ОЛИМПОД ТӨРИЙН ДАЛБААГҮЙ ОРОЛЦСОН ОРОСЫН ХУВЬ ЗАЯАГ МОНГОЛ ДАВТАХ УУ?

Aдмин / Нүүр

Ердөө ганцхан жилийн дараа 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр зуны олимпын 33 дахь наадам Францын Парис хотноо нээлтээ хийнэ. Олимпын наадамд оролцох, амжилт гаргах хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тамирчин бүр хичээж байгаа нь тодорхой.

Олимпын наадмын эрхийн тэмцээнүүд ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилж, оролцогчдын нэрс тодорно. Олон улсын олимпын хорооны гишүүн улс орнууд олимпын наадамд оролцох эрх авахаас гадна дэлхийн допингийн эсрэг дүрмийг дагаж мөрдөж, цэвэр шударга өрсөлдөнө гэдгээ илэрхийлж, нотлон харуулах үүрэгтэй. Үүний тулд тухайн улсын допингийн эсрэг байгууллага, Үндэсний олимпын хороо, Засгийн газар дэлхийн допингийн эсрэг дүрмийг мөрдөж, дүрмийн дагуу ажиллах шаардлагатай.

Манай тамирчид, дасгалжуулагчид төлөвлөгөөнийхөө дагуу тэмцээн, уралдаандаа оролцож, Парисыг зорих эрх нэжгээдийг халааслах нь гарцаагүй. Гэвч Монголын тамирчдын хичээл, зүтгэл, олимпын наадамд оролцох эрх талаар болох том эрсдэл бий болоод байгааг спорт сонирхогч уншигч авгай тантай хуваалцъя.

Дэлхийн допингийн эсрэг Агентлаг /World Anti Doping Agency/ нь дэлхийн спортын ертөнцөд допингийн эсрэг үйл ажиллагааг удирдах, зохицуулах, хянах үүрэг бүхий байгууллага юм. Олон улсын спортын бүх байгууллага, үндэсний олимпын хороод, үндэсний спортын холбоод, тамирчин, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд энэ байгууллагаас баталсан Дэлхийн Допингийн эсрэг дүрэм, түүний дагалдах заавал биелүүлэх олон улсын стандартыг биелүүлэх үүрэгтэй.

Эл олон улсын стандартад тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодоос гадна допингийн эсрэг байгууллага нь ямар шаардлага хангасан байх, хангаагүй бол хэрхэх тухай тодорхой заасан байдаг. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль төлөхөөс эхлэн тухайн улсыг олимпын наадам, бусад тэмцээнд төрийн далбаа, дууллаа хэрэглэх эрхийг нь хязгаарлах хүртэл шийтгэлтэй.

Монгол Улсад дэлхийн допингийн эсрэг дүрмийг дагаж мөрдөх, эх орондоо допингоос ангид спорт бий болгохын төлөө ажиллах үүрэгтэй Дэлхийн Допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй, Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллага гэгч төрийн бус байгууллага бий.

Хатуухан хэлэхэд энэ байгууллагын Монголын спортын “эсрэг” хийж буй мэт үйлдлүүдээс шалтгаалан хойтон олимпын дэвжээнд Монголын тамирчид Оросын тамирчдын нэгэн адил төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэй нүүр тулаад байна.

Дүрэм ёсоор энэ байгууллага спортын салбарын байгууллагуудаас бүрдсэн, дэргэдээ хяналтын байгууллагатай, нээлттэй, хамтын удирдлагатай байх шаардлагатай.

Гэвч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь ардын эмч Ж.Хатанбаатар гэх ерөнхийлөгчтэй, түүний хүүхдүүд нь удирдах зөвлөл, ажлын албанд багтдаг, хүргэн нь гүйцэтгэх захирлын албатай, хувийн компани мэт хаалттай байгаа нь хачирхалтай. Бусад салбарт олон төрийн бус байгууллагуудын нэг нь муу ажиллавал тухайн байгууллагын л нэр хүндтэй холбоотой байдаг бол спортын салбарт допингийн эсрэг байгууллага муу ажиллавал улсын нэр хүндтэй шууд холбоотой байдаг маш том муу үр дагавартай.

Үүний хамгийн тод жишээ нь ОХУ болоод байна. Тус улсын допингийн эсрэг байгууллагад төрийн хэт нөлөө орсноос шалтгаалж, тэд олимпын наадамд төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулах эрхээ хасуулсан. Орос тамирчид “Токио-2020”, зуны “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд үндэсний олимпын хорооныхоо далбааг мандуулж, аварга тамирчид нь дууллынхаа оронд Чайковскийн нэгдүгээр симфонийг сонссон. Дөрвөн жилийн хугацаатай шийтгэл нь өнгөрсөн онд арай гэж дууссан ч Украинд зарласан дайнаасаа болоод шийтгэлээ сунгуулчихлаа.

Бид ч бас таван цагаригийн доор жагсаж, төрийн дууллынхаа оронд “Халуун элгэн нутаг”-аа сонсох эрсдэлд хүрэхэд тун ойрхон байна. Учир нь мэдээж бидний шалтгаан нь дайн биш, улс төрийнхний хэт оролцоо ч биш, ердөө допингийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэх ёстой допингийн эсрэг байгууллага нь хаалттай, тамирчдадаа халтай, спортынхоо эсрэг допингийн эсрэг байгууллагынх нь “арчаагүй” ажиллагаанаас болж байна.

Нээлттэй, мэргэжлийн байх ёстой байгууллагыг гэр бүлийн “компани” болгон хувиргасан удирдлагад Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас удаа дараа сануулсны эцэст торгохоос эхлээд эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах, олимпын наадамд төрийн далбаагаа мандуулж, дууллаа эгшиглүүлэхийг хязгаарлах сануулсан захиа өнгөрсөн онд иржээ.

Будаг нь ханхалсан шинэхэн олимпын сайд, олон улсын олимпын хорооны гишүүнтэй болоод байсан цаг дор ийм анхааруулга ирсэн нь ёстой л тэнгэр ниргэх мэт түгшүүрийг Монголын спортын салбарт авчирсан. Харж байгаад эрхээ хасуулахгүйн тулд олимпын сайдын хүчин зүтгэлээр өнгөрсөн 10 дугаар сард ямар ч байсан үндэсний допингийн эсрэг дүрэм буюу тоглоомын дүрмээ баталж, эхний “галыг” ямартай ч унтраав. Харин дүрмээ хэрэгжүүлэх ёстой допингийн эсрэг байгууллага нь дүлий дүмбэ оргисоор...

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийнхөө нэр хүндээр хоёр дахь дайралтыг “цээжээрээ” хаав. Тодруулбал Монгол улсын асуудлыг Дэлхийн допингийн эсрэг Агентлагийн гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг түр ч атугай хойшлуулж чадсан. Улсаа олимпын наадамд оролцуулах гэж чадлаараа хичээж байна, тэд. Харамсалтай нь ажлаа хийх ёстой үндсэн байгуулллага нь таг чиг.

Хамгийн сүүлд ирсэн тун ноцтой мэдээ нь наадмын өмнөхөн Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас ирүүлсэн сануулга юм. Нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул энэ сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан холбогдох байгууллагуудтай биечилсэн уулзалт хийж, шалгахаар тохирчээ. Энэ уулзалтын үр дүнгээс бид олимпод төрийн далбаатайгаа оролцох эрхээ хадгалж чадах эсэх нь тодорхой болно.

ЦААШИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн Допингийн эсрэг байгууллагаас /WADA/ баталсан “Хараат бус байдлын удирдамж” гэсэн бичиг баримт бий. Хамгийн эхлээд допингийн эсрэг байгууллагыг орвонгоор нь өөрчилж, уг дүрэмд нийцсэнээр зохион байгуулах ёстой. Энэ эрх нь Монголын Үндэсний олимпын хороо, Монгол Улсын Засгийн газарт бий. Олимпын хөдөлгөөн, паралимпын хөдөлгөөн, спортын холбоод, тамирчид гээд олон сонирхлын бүлгийг багтаасан байгууллагыг дэлхийн допингийн эсрэг дүрэм, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах нь хамгийн эхний боломжит гарц. Дараагийнх нь мэдээж дэлхийн Допингийн эсрэг дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг баталж өгөх. Ингэж баймааж нь бид төрийнхөө далбаан доор олимпын наадамд оролцож, тамирчдынхаа эрхийг хангаж, хамгаалж чадна.

Наадмын өмнөхөн Монгол Улсын Засгийн газар үүргийнхээ дагуу төсвийн тодотголоор шаардлагатай хөрөнгийг баталсан. Өөрөөр хэлбэл засаг нь үүргээ биелүүлсэн. Одоо харин Олимпын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн байгууллагыг засаглалын хувьд дорвитой өөрчилж чадах эсэхийг л хүлээх үлдлээ....

....Монгол Улс 1962 онд ОУОХ-ны гишүүн болж, түүнээс хоёр жилийн дараа Олимпын наадмын нээлтийн ёслолд жагсаж, бүрэн эрхэт улсаа дэлхийн спортын ертөнцөд тунхаглан зарласан. Үүнээс хойш хоёр аваргатай болж, нэжгээд медалийг олимпын дэвжээнд хүртэж, аялгуу сайхан төрийн дууллаа цуурайтуулж, улс, үндэс, эх орноороо бахархах сэтгэлийг түмэн олонд олгож, огшоосон.

Харамсалтай нь үүнээс хойш 50 жилийн дараа спортын төлөө сэтгэлгүй хэсэг нөхдийн хариуцлагагүй ажлын үр дүнд “Монголын Олимпын тамирчид” нэртэй, олимпын таван цагаригт цагаан тугийн доор жагсах том эрсдэл нэгэнт бодитойгоор тулаад байна.

Хойтон жилийн олимпод ийм “эмгэнэлт” хувь заяаг амсахгүйн тулд Монголын Үндэсний Олимпын хороо, Засгийн газрын шийдэмгий, шийдвэртэй алхам зайлшгүй хэрэгтэй байна. Хэрхэхийг тэд мэдтүгэй.

Т.Өлзий

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.70.37.160] 2023-08-14 14:13:14

Албан тушаалд санаархсан тэнэг Батэрдэнэ гэдэг махан толгойн хийж байгаа ажил гэсэн дээ.

зочин [49.0.130.24] 2023-08-12 12:15:26

нэг бүлийг дийлэхгүй улсаа олимпод оролцуулахгүй хасуулахад хүрч байвал ёстой дэлхийн гутамшиг харин 202.131.225.53 өөрөө жинхэнэ бөгс долоогч пизда

Del [202.55.188.83] 2023-08-11 18:48:31

Цус ойртсон байгууллага шүү дээ түрүү жил их яригдсан шүү дээ арга хэмжээ аваагүй юм байхдаа

Буриад [83.185.44.61] 2023-08-11 15:50:02

Монголд бүх байгууллага хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд байдаг нь гутамшиг юм.

Зочин [202.131.225.53] 2023-08-11 12:00:14

энийг бичээд бичүүлээд байгаа нөхөр өөрөө л харин улсынхаа эсрэг ажиллаад байгаа бусуу тэгж уншшигдаад бна даа, бас баттүшиг цээжээрээ хамгаалсан гээд долоочижээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.