Төрийн үйлчилгээний "дабл стандарт"

Aдмин / Нүүр

Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж иргэдэд учрах чирэгдлийг багасгах зорилготой нэгдсэн төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Олон хоног сунжирч цаг хугацаа зарцуулдаг төрийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэнд иргэд талархалтай ханддаг. Гэтэл төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд хоорондоо ялгаатай шаардлага тавьж иргэдэд хүндрэл учруулж байгаа талаар иргэний мэдээллийн дагуу сурвалжиллаа. Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг нэг дор авах боломжийг бүрдүүлж Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Нийслэлд Дүнжингарав, Мишээл, Драгон, зургаан буудал зэрэг салбар төвүүд бий.

Байршил ондоо боловч зорилго чиглэл, үзүүлэх үйлчилгээ нь яг адилхан. Гэсэн хэдий ч үйлчилгээ үзүүлэхдээ тавьж буй шаардлага нь ондоо байгааг иргэд шүүмжилж байна. Тодруулбал, иргэн Б.Одбилэг СБД-ийн зургаан буудал дахь Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөс төрөл садангийн лавлагаа авахаар очжээ. Лавлагаа нь өөрийн төрсөн аавтай “аав хүү мөн” гэсэн утга бүхий аж. Гэтэл төрөл садан гэдгээ батлах хүнтэйгээ хамт ирэх шаардлагатай эсвэл итгэмжлэхтэй байж лавлагаа авах боломжтой гэж Нийслэлийн улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хаана оршин суудгаас үл хамааран тухайн хүн заавал өөрийн биеэр хамт байх эсвэл нотариатоор баталгаажуулсан итгэмжлэхтэй байх шаардлагатай гэж үйлчилгээ үзүүлэлгүй буцаажээ.

Тиймээс тавьсан шаардлагын дагуу итгэмжлэх хийлгүүлэн Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд очиход зардал чирэгдэл болж авсан нөгөө итгэмжлэхийнх нь хэрэгцээ гараагүй байна. Өөрийн болон лавлагаа авах хүнийхээ иргэний үнэмлэхийг үзүүлэн шууд үйлчилгээгээ авчээ. Үүнээс төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд ялгаатай шаардлага тавьж өөр өөр бичиг баримт шаардаж буй нь иргэдэд хүндрэл учруулж байгааг харж болох юм.

Энэ талаар иргэн Б.Одбилэг “Өмнө нь төрөл садангийн лавлагааг Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв дээрээс авч байсан. Тухайн үед лавлагааны 1000 төгрөгийг төлсөн баримт, лавлагаа авах хүмүүсийн бичиг баримтыг аваад очиход асуудалгүй олгож байсан. Төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлага нь бүх нэг цэгийн төв дээр адилхан гэж ойлгоод аавынхаа иргэний үнэмлэхийг өөрийнхөө үнэмлэхтэй хамт СБД-ийн зургаан буудал дах Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд аваад очсон. Гэтэл ааваараа овоглодог хүн аавтайгаа төрөл садангаа батлах лавлагаа авахад хөдөө, орон нутагт байсан ч хамаагүй заавал хамт ирэхийг шаардаж лавлагаа олгоогүй. Төрсөн аав хүү гэсэн мэдээлэл нь иргэний үнэмлэх, улсын бүх бүртгэлийн цахим системд бэлэн байгаа. Цахим үндэстэн хэдий ч цахимаар мэдээллээ шалгах чадваргүй, төв бүр нь ялгаатай шаардлага тавьж иргэдэд хүндрэл учруулж байна. Орон нутагт байгаа хүнээр итгэмжлэх хийлгүүлж зардал чирэгдэл болсон боловч түүнийх нь хэрэгцээ огт гараагүй” гэсэн юм.

Харин энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад “Төрөл садангийн лавлагааг өөрийн ойрын хүмүүс буюу төрсөн аав, ээж, ах, эгч, дүүтэйгээ авахад ямар нэгэн нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр иргэдэд чирэгдэл учруулахгүй байх талаас бодолцож лавлагааг шууд өгөх чиглэл өгдөг. Гэхдээ энэ чиглэл нь заавал шууд өгнө гэж заасан зүйл биш. Харин нагац, авга, өвөө, эмээтэйгээ төрөл садангийн лавлагаа авах болбол итгэмжлэх болон бусад холбогдох бичиг баримт шаардлагатай. Төрсөн аавтайгаа төрөл садангийн лавлагаа авж байгаа бол нэмэлт материал шаардахгүй олгодог” гэсэн юм.

Төрийн мэдээлэл тодорхой байх ёстой. Чиглэл өгдөг ч заавал дагах албагүй гэж хоёр талтай юм ярьж болохгүй. Төрөл садангийн лавлагаа авахад шаардлагатай бичиг баримт, үйлчилгээ үзүүлэх байршил, нэмэлт мэдээлэл зэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст тодорхой бичжээ. Тухайлбал, Төрөл садангийн лавлагааг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх Улсын бүртгэлийн газар, хэлтэс, нэгж болон улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс авах боломжтой гэж заажээ. Лавлагаагаар эцэг, эх, ах, эгч, дүү, ихэр, нагац, авга, үеэл, өвөө, эмээ, ач, зээ, хадам аав, хадам ээж, төрөл садан гэсэн хамаарлыг тодорхойлж олгоно. Лавлагаа авахад хамаарал бүхий иргэдийн бичиг баримт гэж тодорхой зааж лавлагаа авах хүмүүс хамт өөрсдийн биеэр байна гэж огт тусгаагүй байна. Харин шаардлагатай тохиолдолд Архивын ерөнхий газрын хүн амын тооллогын лавлагааг шаардах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

zochin [150.129.142.246] 2023-07-20 06:18:03

Манай БЗД-ийн 25-р хороог 43-р хороо болгон өөрчлөх шийдвэр гарсаны дагуу "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ", иргэний үнэмлэхээ солиулах шаардлагыг хорооноос тавьлаа. За энэ дагуу бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж, өөрөө хөлөө гэмтээсэн байсан тул охиндоо итгэмжлэл хийлгэж, нотриатаар батлуулж явууллаа. Гэтэл Дүнжингаравын нэг цэгийн ажилтан намайг заавал өөрийн биеэр ирэхийг шаардаж, за би ч нөгөө хөл гэмтэлтэй тул такси бариад, хүн амьтанаар өргүүлэн бөөн юм болж өөрийн биеэр очиж гэрчилгээгээ авсан. Гэтэл намайг гэрчилгээ авч байх үед өөр нэг залууд эхнэр нь эмнэлэгт байгаа гэхэд ямар ч итгэмжлэл, элдэв шаардлага тавихгүйгээр баримтыг өгч харагдлаа. Ийм ялгавартай хандаж болох уу?!

Млнгол Улс өөрийн хирээ мэдэх хэрэгтэй. [139.5.216.179] 2023-07-19 22:04:17

Монгол шиг хоцрогдсон улсад "цахим системийн үйлчилгээ" гэдэг чинь шаал ХУДЛАА, ХУУРАМЧ, дүр эсгэсэн зүй. Бид чинь АНУ, Австрали, Европын Хообооны түвшинд хүрсэн үү? ҮГҮЙ. Монгол бол Африкийн дундаж улсын л түвшний улс ш дээ, ж-нь Ангол, Нигер, Мавритани шиг.

Реалист байгаач дээ, засаг аа. [139.5.216.179] 2023-07-19 22:08:06

"Даахгүй нохой булуу цуглуулна" гэдгийн жишээ энд болж байна. Засаг нь БОДИТ боломжоо сайтар ойлгож, түүндээ нийцүүлж элдэв юмаа тохируулж хийгээчээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.