ДЭМБ-ын дэмжлэгээр дөрвөн эмнэлэг ариутгалын хяналтын иж бүрдэлтэй болов
“Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй эмнэлгүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулахад туслах мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдлийг энэ сарын 11-нд гардуулав.
ДЭМБ-аас мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх зорилгоор ”Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030” батлан гаргасан. Энэ хүрээнд тус байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс Бэлвэдэр хэмээн нэрлэгддэг кесарев хагалгаа, лапаротоми\ хэвлийн хөндийн нээлт, мөчдийн ил хугарлын эмчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг иргэнд хоёр цагийн дотор үзүүлэхийг зөвлөмж болгодог.
Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Монголын мэс засалч эмч нарын холбоотой хамтран “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг 2021 оноос Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тариат сумын Эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж буй. Төслийг хэрэгжүүлж буй эдгээр эмнэлэгт ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр гардуулсан уг иж бүрдэл 282.6 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд мэс заслын тусламж үйлчилгээг иргэнд яаралтай үзүүлэхэд чанар, аюулгүй байдлыг хангах, ариутгалын хяналтыг иж бүрнээр нь хийхэд ихээхэн чухал ач холбогдолтойг мэргэжлийнхэн онцолж байлаа.
Сэтгэгдэл