Э.БАЯРЗУЛ: ХУУЧНЫ СҮМ ХИЙДЭД ХУРИМЛАХ НЬ ДЭЛХИЙН ЖИШГИЙГ ДАГАСАН ХЭВИЙН Л ҮЗЭГДЭЛ

Aдмин / Нүүр

Чойжин ламын сүм музейн захиргааны нэгжийн дарга Э.Баярзултай ярилцлаа.


-Оюу толгойн ТУЗ-ийн дарга Ж.Тана танай сүм музейд хуримаа хийсэн явдал олон нийтийн шүүмжлэл дагууллаа. Сүм музейд хуримын үйл ажиллагаа болох нь хэвийн үзэгдэл үү?

-Чойжин ламын сүм музей нь Соёлын яамны харьяа төрийн өмчит байгууллага. Тийм ч учраас бүх үйл ажиллагаа нь тушаал шийдвэр, гэрээ контрактын дагуу явагддаг.Орлого, зарлага гэх мэт зүйлс ч мөн шилэн дансанд нийтэд ил тод байдаг. Чойжин ламын сүм музей нь 2019-2020 онд “MCS групп”-ийн санхүүжилтээр үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тохижилтын ажил хийсэн. Энэ нь олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах зорилго бүхий талбайн тохижилт юм.

Иргэдийн зүгээс саяхан хийсэн хуримыг л онцолж хараад байгаа болохоос хэн бүхэнд талбайн үйл ажиллагаа маань нээлттэй. Энд ямар нэгэн хууль зөрчсөн үндэслэл байхгүй. Учир нь музейн тухай хуулийн 7.2-т заасны дагуу “Төсвийн тухай хуульд нийцүүлэн худалдаа үйлчилгээ эрхэлж болно” гэсэн зүйл заалт бий. Талбайн түрээсийн үнэ тариф манай сайт болоод музейн үүдэнд ил тод тавигдсан байгаа. Ирж үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд энэхүү орчныг илүү үнэ цэнэтэй гэж үзэн, хүндэтгэл үзүүлэх гэж ирдэг гэж боддог. Бидний зүгээс хэн нэгэнд давуу эрх олгож, урьж залсан зүйл байхгүй. Хүмүүсийн анхаарлыг татсан тус хуримын тухайд сошиал дээр тавигдсаных нь дараа л бид бүхэн тэр хүнтэй холбоотой мэдээллийг олж мэдсэн. Ямар нэгэн албан тушаалаас үүдэлтэй хуримыг зохион байгуулаагүй. Өмнө нь ч мөн адил манай музейд хурим хийгдэж байсан. Тус хурим нь энэ жилийн хувьд хүлээж авсан анхны хурим.

-Хажууханд нь хуримын ордон байхад сүм музейг онцолж хуримаа хийсэн нь шүүмжлэл дагуулж байх шиг. Иргэдийн энэ шүүмжлэлийг та яаж харж байна вэ?

-Иргэд яагаад эсрэг байр суурьтай байгааг ойлгохгүй байна. Чойжин ламын сүм музей нь сүм хийдийн зориулалтаар бус Соёлын тухай хууль болоод Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заагдсаны дагуу музейн журмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Музей гэдэг нь үйлчилгээний байгууллага, олон нийтийг татан төвлөрүүлж амьтай байх ёстой газар. Тийм ч учраас бид бүхэн улсын төсвөөс үндсэн санхүүжилтээ бүрдүүлдэг. Үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа Соёлын яаманд төвлөрүүлэх ёстой орлогын түвшин гэж бий. Тэрхүү орлогыг бид бүхэн зуны гурван сарын хугацаанд үзвэр үйлчилгээний тарифаар бүрдүүлэх боломжгүй. Үндсэн үйл ажиллагаа, хөтөлбөртэй давхцаагүй тохиолдолд арга хэмжээгээ зохион байгуулдаг. Энэ нь түрээсийн төлбөрөө төлж гэрээ байгуулсны дараа музейн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэн төлбөрийг Төрийн сангийн төсөвт төвлөрүүлдэг. Хуримын үйл ажиллагаа зохиож болно эсвэл болохгүй гэсэн зүйлгүйгээр, бүгд л адилхан түрээсийн үйл ажиллагаа.

Музей бол үйлчилгээний байгууллага. Бусад музей ч мөн адил талбайн түрээсийн үйлчилгээг явуулдаг. Хуримын үйл ажиллагаа хийгдсэнтэй холбоотойгоор хүмүүс хоёр талд хуваагдчихсан байсан. Эсэргүүцэж буй хүмүүс нь музейгээ үздэг байгаасай гэж хүсч байна. Манай музейн нэрийг ч хэлж чадахгүй хүмүүс нэг л их эх оронч болчихсон, цензургүй хандаад байгаа нь харамсалтай.

Хуучны сүм хийдэд хуримлах нь дэлхийн жишгийг дагасан хэвийн л үзэгдэл. Үүгээр дамжуулан өвөрмөц, хүндэтгэсэн дурсамжийг бүтээх гэж хүмүүс бидэнтэй холбогддог.

-Жуулчид танай музейг зориод ирэхэд дотоод үйл ажиллагаатай гэх үндэслэлээр үйлчилгээ үзүүлээгүй гэх гомдол гарсан. Түрээсийн үйл ажиллагааг үндсэн үзвэр үйлчилгээтэйгээ хэрхэн зохицуулан ажилладаг юм вэ?

-Өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдсан хурим нь өглөөний цагаар нэг цагийн хугацаатай зохион байгуулагдсан. Өглөөний цагаар үзвэр үйлчилгээ үзэхээр ирдэг хүмүүс төдийлөн байдаггүй. Харин олон үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд төв хаалгаар үзэгчээ авч өөр хаалгаар нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авдаг. Түрээсийн үйл ажиллагааг үндсэн сан хөмрөг, түүх соёлын дурсгалууд руу оруулалгүй зөвхөн заагдсан талбайд л зохион байгуулдаг. Манай музейд халаалт байхгүй учраас зөвхөн зуны гурван сарын хугацаанд л үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрдүүлж чаддаг. Зуны гурван сарын идэвхтэй хугацаандаа 120 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэх даалгавартай. Ийм хэмжээний орлогыг иймхэн хугацаанд бүрдүүлэх боломжгүй. Гадаа талбайн тохижилтын ажлыг олон нийтэд зориулалттай маш том ажлын хэсгийг гаргаж бүрдүүлж байсан. Музейн ногоон байгууламжийг арчилж тордох тухай улсын төсөвт төсөвлөдөггүй.

Бид бүхэн түрээс, үзвэр үйлчилгээнээс олсон орлогыг Төрийн санд төвлөрүүлэн, Сангийн яам болон Төрийн сангийн зөвшөөрөлтэйгөөр буцаан авч, цэцэрлэгжүүлэлтийн ажилдаа уялдаа холбоотойгоор зарцуулагддаг. Бид бүхэн соёлын өвийг хамгаалах тал дээр хамгийн их анхаарч ажиллаж байгаа хүмүүс. Дур мэдэн үйл ажиллагаа явуулаад байдаг газар биш юм.

-Энэ орлого, зарлага нь яг нээлттэй байдаг уу. Хэсэг хүмүүс төрийн өмчийн объектийг түрээсэлж ашиг олж байна уу гэх хардлага олон нийтэд байна л даа?

-Бүх орлого зарлага нээлттэй байдаг. Хэн дуртай нь ороод үзэхэд нээлттэй. 2001 онд ЗГ-ын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг хоёр га газар байхаар тогтоож түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт бүрэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг. Гэвч тал талаас нь дөрвөн байгууллага зөвшөөрөлгүй газар аваад аль хэдийнээ барилга босгочихсон. Тухайн үед хэн ч юу ч дуугараагүй. Одоо хуримын үйл ажиллагаа болоход гэнэтхэн сүргээрээ дайрч, давшилж байгаа үзэгдлийг ойлгохгүй байна. Одоо шүүмжлэл дагуулаад байгаа үйл ажиллагаа ердөө цагийн хугацаанд л үргэлжлээд тооцоогоо хийгээд л гардаг. Соёлын өвийг хадгалдаг газар учраас хоол, ундны зүйл дотогш нь оруулдаггүй. Бидний зүгээс сүм музейгээ сайн сайхан болгохын төлөө л ажилладаг. Өнөөдөр дайраад байгаа хүмүүсийн дунд музейгээр ирээд соёлтой үйлчлүүлээд гардаг нь хэд бол. Тохижилтын талбайд архи уугаад, тамхи татаад л сууж байдаг.

О.ДАШНЯМ

Б.ЭНХГЭРЭЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.4] 2023-07-05 14:47:20

наад музёй чинь хосгүй ховор үзмэртэй шүү христын сүмдээ хуримлана биз даргыг нь солисон нь дээр байхаа

1000 [202.72.243.174] 2023-07-05 09:43:01

ТҮҮХИЙН ХОСГҮЙ ҮНЭТ ЭД ЗҮЙЛ-ийг арилжааны маягаар ашиглаж болохгүй харин улсын хамгаалалтад авч, хадгалж, хамгаалах байх. Харин яг адил хуулбарыг нь бариад түүгээрээ арилжаа, зар сурталчилгаа, хурим найр, арга хэмжээгээ явуулж ашиг орлогоо олдог зах зээлийн жам байдаг биз дээ. Соёлын яамны түшмэд энэ талаар мэддэг л баймаар даа.

зочин [59.153.86.88] 2023-07-05 08:51:45

монгол улс дарга нарын өрөөг тэр даргын сэтгэлд тохируулхад маш их мөнгө зарцуулдаг жилд гурван дарга солигдоход өрөөг нь гурав дахин иж бүрэн сольж засаж хөрөнгө үрдэг ийм арчаагүй бэртэгчин эрх мэдэлтэнтэй улс .

зочин [59.153.86.88] 2023-07-05 08:45:20

европын сүм хийдтэй адилтгавал тэнд хүмүүс байнга мөргөл үйлддэг сүсэгтэн суух суудлуудтай загалмайнаанаас өөр ховор нандин эд зүйл тавигддаггүй .манай Чойжингийн сүм бол өөр музей болсон ховор надин түүхийн биет зүйл ихтэй байшин барилга болон бүх юм нь эрсдэлд орох магадлал өндөр ийм газар шүү дээ . гадны улсууд ховор нандин дахин давтагдашгүй музейн газраа элдэв шоу зохион байгуулдаггүй биз дээ

Зочин [202.131.225.53] 2023-07-04 16:06:41

biye zasaad geree zas geree zasaad toroo zas gedeg dee

ЗОЧИН [192.82.85.48] 2023-07-04 15:55:37

НАМАЙГ ХЭН Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ТОМ АРТАЙ ХҮҮХЭН ГАР ХӨЛНҮҮДЭЭРЭЭ УЦУУЛЖ БАЙХШИВ !!! ТҮҮХИЙН ХОСГҮЙ ҮНЭТ ӨВ ХЭМЭЭН МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН ТҮҮХ СОЁЛЫН НЭН ҮНЭТ НЭН ХЭВРЭГ БАЙГУУЛАМЖ !!! СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ч БАЙХГҮЙ !!! ХРИСТИЙН СҮМ ХИЙДҮҮДЭД БОЛДОГ ЁС ЗАНШИЛ ТЭНДЭЭ !!! МОНГОЛЧУУДЫН ЁС ЗАНШИЛ ЭНДЭЭ !!! МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН БОЛСОН ШУНАЛТАЙ ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН САЙД , ЗАХИРАЛ ХҮҮХНҮҮДЭЭС ЯАМ САЛБАРАА , МУЗЕЙ ДУРСГАЛАА МЭНД САЛГАЖ АВАХ ЮМСАН !!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.