МОНГОЛЧУУДЫН ИХ АМРАЛТЫН ҮЕ ИРЛЭЭ

Aдмин / Нүүр

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС...


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь "Их хурд" болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч "Наадмын дараа намар" хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү "өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр" гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, "яндан хон­гиноод" эхлэнэ дээ. Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө ордог юм байгаа биз. Бү­тэн есөн сарын зуданд нух­луул­сан малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц дугуй­ныхаа хагархай олгойг нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна. Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл улсын хилийн яг торгон ирмэг байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн сонин мэдрэмж, "сиймхий ч гэсэн гэр минь" гэж өмөөрөх, харамлах, бас харуусах сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.193] 2023-07-15 15:28:04

Амрах нь зөв, Дарга нар өөрсдөө жаргаад л явж байна лээ

Солиорол [66.181.183.44] 2023-07-14 22:10:16

Энэ бол солиорол. Хүн гэдэг амьтан биологийн бодгаль, байгалийн хуульд захирагдаж амьдарна. Дээр үеийн Монголчууд байгалийн хуулиа мэддэг түүндээ захирагдаж амьдардаг байсан тул эрүүл саруул байсан. Тэд өнөөгийнх шиг идэж ууж, наргиж наадахаа урьтал болгож байсангүй, харин ч мах өөхөө хойш тавьж, цагаан идээгээ хэрэглэж, ажлаа амжуулж ирсэн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.