙ, ХОРГҮЙГ ЯЛГАДАГ ЛАБОРАТОРИУД ЧАДАМЖТАЙ АЖИЛЛАДАГ УУ?

Aдмин / Эрүүл мэнд

Монголчууд бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн аюулгүй, баталгаатай байж чаддаг уу гэх асуулт сүүлийн жилүүдэд хурцаар тавигдах болсон. Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн хортой юу, хоргүй юу гэдэг эргэлзээтэй. Учир нь дотоодын хүнсний үйлдвэрүүд гэхэд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээ хаяг шошгыг нь солиод л зардаг олон бодит жишээг монголчууд мэднэ. Монголд үйлдвэрлэсэн гэж сурталчлаад Хятадаас оруулж ирээд савладаг бүтээгдэхүүнүүд элбэг. Дотоодын үйлдвэрүүд ийм барьцгүй байхад импортын бараа бүтээгдэхүүн найдвартай эсэх нь бүр эргэлзээтэй. Ялангуяа хүнсний хэрэглээнийхээ ихэнх хувийг импортоор авдаг манай улсын хувьд байнгын сонор сэрэмжтэй, хяналт шинжилгээтэй байх ёстой.

Хүн амын дунд гарч буй өвчлөлүүд жил ирэх тусам нэмэгдэж, бүр цаашлаад шинэ тутам, ховор өвчин эмгэгт ч өртөх нь элбэг болж байна. Үүний гол шалтгааныг мэргэжлийн хүмүүс агаарын бохирдол болон хүнсний чанар аюулгүй байдалтай холбон тайлбарласаар ирлээ. Хүний эрүүл мэндтэй шууд холбогддог хүнсийг аюулгүй, эрүүл гэдгийг баталдаг, нотолдог гол байгууллага бол өндөр хүчин чадалтай лаборатори

Манай улсад лабораториуд ажилладаг эсэх, ажилладаг бол хэрхэн хяналт шинжилгээ хийгддэг эсэх нь сонирхолтой. Салбарын зарим хүмүүс лабораториудын үйл ажиллагаа, хүчин чадалд нэлээд чамлалттай байр суурь илэрхийлдэг. Нэг ёсондоо Монгол Улсад мэргэжлийн өндөр түвшний лаборатори байдаггүй гэж ч тэд тайлбарладаг.


Ц.Өлзийтогтох: Хүн амын хүнсэндээ хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн бүгд эрүүл мэндийн эсрэг болсон

Энэ талаар Монгол Улсын малын гавьяат эмч Ц.Өлзийтогтохтой товч ярилцлаа.

-Хүнсний аюулгүй байдлын баталгааг хангадаг лаборатори, түүний хүчин чадал манайд ер нь хэр байдаг юм бэ. та бол энэ салбарт олон жил ажилласан хүн. Нийгэм нэлээд шүүмжлэлтэй байх юм байна шүү дээ?

-Монголчуудын өвчлөлийн гол шалтгаан бол хүрээлэн байгаа орчны бохирдол, хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Үндэсний аюулгүй гэхээр л хил хязгаарын асуудал биш. Хүн ардын идэж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл аюулгүй байдал ч орно шүү дээ.

Биологийн лаборатори гэдэг үндсэндээ биологийн бичил биетийг таньдаг, өсгөж үржүүлдэг, хадгалдаг, хамгаалдаг газрыг л хэлж байгаа юм. Яахав ийм хэмжээний лабораторид дөхөж очих, суурьтай ганц лаборатори гэвэл Биокомбинат шүү дээ. Гэвч энэ лаборатори дууссан. Улс төрийн нөлөөнд автсаар мэргэжлийн чадварлаг боловсон хүчин юу ч үгүй болсон.

Түүнээс гадна энд тэнд жижиг лабораториуд бол бий.

Хүн эмнэлэг талаас гэвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд нэг бий. Мал эмнэлэг талаас Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори байна. Эдгээр бол зөвхөн анхны шатны л үйл ажиллагаатай газрууд. Яг туршилт, судалгаа хийж чадахгүй. Үзүүлэн төдий л, дарга сайд нар ирэхэд сайн сайхан байна гээд харуулж үзүүлдэг төдий л лабораториуд гэж хатуухан хэлэхэд болно.

-Тэгэхээр монголчуудын хүнсний аюулгүй байдал хангагдаж чадахгүй байна гэж та хэлж байна уу?

-Үнэндээ өнөөдөр Монгол Улсад хүн амын хүнсэндээ хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн бүгд эрүүл мэндийн эсрэг болсон. Бүгд химийн гаралтай. Тиймээс нийтийн эрх ашгийн үүднээс ийм асуудлыг хянаж шалгах, хүнсний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн лаборатори маш хэрэгтэй. Манай улсад сүүлийн үед шинэ тутам өвчлөлүүд нэмэгдэж байгаа. Мал эмнэлэг талаас хэлэхэд л өмнө нь үхрийн арьс товруутах, хонь, ямааны мялзан огт гарч байсангүй. Тэгэхэд сүүлийн жилүүдэд байнга гардаг боллоо. Энэ шалтгааныг олж судалдаг шинжилдэг газар био лаборатори байсан. Гэвч байхгүй учраас чадахгүй байна.

Ковидын үеэр манай улс долоо хоногт л тэрбум төгрөг зарж байлаа. Түүнээс ядаж ганц том лаборатори бариад өгөөч гэдэг саналыг гаргасан. Хэн ч тоогоогүй. Ядаж л өнөөдөр Буйр нуур дээр загас маш олноор үхсэн асуудал гараад байна. Одоо манай мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол нуурын ус нянгийн бохирдолтой байна гэж зарлаж байна. Хэрэв тийм бол зориудаар тархаасан, биотерроризм болж таарна. Хэрэв манайд мэргэжлийн том лаборатори байсан бол үүнийг тогтоочих байлаа шүү дээ. Даанч байхгүй учраас үнэнд нийцэхгүй зүйл яриад л зогсож байна.

-Ер нь энэ салбар хөгжихгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манайд энэ салбарт шинжлэх ухаан талаас ч судалгаа шинжилгээ зогссон. Гол шалтгаан нь мэргэжилтэй боловсон хүчин байхгүй болсон. Их дээд сургуулиуд хими биологийн чиглэлийн ангиудаа хааж байна, хүүхдүүд ч элсэхгүй байна. Уг нь багаж төхөөрөмж тийм ч гологдож, дутагдахааргүй. Нэг лабораторид дутлаа, эвдэрлээ гэхэд нөгөөгөөс сэлбэчих боломжтой. Ерөөсөө хүндээ л бүх асуудал байгаа юм гэв.

Б.Арвинтулга: Нийт шинжилж байгаа бүтээгдэхүүний 2-3 хувь эрсдэлтэй гардаг

Өнөөдөр үндэсний хэмжээнд хүнсний эрүүл аюулгүй байдлыг шинжилж судалдаг ганц лаборатори нь Хүний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори юм байна. Гэвч сүүлийн үед тус лабораторийн үйл ажиллагаа доголдсон, хяналт шинжилгээгээ хийж чадахгүй байгаа гэх мэдээлэл гарах болов. Энэ асуудлыг тодруулахаар тус лабораторийг зорьж очив. Лабораторийн техникийн менежер Б.Арвинтулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай лабораторийн үйл ажиллагаа доголдсон гэдэг мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай лабораторийн үйл ажиллагаа одоогоор хэвийн явагдаж байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаатай. Баяр ёслол дөхөөд ирэхээр манай ачаалал ихэсдэг. Улсын наадам, шинэ жил, цагаан сар гэх мэт баярын өмнөхөн ачаалал их байдаг. Тэр журмаараа л ажиллаж байна.

-Үндэсний лаборатори хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг юм бэ?

-Манайх хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эд, тэр дундаа импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний 70-80 хувьд шинжилгээ хийдэг. Дотоодын үйлдвэр, иргэдийн хувиараа үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд шинжилгээ хийдэг.

-Импортоор оруулж ирж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүн бүгд эрүүл гэдгийг танай лаборатори баталдаг гэж ойлгож болох уу?

-Болно. Импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотор нь их, дунд, бага эрсдэлтэй гэж ангилдаг. Их эрсдэлтэй бүтээгдэхүүнд хүүхдийн сүү болон түргэн мууддаг хүнс ордог. Бага эрсдэлтэйд халдгалалт, тээвэрлэлт даах чадвартай хүнс.

-Танайх аль хэсэгт шинжилгээ хийдэг вэ?

-Манайд дунд болон их эрсдэлтэй бүтээгдэхүүнд голчлон шинжилгээ хийдэг. Гаалийн байгууллага дээр ч шат дараатай хянаж байгаа. Мэргэжлийн хяналт дээр байсан байцаагчид гааль руу шилжсэн учраас мэргэжлийн туршлага, чадамжийн хувьд сайн болсон гэж үзэж болно.

-Тэгвэл хилээр орж ирж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн лабораторийн шинжилгээгээр ордоггүй байх нь ээ?

-Тийм.

-Лаборатори техник технологи, хүчин чадлын хувьд хангалттай байж чаддаг уу?

-Яахав олон улсын жишгийг харахад мэдээж тэр хэмжээнд шууд очиж чадахгүй шүү дээ. Монгол Улс өөрөө хөгжиж буй орон. Гэхдээ уламжлалт болон бусад үйл ажиллагааны чиглэлээр дутахааргүй.

-Ачаалал ямар байдаг вэ. Хүний нөөц хангалттай юу?

-Дээр хэлснээр баяр ёслолын үед ачаалал үүсдэг. Бусад тохиолдолд харьцангуй гайгүй. Төрийн үйлчилгээний байгууллага учраас цалин мөнгө маш доогуур нийгмийн баталгаа төдийлөн сайн биш. Тиймээс боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. Дээр нь сүүлийн үед сургуулиудад нарийн мэргэжлийн элсэгч, төгсөгч байхгүй болсон. Тэгэхээр яалт ч үгүй хүний нөөцийн асуудал яригдаж байгаа.

-Хүн амын дундах өвчлөлийг хүнсний аюулгүй байдалтай холбон тайлбар-лаж байна. уг нь хүнсний аюулгүй байдлыг хангах учиртай гол байгууллага нь танайх. Яагаад ийм асуудал байсаар байна вэ. энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Монгол хүний эрүүл мэнд хүнстэй холбоотой асуудал дээр Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох газрууд нягт уялдаа холбоотой байх ёстой. Манай лабораторийн үйл ажиллагаа бол аюулгүйн үзүүлэлтүүдийг л үздэг. Энэ нь шаардлагын түвшинээ барьж байна уу гэдгийг олж тогтоодог.

Үүнтэй холбоотой бусад асуудал бол Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд бодлого гаргах байгууллагууд судалгаагаа хийдэг байх. Бидний хувьд тухайн бүтээгдэхүүн аюулгүйн үзүүлэлтдээ хамаарагдаж байна уу, хэрэв хамаарагдахгүй бол ямар учиртай байна вэ гэдгийг тогтоож өгдөг. Тиймээс бид энэ нь хүний биед хортой гэдэг зүйлийг тодорхойлоод шууд мэдээлэх эрх зүйн боломж байхгүй. MNS/ISO17025 стандартын шаардлагад аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагааг нууцлал хамгаалах асуудал байдаг. Тиймээс шууд олон нийтэд бид зарлах эрхгүй. Тиймээс ЭМЯ болон бусад газруудаар дамжиж бодлогын түвшинд хүрч байдаг.

-Бараа бүтээгдэхүүн бүр стандарт хангадаггүй. асуудлыг та бүхэн ЭМЯ болон холбогдох байгууллагуудад дамжуулдаг гэсэн үг үү?

-Тийм.

-Танайд шинжилгээнд орж байгаа бүх бараа мэдээж тэнцэхгүй нь лав. Хэдэн хувь нь эрсдэлтэй гэж гардаг вэ?

-Манайд нийт орж ирж байгаа шинжилгээний дээжийн 2-3 хувийг эрсдэлтэй үзүүлэлт эзэлдэг. Тухайн гарсан тохиолдлыг гаалийн байгууллага руу мэдэгдээд буцаадаг. Гаалийн байгууллага устгал хийгээд явдаг. Вагонаар нь устгалд оруулах жишээтэй.

-Ямар бүтээгдэхүүн голчлон эрсдэлтэй байдаг вэ?

-Тээвэрлэлтийн асуудлаас л хамаардаг. Зуны халуунд чингэлэгт 50-60 хэмд байсан бүтээгдэхүүн исэлдэж урвалд орох эрсдэлтэй. Ингэснээр хэлбэр дүрсээ алдаж, амт чанар нь өөрчлөгдөнө. Өвөл бол шингэн зүйлүүд хөлдөж буцаад тундасаждаг. Ингээд бүтээгдэхүүн эрсдэлтэй гарахад нөлөөлдөг.

-Дотоодын үйлдвэрүүд ямар вэ?

-Харьцангуй боломжийн. Гэхдээ зарим нэг дамжлагууд дээр асуудал гардаг. Түүнийгээ сайжруулаад явдаг. Тогтчихсон компаниуд бол сайн.

-Манай стандарт олон улсын стандартыг хангаж чаддаг уу?

-Олон улсын ISO-гийн стандартыг л аваад явж байгаа шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

niokbxtpvt [109.70.100.69] 2024-10-24 05:52:42

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

oqscgfgulo [109.70.100.69] 2024-10-24 05:52:41

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.9.46.59] 2023-06-29 15:10:30

монголд эрүүл зүйн микробиологи,вируслоги, хими, хор судлалын лаб устсан. одоо чанар стандартын хэдэн үзүүлэлтээр шинжилгээ хийсэн болоод мөнгө төлбөр нэхдэг, салбар бүрийн харяалал бүхий лаб-ууд харилцан уялдаагүй, нэгдсэн бодлого байхгүй өөр өөр хариу гаргадаг, дүгнэлт хийдэг маш замбараагй байгаа. Нуурын загас үхсэн нь E.Coli-гоос болсон гэх шахуу юм яариад сууж байна.

зочин [202.9.40.41] 2023-06-29 10:51:25

чадахгүй байгаа ш дээ хүнсний дэлгүүрүүд нь бүгд хор зарна жн чипс ,,,,,бэлэн хоол бүгд л хор хойч ү?ийг бол чимээгүй алж байгаа тай адил


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.