Х.МӨНХБАЯР: МОНГОЛ НААДАМ БОЛ ӨВӨГ ДЭЭДСЭЭС БИД БҮХЭНД ӨВЛӨН УЛАМЖЛУУЛСАН ОНЦГОЙ СОЁЛ ТӨДИЙГҮЙ ХЯЗГААРГҮЙ ХҮЧ
ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), судлаач Х.Мөнхбаяртай ярилцлаа.
-Монгол түмний их цэнгэл баяр наадам хэзээнээс улбаатай вэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Монгол баяр наадам нэн эртний улбаатай учраас үүссэн цаг хугацаа нь яг таг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гэж зааж хэлэх боломжгүй. Хэдэн мянганы өмнөх нь бүү хэл, сүүлийн зуун жилийнхээ баримтыг бид хадгалж үлдээгүйгээс зарим түүхээ бүрэн тодруулж чадахгүй л байгаа шүү дээ. Гэхдээ баримт дутмаг үед үнэнийг, мэдлэгийг сэргээн тогтоох арга ухааныг хүн төрөлхтөн бодож олсон нь завшаантай. Шинжлэх ухаанд үнэнийг тогтоох хоёр үндсэн аргыг ашигладаг. Эхнийх нь гарт баригдан, нүдэнд харагдаж, чихнээ сонсогдож буй зүйлийг танин мэдэх мэдрэхүйн арга юм. Харин нөгөөх нь сэтгэлгээний түвшинд танин мэдэх арга, өөрөөр хэлбэл, хүний таван мэдрэхүйд илэрч мэдэгдэхгүй байгаа зүйлийг сэтгэн бодох замаар танин мэднэ гэсэн үг. Үүнийг логик сэтгэлгээ ч гэх нь ч бий. Сэтгэж танин мэдэх нь хий хоосноос үүдэхгүй, харин тодорхой зарчим нөхцөлд үндэслэдэг. Үүнээс бодит үнэнд нийцсэн мэдлэг бүтээхэд танин мэдэхүйн сэтгэлгээний арга чухал гэдгийг харж болно. Тиймээс бид энэ аргаар Монгол наадмын үүсэл хөгжлийг сэргээн шинжилсэн.
Сүүлийн үеийн археологичдын судалгаанаас үзэхэд одоогоос 3000-4000 жилийн өмнө монгол нутагт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй буй болсон байна. Ялангуяа, 3000 гаруй жилийн тэртээ адууг гаршуулж эдлэх болсон нь монгол газрын мал аж ахуйн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн. Нэг газраас нөгөөд хялбархан шилжин, холхи газрыг товчлон нүүдэг монгол мал аж ахуйн энэ л үеэс адууны тусламжтай буй болсон. Тиймээс адуу гаршуулсан үеэс бидний хэлдэг сонгодог нүүдлийн мал аж ахуйн хэв шинж бүрэлдэн тогтсон нь мадаггүй. Нөгөө талаараа хурдан морины уралдаан Монгол наадмыг үзүүштэй сонирхууштай болгож, хаанахын хэний ч баяр бахдалыг төрүүлж, монгол наадмыг монгол наадам болгодог талаас нь харвал манай Монгол баяр наадамд 3000 гаруй жилийн тэртээд монгол морьтойгоо хамт алсын замд гарчээ гэдгийг төвөггүй ойлгоно.
-Монгол наадмыг хөгжлөөр нь дөрвөн үед хуваадаг гэж сонссон. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Дөрвөн удаагийн томоохон өөрчлөлт Монгол наадмын түүхэн хөгжилд гарчээ гэж судалгааны санал маань нийтэд хүрч буйд баяртай байна. Монгол баяр наадмын хөгжлийн дөрвөн үеийг дараах байдлаар тодорхойлж болно. Нэгдүгээрт, аж ахуйн хэв шинжтэй баяр наадам байсан үе. Энэ үед төр улс тогтоогүй байсан ч гэсэн бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нийгэм, эдийн засгийн ялгарал бий болж эхэлж байсан. Тиймээс малыг олноор нь өмчилсөн этгээдүүд өөрсдийнхөө нөлөөг тогтоох, нөгөө олонх нь мал аж ахуйгаа өсгөн хөгжүүлэх ашиг сонирхлоо хангах зэрэг шаардлагаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн оргил болох зуны дунд дэлгэр цагт бөөнөөрөө хуран цугларч, уул овоогоо аргадан тахиж, баярлан нааддаг байжээ. Хоёрдугаарт, Хүннү эзэнт гүрэн байгуулагдсанаар баяр наадмыг төр засаг улс төр, эдийн засаг, соёл, засаглалын ашиг сонирхолдоо ашиглаж эхэлсэн үе. Үүнийг төрийн баяр наадмын түүхэн үе гэж тодорхойлж болно. Энэ үе 1700 он хүртэл үргэлжилсэн. Гуравдугаарх нь шашны баяр наадмын үе. Монголчууд төрийн биеэ даасан байдлаа алдаж, харийн эрхшээлд автсантай холбоотойгоор монгол наадамд гэнэтийн хувиралт гарч, шашны агуулга бүхий наадмууд дэлгэрэн хөгжсөний томоохон нь бидний сайн төсөөлөх Даншиг наадам юм. Хямрал тэмцэл намжиж, улс төрийн явдлаас ангижрахтай зэрэгцэн Бурханы шашныг хүлээн авсан нь ийнхүү Монголд шашны баяр наадам хөгжихөд хүргэсэн. Энэ үе 1700 оноос 1911 он хүртэл үргэлжилсэн. Даншиг наадам 210 гаруй жил хөгжихдөө бид бүхний мэдэх өнгө төрхөө олж, гурван жилд нэг удаа олон түмнийг соронздон татаж, 1000 гаруй бөх барилддаг, гурван насны морь уралддаг, бай нэхий харван хөгжин цэнгэдэг их наадам болсон юм. Дөрөвдүгээрт, үндэсний их баяр наадмын үе буюу одоо бидний ёслон тэмдэглэж буй наадмын үе хөгжиж байна. Энэ үе монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос өнөөг хүртэлх үеийг хамран үргэлжилж байна. Тэр цагаас Үндэсний их баяр наадам үндсэндээ хоёр том бүрэлдэхүүнтэй уялдан хөгжсөн байна. Эхнийх нь Улсын баяр буюу Тусгаар тогтнолын баяр (Independence day), удаах нь үндэсний их баяр цэнгэл наадам (National festival) юм.
Тодруулаад хэлэхэд, Даншиг наадам 1912 оноос зогсож, оронд нь зөвхөн зүүн хоёр аймаг, их шавийг хамарч байсан Арван засгийн наадам улсын чанартай наадам болон хөгжсөн байна. Энэ наадам хэмжээний хувьд их цомхон ч оролцооны хувьд улс нийтийн төлөөллийг хангаж байсан онцлогтой. Арван засгийн наадам болон 1922 оноос эхэлсэн Цэргийн наадам 1925 онд нэгдэн нийлж Улсын наадам болсон юм. Ингээд Улсын баяр болон Улсын наадам хожим нэгдэн нийлж Үндэсний их баяр наадам болсон. Монгол баяр наадмын хөгжлийн энэ дөрөв дэх үе дотроо гурван онцлог бүхий үе шатыг мөн туулжээ. Нэгдүгээрт, улсын баяр болон улсын наадам тусдаа байсан үе. Энэ нь 1911-1930 оныг хамарна. Улсын баярыг хуульчлан тогтоосон өдөр ёслон тэмдэглэж байсан бол Улсын наадамд тогтсон тов байсангүй, тухай тухайд цаг уурын байдал, зуншлагад нийцүүлэн зурхайчийн сонгосон өдөр: долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр тэмдэглэж байжээ. 1931 онд анх удаа хоёр баярыг хамтад нь тэмдэглэсэн. Эхлээд улсын баяраа хийчихээд залгуулаад Улсын наадмаа хийдэг хэв шинж тогтож, 1954 он хүртэл үргэлжилсэн. Гэвч Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт орсноор Үндэсний их баяр наадмын өнөөгийн хэлбэр тогтсон байна. Өмнөх хуульд долдугаар сарын 11 Улсын баярын өдөр. Энэ өдөр бүх нийтээрээ амарна, мөн Улсын наадмын долоон өдөр байна. Тэр өдрүүдэд наадаж цэнгэнэ гэсэн байжээ. Гэхдээ наадам болох өдрүүдийг яг таг хуваарилан заагаагүй байсан юм билээ. Харин Ю.Цэдэнбал даргын шахалтаар 1954 оны намар Хөдөлмөрийн хуульд орсон өөрчлөлтөөр долдугаар сарын 11, 12-ынг Ардын хувьсгалын ойн баярын өдөр болгон тогтоож, энэ өдөр бүх нийтээрээ амрах заалт орсон. Ингэж Улсын наадам болон Улсын баярыг хуулиас авч хаяснаас хойш бид тусгаар тогтнолын баяр цэнгэл наадмынхаа оронд Ардын хувьсгалын баярыг тэмдэглэж байна. Энэ үеэс хойш наадмыг хоёр өдөрт багтааж хийхийн тулд язгуур чанаруудыг нь эвдэж эхэлсэн. Бөхийг цаг харж барилдуулдаг, идэвх үнэлдэг, барьц бариулдаг явдал эндээс эхтэй. Хурдан морины уралдаан, сур харвааны уугуул соёл гэсэн энэ мэтээр их өөрчлөгдсөн.
-Улс үндэстэн бүр өөр өөрийн баяр наадамтай байдаг. Монгол наадам бусад улс орны баяр наадмаас юугаараа илүү онцлог, ялгаатай вэ?
-Манай үндэсний их баяр наадам дотроо хоёр хэсэг агуулгатай гэдгийг түрүүн хэлсэн дээ. Нэг нь тусгаар тогтнолын баяр буюу Independence day. Хоёр дахь нь улс үндэстний уламжлалт баяр цэнгэл буюу National festival. Улс орон бүрд тухайн үндэстний онцлог бүхий энэ хоёр баяр хоёулаа байдаг. Гэхдээ зөвхөн монголчууд бид л энэ хоёр их баяр наадмыг нэгтгэн тэмдэглэдэг. Монгол түмэн ингэж тийм гайхамшигтай баяр цэнгэлийг бүтээсэн байна. Үүгээрээ л Монгол наадам дэлхийд ганц юм.
-Үндэсний их баяр наадам тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Наадам үеийн үед монгол нутаг дээрх үндэстэн угсаатнуудыг нэгтгэн ижилсүүлэх онцгой үүрэг гүйцэтгэж иржээ. Наадам тэмдэглэдэггүй газар Монгол нутагт байхгүй. Нэг цаг хугацаанд ижил зан үйлийг нийтээрээ тэмдэглэж байна гэдэг нь тэр хүмүүсийг соёл, үнэт зүйл, үзэл санааны хүрээнд нэгтгэж байгаа юм. Мөн монголчууд наадмаараа уламжлалт соёлынхоо бүх сайн сайхныг олон улсад дэлгэн харуулдаг. Энэ нь өв соёлоо уламжлуулах арга хэрэгсэл болж байна. Бид жил бүр наадам хийж байгаа нь дэлхийд Монгол гэдэг улсын тусгаар тогтнолыг жил бүр баталгаажуулж тунхаглаж байгаа илэрхийлэл мөн. Манай улсын өвөрмөц нөхцөл байдалд энэ бол маш чухал. Хүннү гүрнийг ч их баяр цэнгэл наадам нэгтгэж байсан түүхэн баримт бий. Монгол наадам бол өвөг дээдсээс бид бүхэнд өвлөн уламжлуулсан онцгой соёл төдийгүй хязгааргүй хүч юм. Монгол түмэн минь сайхан наадаарай.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.42] 2023-07-12 00:23:13
Тэгж их ач холбогдол өгдөг л юм бол бүх юмаа нарийн зохион байгуулж цаг нартай байлгамаар юм. Цаг төллөлт ч байхгүй зах замбараагүй юм хийхээсээ ичдэггүй юм байхдаа салютаа ч цагтаа буудуулчиж чадахгүй. Хүмүүс чихээ дөжиртөл хүлээгээд цаг нь өнгөрсөн болохоор орхиод явцгааж бна
Зочин [74.96.0.11] 2023-07-13 23:41:06
Chi mini dut saluttai salutgvi mongol naadam boldogooroo bolno za