А.Адъяасүрэн: Найзтайгаа эх орныхоо дэвжээнд таарч барилдах сайхан санагдсан

Aдмин / Спорт

Жүдог хүндлэлийн спорт гэдэг. Тиймдээ ч тамирчид нь бусдыг хүндлэх ухаанд суралцсан байх нь бий. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа жүдо бөхийн шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэнг урилаа.

-Та сүүлд Их Дуулгат оролцоод шагналт тавдугаар байрт шалгарсан. Хүрэл медалийн төлөөх барил­даан их сонирхол татаж байлаа?

-Би өнгөрсөн оны сүүлээр бэртсэн. Ингээд дөрөвдүгээр сараас тэмцээнд оролцож эхэлсэн. Их Дуулга чансаа өндөртэй, олимпын оноо олгох тэмцээн шүү дээ. Миний хувьд +78 кг-д зодоглосон. Тухайн тэмцээнд эхлээд Узбексианы тамирчинтай оноолт таарлаа. Зооноос гарахдаа Израйлийн тамирчинд хожигдсон. Харин хүрэл медалийн төлөө Д.Номинзул найзтайгаа барилдаад шагналт тавдугаар байрт шалгарсан.

-Эргээд бодоход Д.Номинзулыг ялах боломж байсан болов уу?

-Би Д.Номинзултай багаасаа хамт бэлтгэл хийсэн. Тиймээс нэгнийхээ барилдааны онцлогийг сайн мэднэ. Найзтайгаа эх орныхоо дэвжээнд оноолт таарч барилдах сайхан санагддаг юм билээ. Би хүрэл медалийн төлөө барилдахдаа өөртөө итгэлтэй байсан. Багахан тактикийн алдаа гаргаад ялагдлаа. Сүүлд бодоход энэ хожигдол том сургамж үлдээсэн гэдгийг онцолмоор байна.

сонин mn

-Таны жинд манай улсаас тамирчин цөөхөн байдаг байх шүү?

-Манай жүдод хүнд жингийн эмэгтэй тамирчин цөөн. Бусад улсад харьцангуй олон бий. Тиймээс би өрсөлдөх тамирчныхаа барилдааны онцлогийг нь судалж багш нараасаа зөвлөгөө авдаг. Би хурдтай барилдахыг хичээдэг. Тамирчин хүн амжилт гаргахад бэлтгэлээс гадна сэтгэл зүй чухал. Би сайн тамирчин болохын төлөө суралцаад л явж байна.

-Одоогоос есөн жилийн өмнө барилдаж эхэлсэн гэсэн. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Би 2019 онд Залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Мөн "Asian Open Taipei" тэмцээнээс хүрэл медаль авч байлаа. Харин 2021 онд “Baku Grand Slam”-д мөнгөн медалийн эзэн боллоо. Өнгөрсөн онд Португалийн тэмцээнээс хүрэл, “Улаанбаатар гранд слам”-аас мөнгөн медаль хүртсэн. “Загребын Гран-При”, “Тушембийн гранд слам”-д тус тус гуравдугаар байр эзэллээ.

-Саяхан жүдогийн шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэлд гарсан гэж сонссон. Хэд хоногийн хугацаанд бэлтгэлд хамрагдав?

-Манай шигшээ багийн тамирчид 15 хоногийн хугацаанд гурван багштайгаа бэлтгэл хийгээд ирлээ. Сурах зүйл ихтэй, туршлага хуримтлуулсан бэлтгэл болсон. Миний жингийн тамирчин цөөн байсан болохоор эрэгтэй тамирчидтай барилдаж, мэхээ давтсан.

-Ер нь шигшээ багийнхаа тамирчдаас суралцдаг байх даа?

-Хүн хамгийн ойр байгаа хүнээсээ л үлгэр дууриалал авдаг. Би шигшээ багийн ах эгч нараасаа суралцсаар ирсэн. Мөн багш нараа хүндэлж тэднийхээ заавар зөвлөгөөг дагадаг. Цаашдаа ч суралцана. Хүн бүрт суралцах зан чанар байдаг. Би эгч нарынхаа барилдааны техник, хувь хүний зан чанараас нь сурч хөгжихийг хичээсээр ирсэн.

-Цаашдын хамгийн том зорилго нь юу вэ?

-Зорилго минь өдий хүртэл шат шатаар ахиад явсан. Хүн мөрөөдөлтэй байж л ирээдүй нь тодорхойлогддог. Ер нь тамирчин хүн бүрийн зорилго олимп, дэлхийн аваргад амжилт гаргах шүү дээ. Миний бодсон том зорилго 2024 оны олимпод амжилттай оролцох. Үүний дараа зорилго минь илүү нэмэгдээд явна. Амжилт бүрийн минь ард байдаг гэр бүл, найзууд, бэлтгэлийн хамт олон, "Апу" компани, "Алдар" спорт хороо, тусалж дэмждэг хүн бүрд баярлаж байгаагаа илэрхийлье.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.63] 2023-07-20 15:55:50

Жүдо хүндлэлийн спорт гэж үнэн үү??? Хоосон тунхагаас хэтрэхгүй л байх шиг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.